Шударга мэдээ
Д.Сумъяабазар: Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд хязгаарлана
Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн. Улмаар Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа. Тэрбээр "Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн халдварын тархалтын улбар шар түвшинд шилжсэн хугацаанд 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл шилжүүлнэ.
- Худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулах, ажиллах өдөр, цагийн хуваарьт зохицуулалт хийж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
- Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллах ёстой.
- Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд (эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) бүрэн хязгаарлаж, хэрэгжилтийг хангана.
- Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх юм.
- Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай (эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил) иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад) тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПСР шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулах, маршрутын бус замын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах чиглэл өглөө.
- Байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, бусад албан хаагчдыг ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллага хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөж байна" хэмээн ярилаа.
Түүнчлэн Улаанбаатар хотод орон нутгаас ирээд байгаа иргэд ПСР шинжилгээ өгч, байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй, мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын харьяат иргэд иргэний бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу байнгын оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоогоогүй гэдгийг онцоллоо. Мөн ирэх долоо хоногоос вакцинжуулалты ажлыг эрчимжүүлнэ гэлээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2025/04/07
Хөдөлмөрийн чадвараа алдсан 101 мянган иргэн байна
-
Цаг үе2020/03/27
Ази, Номхон далайн орнуудад COVID-19-ийн улмаас хээл хахууль огцом өсөх магадлал...
-
Цаг үе2023/04/28
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Урлаг спорт2022/01/10
Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
