Улстөр нийгэм
“Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, технологийн чиглэлийн хувийн хэвшлийн төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов.
Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Харин салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангүйгээр үнэлэх боломжгүй юм. Иймд “Төрийн их өгөгдөл” төсөл нь энэхүү боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх юм.
Төрийн нэгдсэн их өгөгдлийн сан байгуулснаар хоорондоо уялдаа холбоо бүхий, чанарын шаардлагыг хангасан мэдээлэлд үндэслэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, улмаар салбаруудын хөгжлийн бодлогын үр нөлөөг үнэн зөв тодорхойлох боломж бүрдэж, төсвийн зардал хэмнэгдэж, мэдээлэгчид (мэдээлэл өгч буй иргэн, аж ахуйн нэгж)-д очих ачаалал, мэдээллийн давхардал буурч, мэдээллийн хэрэглэгчид болох төр засаг, аж ахуйн нэгж, судлаачид, иргэд, байгууллагад мэдээлэл нь хурдан шуурхай хүрэх бололцоотой. Мөн мэдээллийг холбож, уялдуулах, боловсруулалт, тооцоолол хийх үйл ажиллагаа хурдан шуурхай, ухаалаг болж, цогц мэдээллийг нэг дороос авах, төрийн бодлого үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрдэг болох ба төрийн шийдвэр өргөн хүрээг хамарч, оновчтой болно. Улмаар урт хугацааны өөр, өөр багц өгөгдлүүдийг холбон уялдуулах, шинжилгээ, судалгааны ажлуудын хамрах хүрээг өргөжүүлэх боломж судлаач нарт бий болно.

Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын дарга үг хэллээ. Тэрбээр баримт, нотолгоо, шинжлэх ухаанд суурилж гаргасан шийдвэр л оновчтой, үр ашигтай, хэрэгжих боломжтой байдаг. Гэтэл бид аливаа шийдвэр гаргахдаа бусад салбар, байгууллагад байгаа өгөгдөлтэй уялдуулж, холбож дүн шинжилгээ хийхгүй байна. Өөрөөр хэлбэл шаардлагатай өгөгдлүүдийг уялдуулан холбож, тухайн бизнес, тухайн салбарынхаа бүрэн зураглалыг харж чадахгүйгээр ерөнхий байдлаар бодлого, шийдвэрүүд гаргаж байна. Ингэснээр бодлого нь үр дүнгүй, өндөр зардалтай, зорилтот байгаа онохгүй байх явдал цөөнгүй гарч байгааг нуух хэрэггүй. Үүний тодорхой жишээ нь хавтгайрсан халамж, оновчгүй төлөвлөлтүүд мөн гэж судлаачид үзэж байгаа юм. Нөгөө талаар төр өөрт байгаа өгөгдлөө бусдад ашиглуулдаггүй, бусдад байгааг ашигладаггүй, яаж ашиглахаа ч сайн мэдэхгүй байгаа нь бидний алдаа юм. Цаашид бид ийм байдлаар удаан явж болохгүй. Улсын Их Хурал хууль тогтоох үйл ажиллагаандаа Их өгөгдлийг ашиглах ёстой гэж үзэж Парламентын судалгааны хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэн Өгөгдлийг системчлэн цуглуулах, түүгээрээ Их Хурлын гишүүдийг хангах үндсэн үүрэгтэй. Зөвхөн өөрт байгаа төдийгүй гаднын улс орнуудын хууль тогтоох үйл ажиллагаанд хуримтлагдсан сайн туршлага, зөв жишээ, шинжлэх ухааны мэдээлэл, баримт нотолгоонд суурилан хууль тогтоохыг бид зорилгоо болгож байна.
Хуулийн төсөл боловсруулах lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд иргэд, эрдэмтэн судлаачдын саналыг авах lawforum.parliament.mn цахим системийг бий болгож, ашиглаж эхэллээ. Энэ мэт аль болох олон өгөгдөл дээр суурилж, түүндээ зөв дүн шинжилгээ хийж чадвал урт настай, хэрэгжих боломжтой, амьдралд нийцсэн хууль гарна гэж бид үзэж байна хэмээн онцоллоо.

Мөн төрийн өгөгдлүүдийг нэгтгэн холбож, төрийн Их өгөгдлийн сан байгуулснаар маш олон төрлийн статистик дүн шинжилгээнүүд гаргаж болно. Энэ нь одоогийн статистикийн мэдээлэл гаргаж буй уламжлалт аргууд буюу тооллого, судалгаа хийх, мэдээ тайлан гаргах зэрэг ихээхэн цаг хугацаа, төсөв зардал гаргадаг ажлыг хялбарчилж, илүү олныг хамарсан, бодит чанартай, сайн нарийвчлалтай, айл өрх, аж ахуйн нэгжид дарамт багатай, шинэ төрлийн статистик бий болгох боломжтой. Хамгийн чухал үр дүн нь өгөгдлийн сангуудыг нэгтгэж дүн шинжилгээ хийснээр нотолгоонд суурилсан, оновчтой бодлогын шийдвэр гаргах тогтолцоо бий болно. Статистикийн мэдээллийн хурд, чанар сайжирна хэмээлээ.

Мөн УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “ Цахим шилжилтэд төрөөс баримтлах бодлого ” , ҮСХ-ны дарга Б. Батдаваа Төрийн их өгөгдлийг ашиглах боломж ба хүрэх үр дүн сэдвээр, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х. Булгантуяа Тогтвортой хөгжил ба цахим шилжилт сэдвээр илтгэл тавилаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр бусад улс орнуудын туршлагаас хуваалцсан юм.

Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа хэлэн, гарц шийдлүүдийн талаарх ярилцлаа. Нэгдсэн санг бий болгоход технологийн шийдэл, зардлыг бодолцож, байгууллагууд чанарын өгөгдөлд анхаарах хэрэгтэйг оролцогчид хэлж байлаа. Мөн өгөгдлийн сангийн байршлын асуудал, нөөц, аюулгүй байдалд онцгой анхаарч мэдээллийг хамгаалдаг төрийн чадварлаг байгууллага байх шаардлагатайгаас гадна мэдээллийн технологийн сайн мэргэжилтэн, хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн асуудлуудын талаар саналуудаа хэлж, ярилцав.
Үүнээс гадна Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцооны асуудлын эрхзүйн орчинг бүрдүүлэх талаар оролцогчид байр сууриа илэрхийллээ.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
