Цаг үе
Аппле компанийн авлигын эсрэг иж бүрэн бодлого
Өнгөрсөн долоо хоногт Аппле компани нийцлийн өргөн хүрээтэй сэдвийн бодлогын баримт бичгүүдийн линк буюу холбоосыг агуулсан шинэ ёс зүй, нийцлийн сайтынхаа нээлтийг хийлээ. Тус компанийн авлигын эсрэг бодлогод зарим сонирхолтой заалтуудыг багтаасан байна.
1. Хөнгөвчлөх төлбөрт тавигдах хориг
Хөнгөвчлөх төлбөр нь Засгийн газраас байнга хэрэгжүүлдэг үйл ажиллагааны үед тохиолддог хээл хахуулийн төрөл юм. Ихэвчлэн анхан шатны түвшний үйл ажиллагааг гүйцэтгэж буй албан тушаалтнууд ийм төрлийн хөнгөлөлт, төлбөрийг авж, ердийн бөгөөд түгээмэл үйлчилгээг үзүүлдэг. Аппле компани ийм төлбөрийг зөвшөөрөхгүй бөгөөд хатуу хориглоно.
2. "Цуу ярианд учир бий." Гуравдагч этгээдтэй холбоотой тодорхой нөхцөл байдалд сэрэмжлүүлэх гурван анхааруулга.
Та гуравдагч этгээд болон туслан гүйцэтгэгч компаниудтай харилцахдаа доорх гурван анхааруулгыг санаж байх хэрэгтэй ба дараах зүйлсийн аль нэгийг олж мэдвэл сэрэмжлүүлэх хэрэгтэй:
o Хээл хахуулийн тухай цуу яриа гарах эсвэл нэр хүндээ хадгалах;
o Төрийн албан хаагчид эсвэл төрийн байгууллагуудтай холбоотой нэхэмжлэх, зардлын нэхэмжлэлийн талаархи нарийвчилсан мэдээлэл, тухайлбал тогтмол дүнтэй төлбөрийн хүсэлт, том дүнтэй төлбөрийн хүсэлт, эсвэл гуравдагч этгээд эсвэл өөр улсаар дамжуулан хийсэн төлбөр;
o Төрийн албан хаагч эсвэл яамтай ойрын холбоотой байх, эсвэл тусгай зөвлөх эсвэл нэмэлт үнэ цэнэ багатай зөвлөхөөр ажиллуулахыг шаардах.
3. Төрийн албан хаагч нь өргөн цар хүрээтэй ойлголт.
“Төрийн албан хаагч” гэж төрийн чиг үүргийг гүйцэтгэж, төрийн хөрөнгөөр цалинждаг хүнийг хэлнэ. Үүнд орон нутаг, муж/аймгийн удирдлага, үндэсний Засгийн газар, олон улсын байгууллагад ажилладаг хувь хүмүүс, төрийн өмчит сургууль, эмнэлгийн албан хаагчид, төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтнууд багтана. Ийм байгууллагын ажилтнуудыг ямар албан тушаалд ажиллаж байгаагаас үл хамааран төрийн албан хаагч гэнэ.
4. Төрийн албан хаагчдын хоолны зардлын хязгаарлалтыг улс бүрээр харуулсан хүснэгт.
АНУ-ын төрийн албан хаагчид болон албан тушаалтнуудад зарцуулах хоолны зардал нь АНУ-ын төрийн албан хаагчдын албан ажлаа гүйцэтгэх үеийн хоолны зөвшөөрөгдөх хязгаарыг улс бүрээр харуулсан хүснэгтэнд нийцсэн байх ёстой.
5. Төрийн албан хаагчдын томилолтын зардлыг зөвшөөрдөг боловч үүнийг урьдчилан баталсан байх ёстой.
Холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн нөхцөлд Аппле компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, танилцуулах, тайлбарлахтай шууд холбоотойгоор төрийн албан хаагчид болон албан тушаалтнуудын томилолтын зохих зардлыг төлж болно. Гэхдээ томилолтын зардлыг зохих журмын дагуу урьдчилан баталсан байх ёстой.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
