Улстөр нийгэм
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсов
Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан энэ сарын 07-ны өдөр болж, Дэд хорооны даргаар шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалан хуралдуулав. Дэд хорооны хуралдаанд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран энэ талаарх мэдээлэлдээ, УИХ-ын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлаж, 2021 оны зургадугаар сарын 09-ний өдөр санал авахаар тогтоосон. Түүнчлэн УИХ-ын мөн өдрийн 08 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхээр шийдвэрлэсэн.
Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэх 22 журам, заавар, аргачлал, хуваарийг баталж, хэрэгжилтийг хангаж байна. Сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны ямар нэг хоцрогдолгүй хэвийн явагдаж байгаа. Сонгууль зохион байгуулах ажлыг Улсын Их Хурлаас өнгөрсөн онд баталж өгсөн төсвийн хүрээнд хэрэгжүүлнэ, төсвийн хувьд ямар нэг хүндрэл байхгүй гэдгийг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 гишүүн буюу нийт 198 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Харин энэ сарын 10-ны өдөр гэхэд сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдах бол ирэх сарын 10-ны өдөр гэхэд хэсгийн 2087 хороог байгуулах юм байна. Сонгуулийн хороодод нийтдээ 21354 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллах аж. Харин Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох 2750 төхөөрөмжийг засварлаж ашиглахад бэлэн болгожээ. Мөн серверийн шинэчлэлтийг сайжруулах, сонгуулийн дүн дамжуулах сүлжээний найдвартай байдлыг хангах, санал авах байруудад байрлуулах хяналтын камеруудыг бэлэн болгох зэрэг бэлтгэлийг хангаж байгаа аж. Сонгуулийн техник, санал тоолох төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг 2600 гаруй хүнээс бүрдэх мэдээллийн технологийн баг хариуцаж ажиллах аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана” гэж заасан. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх талаар хийж буй ажлын талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан танилцуулсан юм.
Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжоор улсын бүртгэлийн байгууллагын хэрэгжүүлэхээр заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 9 бүлэг, 94 арга хэмжээ бүхий ерөнхий төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нийт 96 ажлаас 40 ажлыг бүрэн гүйцэтгэж, төлөвлөгөөний хэрэгжилт 42 хувьтай байгаа, холбогдох бусад ажил, арга хэмжээ цаг хугацааны хуваарийн дагуу хийгдэж байгааг дурдав.

Сонгогчийн бүртгэлийн техник, тоног төхөөрөмжид техникийн үзлэг, тооллогыг энэ оны нэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт ”Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 19.4-т заасан цахим хуудсанд байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн танилцах боломжоор хангана” гэж заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулах цахим хуудасны программ хангамжийг боловронгуй болгох, хөгжүүлэх, сайжруулах ажлыг хоёрдугаар сарын 01-ээс гуравдугаар сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг гарган хүргүүлэхтэй холбоотой дундын мэдээллийн санд ажиллах программ хангамжийг шинээр боловсруулж, Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисст урьдчилсан байдлаар танилцуулаад байна гэдгээ хэллээ.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх, нягтлан шалгах, танилцуулах ажлын хүрээнд хуульд заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэний тоог баг, хороо бүрээр 2021 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар гаргаж, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлжээ. Мөн хуульд заасны дагуу холбогдох журам болон маягт, загварын төслийг боловсруулан гуравдугаар сарын 26-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороогоор батлуулж, улмаар гуравдугаар сарын 29-ний өдрийн 1/2217 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан 2021 оны А 213/38 дугаар тушаал/тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах журам”-ыг энэ сарын 02-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо болон улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлжээ.
Сонгуулийн хэсэг байгуулсан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд нийт 2087 сонгуулийн хэсгийн мэдээлэл үүссэн бөгөөд үнээс орон нутагт 1630, нийслэлд 457 сонгуулийн хэсэг ажиллах юм байна. Сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй, тухайн сонгуулийн хэсэгт хамаарах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх, сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цахим санд тусгажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан 2021 оны А213/38 дугаар тушаал/тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах журам”-д заасны дагуу тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад үнэн зөв, давхардал, зөрчилгүй тусгасан эсэхийг нягтлан шалгаж, сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдсэн. Энэ үндсэн дээр 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 2,159,203 сонгогч бүртгэгдсэн бөгөөд үүнээс 1,142,705 сонгогч нь аймагт, 1,016,498 сонгогч нь нийслэлд бүртгэгдээд байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байрлуулна” гэж заасан. Энэ дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр www.burtgel.gov.mn цахим хуудсанд байрлуулж, энэ талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны цахим хаягаар нийтэд мэдээлсэн. Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангаад байна. Өнөөдрийн байдлаар 4416 иргэн сонгогчийн нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ танилцсан талаар дурдав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, 25.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.” гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн “Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/215 тоот тушаалаар 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сонгуулийн дүнг нийтэд мэдээлэх өдрийг дуустал хугацаанд иргэний шилжилт хөдөлгөөний зогсоохоор зааж, энэ тухай нийтэд мэдээлж ажиллаж буйгаа тодотголоо.
Эцэст нь тэрбээр Ковид-19 халдварт цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан сонгуулийн техник хэрэгслийг сонгуулийн хэсгийн хороодод түгээх, итгэмжлэгдсэн ажилтанд зориулсан сургалтыг танхимаар зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсэх магадлалтай; мөн сонгуулийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа хэвлэх болон биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийг унших төхөөрөмж, бусад дагалдах хэрэгслийг анх 2012 онд авснаас хойш шинэчлээгүй байгаа; Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.7, 60.8 дахь хэсэгт заасан тохиолдолд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч, овог, нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цаасан болон цахим архив үүсгэхээр байгаа заасан хэдий ч сонгуулийн санал авах өдөр сонгогчийн тухай үеийн гэрэл зургийг авах техник хэрэгсэл байхгүй зэрэг хүндрэлтэй асуудал байгааг хэлж байв.
Дараа нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Золжаргал цахимаар оролцож, тус яамнаас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийсэн юм.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтарч байгуулахаар хуульчилсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж явуулах үүрэг бүхий төв комиссыг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа. Төв комисс хоёр удаа хуралдаж, дэлхийн 30 улсад иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг 187 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан тухай тэрбээр дурдав. Гадаад харилцааны яам хуулиар хүлээсэн ичг үүргийнхээ дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад мэдээлэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгөх, тэднээр дамжуулан иргэддээ мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Хамгийн гол нь шууд нислэг хийгдэхгүй байгаа тул саналын хуудсыг заасан хугацаанд цаг алдалгүй хүргүүлэхэд анхаарч, энэ талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж, гарц боломжийг эрэлхийлж байгаа гэдгийг дурдлаа.
Хуулийн дагуу төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүлээх аж. Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны шууд удирдлагын доор сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулах бол салбар комисс нь төв комиссын шууд удирдлагын доор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах юм.
Мэдээллүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, Г.Ганболд нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны яамны төлөөллүүдээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Хуралдааны төгсгөлд Дэд хорооны дарга Г.Ганболд хэлэхдээ, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн гаүруудад саналын хуудсыг саадгүй хүргэх асуудлыг цаг хугацааны хувьд сайн анхаарах, сонгууль зохион байгуулахтай холбоотой танхимын сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар явуулах боломжийг хайх, санал тоолох техник, төхөөрөмжийг алслагдсан, сүлжээгүй орон нутгийн хэсгийн хороодод хэрхэн хүргүүлэх, найдвартай байдлыг хэрхэн хангахад анхаарч бэлтгэхийг сайн хангахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Мөн тэрбээр энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсож танилцлаа. Цаашид тодорхой санал байвал Байнгын хороо, Засгийн газарт уламжилж шийдүүлэх боломжтой гэдгийг хэллээ.
Улстөр нийгэм
Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ
Улстөр нийгэм
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
|
Хуралдаан
10:00
|
Танхим
Их хуралдай
|
Хэлэлцэх асуудал
15
|
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Бусад
Улстөр нийгэм
Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо
Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.
Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.
Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.
Энэхүү тушаал хэрэгжсэнээр:
- Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
- Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
- Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
- Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
- Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
- Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
- Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
- Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.


-
Улстөр нийгэм2021/12/02
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Цаг үе2022/12/23
Энэ онд нийт 238 баг 4G сүлжээнд холбогдлоо
-
Цаг үе2019/08/01
Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хүдэр, Зэлтэр гол үерийн түвшинг 16-87 см давжээ
-
Улстөр нийгэм2021/03/24
Хөгжлийн бэрхшээлтэй 1720 хүүхэд тусгай сургуульд, 5986 хүүхэд энгийн сургуульд ...
