Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Акашагийн мэдээлэл” буюу зөн билгийн орчин...

Огноо:

,

Уншигч та бүхний амралтад зориулж "“Акашагийн мэдээлэл” буюу зөн билгийн орчин..." хэмээх танин мэдэхүйн мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээлэлд итгэх эсэх нь зөвхөн уншигч таны мэдэх хэрэг юм шүү...


Ихэнх паранормаль үзэгдлүүд маш нууцлаг, оньсого мэт байдаг тул орчин үеийн эрдэмтэд ийм үзэгдлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгч чаддаггүй. Зөнтэй зүүд, далдыг харах чадвар, үхлийн тухай амьдрал буюу хойд төрөл гээд л өнөөг хүртэл шинжлэх ухааны тайлбаргүй ч хүн төрөлхтөн итгэл үнэмшилтэйгээр ханддаг үзэгдлүүд олон. Бидний олонх ямар нэг нөхцөл байдалтай тулгарахаараа урьд өмнө энэ явдал болж байсан гэдгийг мэдрэх, мөн гэнэт л толгойд нь элдэв сонин бодол зурсхийн орж ирээд хожмоо энэ нь биелэх тохиолдолтой учирч байсан. Үүнийг далдын ид шид, бурхантай холбон тайлбарладаг. Магадгүй үндэстэн бүр өөр өөрийнхөөрөө нэрлэдэг бурхан гэгч ямар нэгэн зүйл оршин тогтнож байгаа хэмээдэг. Ямар нэгэн зүйл, өөр өөрийнхөө нэрлэж байгаа хэмээсний учир нь дэлхий дээр болж буй бүхий л үйл явдлыг хадгалан үлдэж, тархинд мэдээлэл дамжуулдаг био оронзай байдаг аж. Энэ талаар эртний сэцэн мэргэн, сэтгэгчид сайн мэддэг байжээ.

Зөн билэгтнүүдийн оньсого мэт үзэгд­лүүдийг судалдаг эрдэмтэд тухайн хүмүүс яг тэр мөчдөө хүлээж авахыг хүсч байгаа дүрслэлийг хэрхэн ухамсараа хүлээн авдаг талаараа тайлбарлаж чаддаггүй гэдгийг онцлон өгүүлдэг. Жишээ татахад Мэрилин Монро амиа хорлосон, АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуулийн дүн, зөвлөлтийнхөн анх удаа сансарт хиймэл дагуул нисгэсэн, Берлиний хана нурсан зэрэг олон үйл явдлыг урьдаас зөгнөн хэлсэн Америкийн нэрт зөнч эмэгтэй Жин Диксон “Миний зөгнөлийн гол эх сурвалж нь харах явдал. Үргэлж бүх зүйл нарийн тодорхой харагддаг юм. Түүнийг тайлбарлах шаардлагагүй, үзэгдэл миний өмнө нээгдэж, миний зүгээс ямар нэг хичээл зүтгэл шаардагддаггүй” хэмээн ярьсан байдаг. Үүний зэрэгцээ бүхий л зөн билэгчид мэдэхийг хүсч буй тэр зүйлдээ ан­хаарлаа хичээнгүйлэн төвлөрүүлдэг. Магадгүй энэ нь оюун санаагаараа дамжуулан хүсэлт илгээж байгаагийн хэлбэр байж болох бөгөөд гэхдээ хэнд хандан энэхүү хүсэлтийг тавьж байгаа гэдэг нь мөн л оньсого хэвээр үлдэж байгаа юм.

Харин Америкийн зөн билэгч Эдгар Кейсиг судалж байсан эрдэмтэд арай өөр дүгнэлт хийжээ. Тэрбээр ирээдүйг зөгнөн хэлсэн мэдээллүүдээ “Акашагийн мэдээлэл”-ээс олж “уншдаг” аж. “Акаша” хэмээх ойлголт нь дээд тэнгэрийн мөн чанарыг илтгэх бөгөөд энэ ойлголтыг нэн эртний үед Энэтхэгийн сэтгэгчид ахуйд нэвтрүүлжээ. Энэ­хүү мөн чанар нь огторгуйд болж буй бүхий л үйл явдлыг шингээн, тэмдэглэж авснаар “Акашагийн мэдээлэл” үүсдэг аж. Акаша гэдэг нь огторгуйд тэмдэглэгдсэн бүхий л үйлдэл, үгсийн ул мөр үлддэг агуу том ном гэсэн үг юм. Харин энэхүү “бичлэгүүд”-ийг гагцхүү гэгээрсэн хүмүүс уншиж чаддаг юм байна. ХХ зуунд “Акашагийн мэдээлэл”-ийг судалж байсан Елена Рерих энэхүү үзэгдлийн тухай ийнхүү өгүүлжээ. “Далдыг харах явдал нь ихэвчлэн одоо болон ойрын ирээдүйд хамааралтай байдаг. Харин өнгөрсөн цаг үед хамаарах нь ховор, тэр дундаа алсын ирээдүйн талаар мэдээлэл ирэх нь бүр ховор. Мөн бидний өнгөрсөн амьдралтай холбоотой үзэгдлүүд орж ирэх нь бүр ховор” гэжээ.

Харин орчин үеийн зөн билэгчид “Акашагийн мэдээлэл” мэтийн үзэгдэлд өөр тайлбар олжээ. Тэдний үзэж байгаагаар өнгөрсөн болон ирээдүйн тухай бүхий л мэдээлэл дэлхийг хамарсан эрчим хүч мэдээллийн оронд хадгалагддаг аж. Энэхүү орон зайд бактер үхсэнээс эхлээд галт уулын дэлбэрэлт хүртэл бүхий л үйл  явдал чухал эсэхээс үл хамааран хадгалагдан үлддэг аж. Энэхүү онолыг уламжлалт шинжлэх ухааны эрдэмтэд ч гарган ирсэн гэдгийг энд дурдах хэрэгтэй. Гараг ертөнц дээр асар богино хугацаанд ч гэсэн оршин байсан бүхий л материаллаг объектууд өөрийн гэсэн эрчим хүчний орон болон зохих цацрагтай байдаг.

Энэ нь эд зүйлсийн соронзон орон, газар нутгийн гео соронзон орон, амьд амьтны био орон ба хамгийн гол нь хүний био орон юм. Тэдгээрээс гарч байгаа цацраг нь объектийн шинж чанар  төдийгүй энэ объекттой холбоотой болсон бүхий л үйл явдлын тухай мэдээллээр дүүрсэн байдаг. Энэ тохиолдолд ертөнц дээрх бүхий л зүйл хоосноос үүсдэггүй, хаашаа ч алга болдоггүй, бүгд нэг хэлбэрт оршиж байгаад нөгөөд шилждэг гэсэн энерги хадгалагдах хуулийг санах хэрэгтэй. Тэгэхээр дэлхий дээр явагдаж буй бүхий л үйл явдлын мэдээлэл нь биднийг хүрээлэн байх даяаршлын мэдээллийн оронд орж, тэнд үүрд хадгалагдан үлддэг байх нь.

Даяаршлын мэдээллийн орноос бүхий л боломжит цацрагийн төсөөлшгүй бөөгнөрөл гардаг байна. Тэр бүгд нь материаллаг объект болон цаг хугацааны явцад өөрчлөгдөж буй түүний өөрчлөлтүүдийн тухай тодорхой мэдээллийг агуулдаг аж.  Үүнийг орон зайд, оролцогч бүр нь өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэж байгаа найрал дуу эгшиглэж байгаатай зүйрлэж болно. Гэхдээ энэхүү “найрал дуу” нь маш том аюулыг өөртөө агуулж байдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Учир нь түүний хэсгүүд нь дуу чимээний чичиргээгээрээ бидний тархины долгионы дотоод чичиргээнд ойрхон байдаг аж.

Профессор Д.И.Дубровскийгийн үзэж байгаагаар  даяаршлын мэдээллийн орноос авсан эдгээр импульсуудын боловсруулалт нь бидний мэдрэхүйн дотоод эрхтнүүдээс авсан бүхий л мэдээллийг задлан шинжлэхэд шаардагддаг энергийн алдагдлаас таваас зургаа дахин их энерги шаарддаг аж. Хэрвээ хүн даяаршлын энэхүү орон руу байнга нэвтрэх гарц нээгдсэн бол хүний тархи цахилгаан соронзон бөөгнөрөл дунд учраа мэдэхгүй болох байсан. Гэхдээ цэцэн ухаант байгаль эх бидэнд зориулан серотонин хэмээх найдвартай хамгаалалт бий болгож өгсөн юм. Хүний тархи энэхүү гормоныг тодорхой мэдээллүүдийн дохиог солилцоход зориулагдсан нейронуудын янз бүрийн хэсгүүдийн дотоод холбоонд зориулан ашигладаг байна.

Зөнтэй зүүд бол мэдээллийн дэлхийн банктай холбогдох хамгийн өргөн дэлгэрсэн хувилбар юм. Учир нь серотонин гормон нүдээр харсан дүрслэх үзэгдлийн мэдээллийг харааны төвд дамжуулдаг нейронуудыг боловсруулдаг. Шөнийн цагаар тэдгээр нь ачаалалгүй шахам байдгийн зэрэгцээ мэдрэхүйн дотоод эрхтнүүдээс гарсан дохиог боловсруулахад шаардагддаг дотоод энергийн зарцуулалт буурдаг байна. Энэ үед хүнд серотонин “чимээ” намсаж, мэдээллийг зөвхөн хүлээн авах биш тархины төв боловсруулах боломж олгодог  илүүдэл энерги үүсдэг. Ингэснээр зөнтэй зүүд зүүдэлдэг аж.

Тэгэхээр хүмүүс зүүд биеллээ, зүүдээрээ дамжин ирээдүйгээ харлаа гэж ярилцдаг нь ортой төдийгүй, тархины нарийн үйл ажиллагаатай холбоотой болж таарлаа. Гэхдээ ирээдүйг харах үзэгдэл нь эрдэмтдийн хувьд оньсого болоод байгаа цорын ганц үзэг­дэл биш ээ.

Хүний тайлбарлаж чадахгүй олон үзэгдлүүд хариултаа нэхэн оршин тогтносоор байгаа, хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг гэдгийг батлан нууцлаг үзэгдлүүдийг үгүйсгэх биш ердөө л олон жилийн судалгааны үр дүнд тайлагдашгүй нууцууд тайлалтай нууц болно гэдгийг хүлээх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох