Шударга мэдээ
“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг өглөө.
Баянгол дүүргийн 16 хороо Гандантэгчэнлин хийд орчим нь 55.8 га талбайг хамрах бөгөөд тус хэсэгт 1642 өрхийн 5743 иргэн оршин сууж байна. Мөн 2538 барилга, байгууламж байрлах бөгөөд 174 аж ахуй нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, авто машины засвар, үйлчилгээ эрхэлдэг. Гадаадын жуулчдын хамгийн түрүүнд очиж сонирхдог газруудын нэг бол Гандантэгчилэн хийд юм. Жанрайсэг дуганыг сонирхож орсон жуулчдын тоо 2015 онд 25.000, 2018 онд 30.000, 2019 онд 32.000 болж жилээс жилд нэмэгдэж байна.

2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1568 өрхийн 6740 иргэн оршин суухаар тооцжээ. Ингэхдээ барилгын давхрын дээд хязгаарыг 5 давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 м байхаар төлөвлөсөн байдаг. 2012 оноос “Монголын зүрхэн шүтээн”, “Худалдаа үйлчилгээний гудамж”, “Гандантэгчэнлин хийд орчмын төв хаалгыг бүтээн байгуулах”, “Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах”, “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхова” цогцолбор” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.

Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан иргэд 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байгаа аж. Цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлэх юм.
НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
