Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Монгол Улсад "COVID-19"-ийн эсрэг вакцин авах 50.7 сая ам.долларыг баталлаа

Огноо:

,

ВАШИНГТОН ХОТ. Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Mонгол Улсад "COVID-19" цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд зориулсан 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг  баталлаа. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм.

Цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны маш хариуцлагатай бөгөөд эгзэгтэй цаг мөчид уг санхүүжилт батлагдаж байна. Монгол Улс цар тахлын дэглэлтээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр шийдэмгий арга хэмжээг 2020 оны эхнээс авч хэрэгжүүлж ирсэн билээ. Халдварын тоо тус улсад харьцангуй бага байгаа хэдий ч дотоодын халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цааш үргэлжлүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх болон вакцин зэрэг нь нэн чухал зорилтууд болоод байгаа юм.

Энэхүү батлагдсан нэмэлт санхүүжилт нь хүн амынхаа 60-с доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, "COVID-19"-ийн эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлнэ.  Дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхийг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсч байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлүүдийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлнэ.

“Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсын нийгэм эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад найдвартай, үр дүнтэй вакцин чухал үүргийг гүйцэтгэнэ” гэж Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Андрей Михнев тэмдэглээд “Өнөөдөр батлагдсан энэхүү нэмэлт санхүүжилт нь "COVID-19"-ийн эсрэг вакциныг эрх тэгш нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тогтолцоог цаашид улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэв.

Олон талуудын хүчин чармайлтаар хэрэгжиж буй ACT-A, COVAX зэрэг хөтөлбөрүүдийн санаачлагчдын нэг болох Дэлхийн Банк нь вакциныг өргөнөөр нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын чадавхийг дэмжих тал дээр идэвхтэй ажилласаар байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сантай нягт хамтран ажиллаж байна.

2020 оны 4 дүгээр сард батлагдсан Mонгол Улсад "COVID-19" цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөл нь нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг гурав дахь шатлалын гурван төв эмнэлэг болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нийлүүлэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэхэд зориулагдаж байна гэж Дэлхийн банкнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох