Улстөр нийгэм
О.Мөнхжаргал: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бонд хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө
Эх сурвалж: Ц.Баасансүрэн /Өдрийн сонин/
“Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн зах дээр “Эрдэнэс” бонд гаргаж, хоёр их наядын төгрөгийн санхүүжилт татахаар ажиллаж эхлээд буй. Эхний ээлжийн арилжаа гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
Бондын хүүний тухайд төгрөгөөр авбал 10 хувь, доллароор бол 6.8 хувийн хүүтэй байх нь. Бүр тодруулж хэлбэл аль аль нь хадгаламжийн хүүгээс өндөр гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Иргэдийн хувьд банкин дахь долларын хадгаламжийн хүү хоёр хувиар тооцогдож байгаа. Тиймээс “Эрдэнэс” бондын арилжаанд оролцвол даруй 4.8 хувиар илүү өгөөж ашиг хүртэнэ гэсэн үг. Бондын хугацааг хоёр жилээр тогтжээ. Өндөр дүнтэй захиалга өгөх боломжтой хоёр хэсэг бий гэж хөрөнгийн захынхан тодотголоо. Эхнийх нь банкууд, хоёр дахь бүлэг нь хадгаламж бүхий иргэд. Банкууд өнөөдрийн тухайд илүүдэл мөнгөө төв банкны үнэт цаасанд зургаан хувийн хүүтэй байршуулж буй. Бондын арилжаанд гадныхан оролцох боломжтой гэнэ. Бондын арилжаанд оролцохыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компанидаа хандахад л болох нь. Утсаар, онлайнаар захиалга өгч, бонд худалдаж авч болох юм байна. 1072 хувьцааны дансаа нээлгэсэн хүмүүсийн тухайд шинээр данс нээлгэх шаардлагагүй, нээлгэчихсэн дансандаа мөнгө байршуулж арилжаанд оролцох боломжтой хэмээн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хэлж байна. “Эрдэнэс Таван толгой”-н бонд 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй байна.
“Эрдэнэс Таван толгой” компанийн бонд тойрсон асуудлаар “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” бол төрийн өмчит компани. Тэр утгаараа энэ удаагийн бонд ямартай ч эрсдэл багатай гэсэн давуу талтай байх нь...?
-Тэгнэ. Ер нь Засгийн газрын үнэт цаасыг хамгийн найдвартай гэж үздэг л дээ. Улс тэр чигээрээ дефольт зарлахгүй л бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Засгийн газар 2012-2016 онд үнэт цаас гаргаж, тэр нь хөрөнгийн зах зээлийн тулах багана болж байсан.
Энэ удаа төрийн өмчит компани зах зээлээс мөнгө татах гэж байна. Тэр утгаараа эрсдэлгүй гэсэн давуу талыг хамгийн түрүүнд онцлохоос аргагүй. Товчхондоо аль аль талдаа ашигтай. Бонд худалдаж авсан хүмүүст ч, бонд арилжаалж хөрөнгө татаж байгаа компанид ч. Компани банкнаас бага хүүтэйгээр мөнгө босгоно, хүмүүс банкны хадгаламжийн өгөөжөөс өндөр ашиг хүртэнэ. Бидний хувьд хөрөнгө оруулалтын соёлыг л өөрчлөх гэж ажиллаж байгаа.
Бид хадгаламжинд мөнгөө хийдэг, арилжааны банкаас зээл авдаг энэ тогтолцоогоор сүүлийн 30 жил явлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ том биш. Эдийн засаг маань 30 их наяд байхад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наядаар хэмжигддэг. Банкны актив ч мөн 30 их наяд шүү дээ. Тэгэхээр монголчууд өнөөхөндөө арилжааны банкны системээр 100 хувь явж байна гэсэн үг.
-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг иргэд эзэмшдэг. Хөрөнгө оруулалт татаж, өгөөж ашгаа нэмэх хэрээр 1072 хувьцааны өгөөж ч дагаад өсөх нь ээ?
-Та зөв харж байна. Иргэдийн эзэмшдэг хувьцааны өгөөж дагаад өсөх давуу талтай. Тэгэхээр энэ удаагийн бондын өгөөжийг улсаараа хүртэнэ гэсэн үг. Мэдээж ойрын арав гаруй жил “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт өндөр хэмжээгээр өсвөл 1072 хувьцаа эзэмшиж байгаа хүний ногдол ашиг өснө.
Нүүрс үнэ цэнтэй, хэрэгцээтэй байх үед борлуулалт өсөж Монголын төгрөгийн валютын урсгал өснө гэсэн үг л дээ. Экспорт өсөх тутам Монголын эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь тодорхой.
-“Эрдэнэс Тавантолгой” хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөө юунд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бол?
-"Эрдэнэс Тавантолгой” компани цаашдын гурван жилийн төлөвлөгөөгөө танилцуулж байгаа. Угаах үйлдвэр барина, дэд бүтцээ хөгжүүлнэ. Дэд бүтцээ хөгжүүлчихвэл борлуулалт нь дагаад өсөх нь тодорхой. Жилдээ 30 сая тонн нүүрс борлуулна гэж байгаа шүү дээ.
-Энэ удаагийнх нээлттэй бонд гэсэн тодотголтой байгаа. Нээлттэй бонд хамгийн ашигтай зөв хувилбар мөн үү?
-Хөрөнгийн зах зээлийн хамгийн эрүүл хувилбар. Нээлттэй бондын гол ялгаа нь хөрөнгийн биржээрээ дамжиж зарагдана. Гэхдээ хөрөнгө оруулагчид мөнгө нь хэрэгтэй болвол бирж дээр бондоо зараад мөнгөө авчихаж болно. Бусдаар бол хамгийн найдвартай тогтвортой хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Ер нь бол цагаа олсон бүтээгдэхүүн.
Хадгаламжийн хүү буурсан байгаа үед төрийн өмчтэй, Монгол улсын иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг, сүүлийн таван жил бизнес моделоо баталчихсан, нүүрсээ арван доллараар олборлоод 60 доллараар зарж хангалттай мөнгө хийж яваа компани ийм бонд гаргана гэдэг хаана хаанаа ашигтай шийдэл л дээ.
-Хоёр их наяд гэхээр том дүн сонсогдоод байх юм. Энэ хэмжээний мөнгө зах зээлээс цуглах боломжтой юу?
-Хоёр их наяд гэсэн том дүн сонсогдож байж магадгүй. Гэхдээ банкны хадгаламжийн хэмжээ 20-30 их наяд руу дөхөж байгаа. Энэ бол иргэдээс бүрдсэн хадгаламж. Өөрөөр хэлбэл зах зээлд хангалттай бэлэн мөнгө байна гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьд өмнө нь “Чалко”-гоос 500 сая ам.доллар татаж байсан бол өнөөдөр дотоодоосоо хөрөнгө татаж төслийнхөө ашгийг нэмэгдүүлэх гэж байгаа нь бас л том давуу тал шүү...?
Бидний хувьд арай өөр төвшинд хүрсний шинж л дээ. Гаднынхнаас мөнгө хүсч “Чалко”-гоос 500 сая ам.доллар авч байсан үе тодорхой хэмжээнд өнгөрөөд байна. Монголчууд өөрсдөө дэд бүтцийнхээ том төслийг санхүүжүүлэх тухай ярьж байна гэдэг яалт ч үгүй том давуу тал.
“Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалко”-гоос 500 сая ам.доллар аваад яасныг бүгд мэдэж байгаа. Харин энэ удаа “Монголоосоо мөнгө босгоё, хөрөнгө оруулалт хийгээд өгөөжийг нь та хүрт” гэж байна. Тэгэхээр хоёр жилийн дараа энэ төсөл сайн хэрэгжээд ирвэл иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны өгөөж өсөх нь тов тодорхой асуудал. Засгийн газар, “Эрдэнэс Таван Толгой” хоёр бондоо гаргая гээд зарлачихлаа. Одоо монголчуудад бондоо худалдаж авах ажил л үлдээд байна.
-Хадгаламжийн хүүгээс өндөр өгөөжтэй гэхээр банкинд мөнгөө хадгалуулсан иргэд олноороо сонирхох л юм байна...?
-Хадгаламжийн хүү буурчихсан, дунджаар 8.5 болсон гэж тооцвол арван хувийн татвараа хасаад 7.6 хувь руу орчихож байгаа юм. “Эрдэнэс” бондын хувьд арван хувиар гарч байгаа.
Татварын шинэ хуулиар нээлттэй бондын хувьд арван хувь биш таван хувийн татвар авна. Арван хувиас таван хувийг хасахаар 9.5 хувь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ бондын бодит өгөөж 9.5 хувь. Дахиад хэлэхэд эрсдэлгүй гэдэг утгаараа энэ удаагийн бонд давуу талтай.
-“Эрдэнэс Тавантолгой” ирэх жилүүдэд хэр ашигтай ажиллах нь нүүрсний зах зээлийн өнгө төрхөөс хамаарна. Нүүрсний зах зээл ямар байх бол?
-Нүүрсний зах зээл ямар вэ гэхээс илүү төмрийн зах зээл ямар байх вэ гэдэг нь чухал. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний эрэлт Хятадын гангын үйлдвэрийн хэрэгцээнээс хамаарна гэсэн үг. Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн тухайд гангийн хэрэгцээ өсөх нь тодорхой. Тэгэхээр нүүрсний зах зээл дажгүй байх нь ойлгомжтой.
Хятад улс Австралийн коксжсон нүүрсийг авахгүй байгаа. Уг нь энэ бүхнээс хамгийн түрүүнд өгөөж хүртэх улс нь манайх байсан юм. Гэхдээ бодитой хэмжээгээр хүртэж чадахгүй байна л даа. Гол шалтгаан нь дэд бүтэц. Гэтэл ОХУ өнөөдөр өндөр өгөөж хүртээд эхэлчихлээ. “Эрдэнэс Таван толгой” хөрөнгө оруулалт татаж дэд бүтэцдээ анхаарья гээд байгаа нь цаанаа ийм шалтгаантай. Монголын нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Хятад гээд харахаар ирэх жилүүдэд нүүрсээ дажгүй үнээр их хэмжээгээр борлуулах боломж бүрэн бий.
-Бондын зах зээл зээлийн хүүг буулгах том хөшүүрэг болдог гэж ярьдаг. Манай хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н араас компаниуд бонд гаргаад эхэлбэл хүү буурах бодит нөхцөл үүсэх нь ээ?
-Компаниуд “Эрдэнэс Тавантолгой”-н араас дотоодын зах зээл дээр бонд гаргаад эхэлбэл хоёр л юм болно. Компаниуд банкнаас 15 хувиар зээл авч байсан бол 10 хувиар бонд гаргаад санхүүжилт татчихна. Нөгөө талаас иргэд банкны хадгаламжаасаа илүү хүүтэй бонд худалдаж авах ашигтай. Бондын зах зээл томрох тусам хөрөнгө оруулалтын сангууд илүү их худалдан авалт хийж эхэлдэг. Одоохондоо бол нээлттэй бондууд цөөхөн л дөө.
Хөрөнгийн зах зээлд компанийн нээлттэй бонд бараг байхгүй. 2017 онд “Сүү” бонд гэж гаргахад зургаан тэрбум л байсан. Нэг жилийн бонд байсан учраас дуусчихсан, одоо хөрөнгийн зах зээл дээр байхгүй гэсэн үг. Засгийн газрын ихэнх үнэт цаас энэ жил дуусч байгаа. Тэгэхээр бондууд байхгүй гэчихэж болно. Бондын зах зээлийг харвал Япон, Солонгост бонд гаргаж хүүгээ бууруулсан тодорхой хэмжээний түүх байдаг.
Манай улсын хувьд арилжааны банкны системээсээ хэсэг хэсгээр өөрчлөгдөж эхлэх гээд байна гэсэн үг л дээ. Томоохон компаниуд Монголын хөрөнгийн зах зээл жижигхэн байна гээд бонд гаргадаггүй. “Эрдэнэс Таван толгой” зориод бонд гаргачихсан байгаа тохиолдолд араас нь бонд гарах өчнөөн боломж нээгдэнэ. Тэгж байж хөрөнгийн зах зээл хөгжинө.
Улстөр нийгэм
Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ
Улстөр нийгэм
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
|
Хуралдаан
10:00
|
Танхим
Их хуралдай
|
Хэлэлцэх асуудал
15
|
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Бусад
Улстөр нийгэм
Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо
Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.
Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.
Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.
Энэхүү тушаал хэрэгжсэнээр:
- Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
- Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
- Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
- Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
- Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
- Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
- Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
- Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.


