Улстөр нийгэм
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы энэ сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаан 14 цаг 07 минутад эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахын зэрэгцээ АН-ын зөвлөлөөс өчигдөр Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авсан тул тус зөвлөлийн гишүүдийг хуралдаанд оролцохыг урьсан.
Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн санал болох төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасах саналыг дэмжигдсэн гэж үзлээ.
Түүнчлэн Г.Тэмүүлэн гишүүнээс төслийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь нь дэмжсэнгүй.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан саналыг хэлэлцэв. Тэрбээр, өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулах УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан санал дэмжигдсэн. Ингэхдээ шинэ Ерөнхий сайдын нэрийг оруулж ирэх санал дэмжлэг аваагүй. Үүнтэй холбогдуулан шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал гарна.
Өмнө нь Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэсэн заалт дэмжигдсэн. Тиймээс Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэсэн санал гаргалаа. Хэрэв хугацаа заахгүй бол Ерөнхий сайд томилогдохгүй удах болно. Иймд “шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэсэн” саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжигдсэн хэмээн саналаа тайлбарлалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон 57 гишүүн дэмжив. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, С.Бямбацогт нар дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлж, санал хэлсэн.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 57 нь дэмжив.
УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва нараас билгийн тооллын гэдгийг тодруулж бичихгүйгээр өөрчлөх санал гаргасан тул уг заалтын найруулгыг хянан үзэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ажлын хэсгийнхэнд чиглэл болголоо. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2022/02/08
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Цаг үе2023/08/16
Имарт "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-г ашиглалтад орууллаа
-
Цаг үе2023/10/26
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг олон нийтэд сурталчлах ажил үргэлжил...
-
Цаг үе2023/05/15
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна