Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

Огноо:

,

Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр боллоо.

Тахилгын ёслолын өмнөх орой Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурав. Орон нутгийн удирдлага, сүсэгтэн олон өөр өөрийн одонд залбирал, мөргөл үйлдсэний дараа Аргил цагаан өвгөн тууль хайлснаар одны тахилга өндөрлөв.

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд жавдандаа суун Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Тэрээр “Ганжуур” их хөлгөн судраас адис аван, овооны өмнө гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Үүний дараа туульч Алтайн магтаал хайлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Уул овооны тахилга бол байгаль дэлхийн жам ёстой зохирон, уул усаа дээдлэн ирсэн нүүдэлчин монгол түмний үнэт өв, уламжлал, соёл. Тэнгэр, газар, байгаль эхээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалах, өгөөж хишгийг нь зүй ёсоор зөв хүртэхийн эх болсон өнө эртний сүсэг бишрэл, уул усны тахилга, уламжлалт зан үйлийг тасралтгүй уламжлан хадгалж, үндэсний өв соёл, үнэт зүйлээ үрийн үрд өвлүүлэн бадрааж явах учиртай” гэв. Мөн аймаг, сумдын удирдлагууд ард иргэд, хүүхэд, залууст үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутгийнхаа тахилгат хайрхан, уул, овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр чармайн ажиллахыг сануулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Сутай хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд үүрд хадгалуулахаар хүлээлгэн өгөв.

Энэ удаагийн тахилгыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан цар тахлын халдвараас сэргийлэх дэглэм, журмыг чанд мөрдөж, уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгууллаа.

Монгол Алтайн нурууны мөнх цаст Сутай хайрхан нь байгалийн сайхан, сүр жавхлан бүрдсэн, Алтай нутгийнхны хишиг даллага, сүсэг бишрэл, домог түүх цогцолсон Монгол орны өрнө зүгийг даан сахисан харуул хайрхан юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ

Огноо:

,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болж, улсын төсвийн 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
 
Шав тавих ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар болон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
 
Төслийн хүрээнд 5 блок бүхий цогцолбор эмнэлэг баригдаж байгаа бөгөөд А блокт амбулаторийн кабинетууд,
 
В блокт рентген, компьютер томографийн оношилгоо болон лабораторийн тасгууд,
 
С блокт хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд,
 
D блокт хэвтэн эмчлүүлэх нэмэлт ор, тасгийн хэсэг,
 
Е блокт шарил хадгалах байр (морг) тус тус байрлахаар төлөвлөгджээ.
 
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Өгөөмөр баян дэнж" ХХК ажиллаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү цогцолборыг 2026–2027 онд үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийгдэж байна.
 
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор оношилгоо, эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж өргөжин, Булган аймгийн эрүүл мэндийн салбарын чадавх шинэ түвшинд хүрнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

2026.06.11 /Пүрэв гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
15
Хэлэлцэх асуудал: 15
 
  1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  2. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  7. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  8. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  11. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  12. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  14. “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  15. Бусад
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо

Огноо:

,

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

  • Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
  • Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
  • Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
  • Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
  • Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
  • Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
  • Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
  •  

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох