Үзэл бодол
Б.Одонтунгалаг: Дэлхий нийтээрээ санхүүгийн боловсролд анхаарч байна
Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай санхүүгийн боловсролын Олон Улсын арга хэмжээний талаар ярилцлаа.
- Юуны өмнө иргэдийн санхүүгийн боловсролын асуудлаар яриагаа эхлэе. Яагаад санхүүгийн боловсролд анхаарч байгаа болон хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү.
- Аливаа улс орны санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд иргэдийн санхүүгийн боловсрол чухал нөлөөтэй байдгийг дэлхий нийтээрээ анхаарч байна. 2000 оны дундаас эхлэн Олон Улсын байгууллагууд манай иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролын түвшинг бусад орныхтой харьцуулсан судалгаанууд хийсэн. Судалгааны үр дүн нь төдий л хангалтай биш гэж дүгнэгдсэн байдаг. Санхүүгийн хямрал нь нэг улсын бус бүс нутгийг хамардаг учраас бодлого боловсруулагчдын хувьд иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролд анхаарах шаардлагатай тулгарсан. Тиймээс ч бодлогын баримт бичгүүдэд онцгойлон энэ асуудлыг тусгах болсон. Тухайлбал, Азийн санхүүгийн хямрал дээр ярья. 1990-ээд оны сүүлийн үеийн санхүүгийн хямралуудын дараа 2000 оноос эхлэн Япон, Голланд, Шинэ Зеланд, Сингапур, Их Британи болон АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх болсон. 2011 онд хөгжсөн болон хөгжиж буй 26 орон санхүүгийн мэдлэг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг бол 2021 онд 129 орон болж тэлсээр байна. Манай улсын хувьд 2016 оноос “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг Монголбанк, Сангийн яам, БШУЯ, СЗХ-той хамтран хэрэгжүүлж байна. Санхүү, эдийн засгийн мэдлэгийг олгох чиглэлээр бид төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр зорин ажиллаж байна.
- Монголбанк төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран “Дэлхийн Мөнгөний Долоо хоног 2021” /Global Money Week 2021/ арга хэмжээг зохион байгуулж буйтай холбогдуулан манай уншигчдад мэдээлэл өгнө үү.
- Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” олон улсын хүүхэд, залуучуудын аяныг 2012 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг уламжлал нэгэнт тогтож, улс орнууд идэвхтэй оролцдог болсон. Энэ хугацаанд нийт 175 улс орны 40 гаруй сая хүүхэд, залууст энэхүү аянаар дамжуулан мөнгөө оновчтой зарцуулах, хуримтлуулах дадал хэвшилд суралцахад чиглэсэн сургалт, мэдлэг мэдээллийг түгээсэн гэсэн тайлант мэдээ бий. Олон нийтийн санхүүгийн харилцаанд энэ жилийн хувьд цар тахлын хөл хорионы улмаас ердийн үеийнхээс өөр нөхцөл байдал тулгарч байна. Ялангуяа гэнэтийн хэрэгцээ шаардлагатай үед мөнгөн хуримтлалтай байх, зардлаа хэмнэж, хүсэл дагасан бус яг л хэрэгцээндээ шаардлагатай хэрэглээнд мөнгөө зарцуулах шаардлага үүсэж байна. Үүнээс гадна, онлайн хэрэглээнд илүүтэй шилжсэн энэ үед санхүүгийн луйварт өртөх магадлал нэмэгдсэн тул эрсдэлээс хэрхэн өөрийгөө болон бусдыг сэргийлэх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөв сонгох гэх мэтчлэн санхүүгийн мэдлэг боловсрол, төлөвлөлт иргэдэд нэн чухал байна. Ийм үед “Дэлхийн мөнгөний долоо хоног”-аяныг улс орнууд хэрэгжүүлж байгаа нь иргэдийг энэ төрлийн мэдээлэлд илүүтэй анхаарал тавих боломжийг олгож байна.
Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Олон Улсын Санхүүгийн боловсролын сүлжээний гишүүн улсын хувьд энэхүү аянд 2013 оноос нэгдэж, дэлхийн нийтийн санхүүгийн боловсролыг түгээх арга барил, стратегийн дагуу иргэдэд санхүүгийн мэдлэг боловсролыг түгээх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирсэн.
Энэ жил “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2021” аяныг “Суралц, Хуримтлуул, Өсгө” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж байна. Манай улсын хувьд Монголбанк, БШУЯ, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Насан Туршийн боловсролын төв болон бусад төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хүүхэд, залуучуудад болон иргэдэд зориулсан арга хэмжээнүүдийг цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахаар ажиллаж байна.
- Тэгвэл энэ жилийн хувьд “Дэлхийн Мөнгөний Долоо хоног” аянаар дамжуулж хүүхэд залууст санхүүгийн боловсролын хүрээнд ямар мэдлэг мэдээллийг илүүтэй түгээх вэ?
- Хүүхэд, залуучуудад бэлэн мөнгөтэй харилцах соёл, хуримтлал болон хэрэглээний шийдвэр гаргалтад туслах мэдлэг мэдээллийг олгоно. Харин насанд хүрэгчдэд сүүлийн жилүүдэд хэрэглээнд нэвтрээд байгаа цахим мөнгө, түүний хэрэглээ болон ялангуяа, блок чейн технологтой холбоотой мэдээлэлд нэлээд тодорхой ойлголтуудыг өгөхөд анхаарч байна. Дашрамд хэлэхэд жил ирэх тусам уг аянд хамтран нэгдэх байгууллагуудын тоо нэмэгдэж, санхүүгийн мэдлэг боловсролыг илүү олон хүнд олгох боломжийг нэмэгдүүлж байна. Ялангуяа, цар тахлын хүнд нөхцөл байдлын үед олон нийтэд шаардлагатай байгаа санхүүгийн мэдлэг боловсролыг олгох сургалт, семинар, мэдээ, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудын тал бүрийн оролцоотойгоор зохион байгуулна гэдэг бол аяны ачхолбогдлыг тал бүртээ ойлгож хүлээж авч буйгийн илрэл гэж бодож байна. Бид хамтраад цаг үеийн нөхцөл байдлаас хамааран цахим талбаруудыг өргөн хүрээнд ашиглан ажиллаж байна.
- “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2021” аяны хүрээнд ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
- Цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг хязгаарлаж байгаа ч бидний зүгээс цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг идэвхтэй ашиглаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнуудад мөнгөн хуримтлал үүсгэхийн ач ходбогдол болон мөнгөө зарцуулахдаа юуны өмнө зайлшгүй авах ёстой эд зүйл мөн эсэхээ тунгаан бодож, шийдвэрээ гаргадаг байхад нь туслах зорилгоор “Мөнгөө хэрхэн удирдах вэ”, “Хувь хүний санхүү ба өрхийн төсөв”, “Зардал ба хуримтлал”, “Цахим мөнгө” зэрэг сэдвээр цахим сургалтууд, уралдаан тэмцээнүүд, мэдлэг олгох зөвлөгөө мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг дамжуулан олгох болно. Нэгдсэн мэдээллүүдээ бид www.mongolbank.mn, www.sankhuugiinbolovsrol.mn сайт болон “санхүүгийн боловсрол” пэйжээр хуудсаараа олгож байна.
- Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк
Үзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Үзэл бодол
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,
Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750 ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.
Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн.
Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Үзэл бодол
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.
Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

-
Улстөр нийгэм2024/06/07
СЕХ: Бүртгэл, цагдаагийн байгууллагад нээлттэй ажиллах чиглэл өгөв
-
Улстөр нийгэм2023/09/19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Руста...
-
Цаг үе2020/12/04
Банкуудад репо арилжаагаар урт хугацаатай санхүүжилт олголоо
-
Улстөр нийгэм2021/03/01
Дэлхийн банк боловсролын хоцрогдлыг арилгах төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв
