Үзэл бодол
А.Амарсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлнэ
–Танд Орчин үеийн Зэвсэгт хүчний 100 жил, Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе. Дээд боловсролтой иргэдэд зориулсан бакалаврын хоёр жилийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл хэзээ эхлэх вэ?
-Баярлалаа. Та бүхний энэ өдрийн амрыг эрье. Дотоод хэргийн их сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын 14 хөтөлбөрөөр элсэлт зохион байгуулах тухай Их сургуулийн захирлын 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/69 дугаар тушаал баталсан. Элсэлтийн шалгалтын журамд заасны дагуу бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг хоёр жилийн хөтөлбөрт хамруулж “Цагдаагийн ажил эрх зүй”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Шинжээч мөрдөгч” гэсэн дөрвөн чиглэлээр мэргэшүүлэн сургахаар төлөвлөөд байна. Энэхүү хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08.00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Иймд тухайн хөтөлбөрийг сонирхож буй иргэд Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудсанд нэвтэрч, элсэлтийн бүртгэлд хамрагдахыг зөвлөж байна.
–Тухайн хөтөлбөрт ямар мэргэжилтэй иргэд хамрагдах боломжтой вэ. Хөтөлбөрийн гол шалгуур нь юу бол?
-Дээрх хөтөлбөрт хамрагдаж, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэдийн хувьд өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын дипломын голч дүнг харгалзана. Тухайлбал, өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын дипломын голч дүн төрийн өмчийн сургууль төгссөн бол 2.5, төрийн бус хувийн өмчийн сургууль төгсөгчийн хувьд 3.0-аас доошгүй байна. Энэхүү хөтөлбөрт эдийн засаг, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик статистик, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, хөдөө аж ахуй мал эмнэлзүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалах зэрэг бакалаврын аль нэг чиглэлээр боловсрол эзэмшсэн иргэдийг элсүүлнэ. Эдгээрээс өөр мэргэжлээр төгсөгчийг бүртгэхгүй. (Тухайлбал, эрх зүйн боловсролтой иргэн тухайн чиглэлээр цагдаагийн байгууллагад ажил эрхлэх боломжгүй учраас дахин суралцах шаардлагагүй.) Мөн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сорви, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрх зөв хөгжилтэй байх нь үндсэн шалгууруудын нэг гэж болно.
Хөтөлбөрийн тусгай шаардлагад эрэгтэй, 17-25 хүртэл насны, 170 см буюу түүнээс өндөр, ял шийтгүүлж байгаагүй, иргэдийг элсүүлдэг талаар сануулах нь зүйтэй болов уу.
–Дээрх таны дурдсан мэргэжлийг эзэмшсэн иргэд бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсэн суралцах хугацаанд ямар чадварыг эзэмших вэ?
-Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Хүний хөгжил гэсэн бүлэгт “…Их сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийн ангиллыг элсэлтийн бодлого, ажиллах хүчний тогтолцоотой уялдуулан шинэчлэн үндсэн болон хавсарга мэргэжлээр зэрэг суралцах хөтөлбөрийн системийг бий болгох …”, түүнчлэн “… дээд боловсролын сургалтын байгууллагуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх …” талаар, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “… хууль зүйн чиглэлийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлж, эдийн засаг, бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэнэ.“ хэмээн дурдсан байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сургууль нь “Цагдаагийн ажил-эрх зүй” /D103201/ бакалаврын хөтөлбөрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 03 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлээд байна.
Дээр дурьдсан бодлогын баримт бичиг болон мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн мэргэшсэн төрийн тусгай алба хаагчийг захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэхэд манай сургуулиас хэрэгжүүлж буй хоёр жилийн бакалаврын хөтөлбөр чухал ач холбогдолтой. Өнөөдөр практикт үндэстэн дамнасан зохион байгуулалттай экологи, эдийн засгийн эсрэг болон цахим гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдаалах зэрэг илрүүлэхэд нарийн мэргэжил, мэргэшил шаардах гэмт хэргүүдтэй тэмцэх мөрдөгчид нийгэмд эрэлттэй байна. Иймд мэргэшсэн мөрдөгчдийг бэлтгэх зорилгоор өмнөх эзэмшсэн боловсролд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд богино хугацаанд мэргэшүүлэхээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй иргэдэд зориулан энэхүү хоёр жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийг зохион байгуулж байна.
–Тус хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй, дээд боловсролтой иргэдийг хэзээнээс мөрдөгчөөр бэлтгэж эхэлсэн бэ?
-Дотоод хэргийн их сургууль нь “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлсэн бөгөөд анхны төгсөлтөө 2019 онд хийсэн. Өдгөө төгсөгчид маань цагдаагийн байгууллагуудад үүргээ нэр, төртэй биелүүлж байгаад баяртай байна. Мэргэшүүлэх бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт хамрагдсан суралцагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, криминалистик болон мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг удирдан явуулах, мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, шинжилгээ хийх ур чадварыг эзэмшинэ. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн зөрчилтэй тэмцэнэ. Мөн тухайн хөтөлбөр нь криминалистикийн мэдлэгтэй тодорхой чиглэлээр магадлагаа, дүгнэлт гаргах чадвартай, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд чиглэгдэх юм.
-Шалгуурт тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, бусад нэмэлт шалгалт өгөх талаар журамд тусгасан байсан. Энэ талаар тодруулна уу?
-Элсэлтийн журамд зааснаар эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулна. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэдийг хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан гэсэн таван чанараар эрэмбэлнэ. Тус шалгаруулалтаар 100 онооны 50 хувь буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид дараагийн нэмэлт шалгалтад хамрагдана. Дараагийн сэтгэлзүйн сорил, ярилцлага хийх шалгалтаар сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэн бодох чадварыг шалгадаг. Ингэхдээ мэргэжлийн сонголт, сэтгэлзүйн хандлагын түвшингээр тус тус тодорхойлдог.
-Төгсөгчид цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана гэж байсан. Тэгэхээр ажлын байр нь бэлэн гэж ойлгож болох уу?
-“Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт мэргэшүүлэх хоёр жилийн бакалаврын хөтөлбөрт хамрагдсан төгсөгч нь цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана. Тэд суралцах хугацаандаа цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшдэг. Цагдаагийн ерөнхий газраас онц төгсөгчдийг цагдаагийн ахлах дэслэгч цолоор шагнадаг. Ингэснээр цагдаагийн дэслэгч цолноос цагдаагийн ахлах дэслэгч цол хүртэлх гурван жилийн хугацааг хэмнэх гэх мэт давуу тал үүснэ. Мөн өмнө нь дээд сургууль төгссөн иргэн суралцах арга барилын хувьд тогтсон байдаг тул давуу тал олонтой гэж болно. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцахаар төлөвлөж буй дээд боловсролтой иргэд аливаа аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг мэргэшүүлэх чиглэлээр богино хугацаанд цагдаа, мөрдөх албаны эрдэмд шамдана суралцана гэдэгт итгэлтэй байна.
Үзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Үзэл бодол
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,
Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750 ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.
Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн.
Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Үзэл бодол
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.
Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

