Улстөр нийгэм
УИХ-ын Тамгын газрынхан 2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангаа хэлэлцлээ
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан, Дэд дарга Э.Баттулга нар (2021.03.09-10) УИХ-ын Тамгын газрын газар, хэлтсүүдийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хоёр өдрийн турш сонсож, хэлэлцлээ.
УИХ-ын Тамгын газар нь Хууль, эрхзүйн газар, түүний харьяа Эрхзүйн дүн шинжилгээний хэлтэс, Хуралдаан зохион байгуулах хэлтэс, Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэс; Хяналт шалгалт үнэлгээний газар, түүнйи харьяа Хяналт шалгалтын хэлтэс, Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс; Дотоод аудитын алба, Гадаад харилцааны хэлтэс Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Парламентын судалгааны хүрээлэн гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр Улсын Их Хуралд мэргэжил аргазүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тайлан хэлэлцэх арга хэмжээнд Газар, хэлтсүүдийн дарга нар 2020 оны үйл ажиллагааны тайлангаа илтгэж, удирдлагууд тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авснаас гадна цахимаар оролцсон ажилтнууд санал хүсэлтээ илэрхийллээ.
Зарим газар, хэлтсийн тайлангаас үзвэл Хууль, эрхзүйн газрын хувьд өнгөрөгч онд Байнгын, дэд, түр хороо болон нэгдсэн хуралдаанаар 600 хууль, тогтоолын төсөл, 25 тайлан илтгэл, мэдээлэл, хяналт шалгалтын дүнг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж, нэгдсэн хуралдааныг 63 удаа, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг 226 удаа, Улсын Их Хурлын даргын захирамж, байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 147 ажлын хэсгийн хуралдааныг 303 удаа тус тус зохион байгуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан байна.
Хуралдаан зохион байгуулах хэлтэс гэхэд 148 боть 26.482 хуудас хууль, тогтоолын хувийн хэрэг, 26 боть, 5051 хуудас хуралдааны тэмдэглэл, 35 боть, 6302 хуудас Байнгын хороодын баримт бичиг, мэдээ мэдээлэл, тайлан танилцуулга, 6 боть 1608 хуудас ажилтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөө тайлан, 13 боть 2318 хуудас батлагдсан хууль тогтоолын эхийг архивын нэгж болгон архивт шилжүүлжээ.
Мэдээллийн технологийн хэлтсийн хувьд цар тахлын нөхцөлд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар явуулах техникийн шийдлийг боловсруулан амжилттай нэвтрүүлсэн. Энэ хүрээнд MyParliament цахим системд онлайн санал хураалтын модулийг шинээр нэмж хөгжүүлж, онлайн хэлэлцүүлгийн программыг албан ёсны эрхтэйгээр ашиглаж байна. Мөн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх цахим системийг хөгжүүлэн, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хуулийн төсөл боловсруулах lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд санал авах lawforum.parliament.mn гэсэн 2 дэд хэсэгтэйгээр ажиллуулж эхэлсэн талаар тайландаа онцоллоо.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нийгмийн сүлжээний шинэ сувгуудыг ашиглах, хөгжүүлэхийг чухалчилж, мэдээ мэдээллийн агуулга, хэлбэр, хүртээмжийг нэмэгдүүлэхийг 2020 оны гол зорилтоо болгон ажилласны зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хууль, тогтоомжийн эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийг үндэсний монгол бичгээр хэвлэж эхэлсэн байна.
Тайлангийн хурал газар, хэлтэс, нэгжүүдийн хувьд харилцан бие биенийхээ үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн, нэг нэгнээ сонссон, шинэ санал, санаачилга гаргасан, өнгөрсөн оны алдаа, оноогоо хэлэлцэж, ирэх жилүүдийн зорилго, төлөвлөгөөгөө дэвшүүлж, үйл ажиллагаагаа уялдуулах боломжийг олгосон, үр дүнтэй арга хэмжээ болсныг Тамгын газрын удирдлагууд онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ
Улстөр нийгэм
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
|
Хуралдаан
10:00
|
Танхим
Их хуралдай
|
Хэлэлцэх асуудал
15
|
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Бусад
Улстөр нийгэм
Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо
Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.
Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.
Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.
Энэхүү тушаал хэрэгжсэнээр:
- Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
- Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
- Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
- Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
- Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
- Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
- Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
- Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.


