Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Хятадын толгой эргэм хөгжил ба Шанхай хот

Огноо:

,

ЗАМ ГҮҮРИЙН ХОТ ШАНХАЙ

 

 

Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөсөн 1990-ээд онд Хятадад Шанхай хотыг шинээр бүтээн байгуулах их ажлын суурь тавигджээ. Загасчин тариачны суурин байсан Пүдун дүүрэгт тэнгэр баганадсан сүрлэг барилгууд босож, өдгөө Азийн Нью-Йорк гэгдэх болсон өндөр, шинэ Шанхай хот ийнхүү 30 жилийн дотор нүд гялбуулан өндийсөн аж. Хуучин Шанхайн төв болж байсан Пуши дүүрэгт ганц ор эзэмшчихвэл Пүдунд гэртэй байснаас илүү хэмээн хөөрцөглөж байсан Шанхайчуудын хувьд өнөөдөр шинэ Пудүнд нэг ортой болох нь Пүшид харштай байхаас ч илүү болж байр нь солигдсон байх юм. Хөгжил гэдэг ийм ажээ.

Пуши гэдэг нь Хуанпү мөрний баруун бие, Пүдун нь зүүн бие. Ерөөс шинэ хуучин Шанхай хотыг зааглагч нь их хотын дундуур урсах Хуанпу мөрөн. Хөх мөрний далайтай нийлж байгаа дээд урсац болох энэ өргөн гол Шанхай хотын төвөөр урсах. Голын дээгүүр арав гаран нүсэр гүүр, доогуур нь мөн тооны нүхэн замууд байх агаад энэхүү их мөрнийг гатлага онгоцоор туулж байсан Шанхайнхан өнөөдөр Хуанпу мөрнөө өдөрт хэдэнтээ дээгүүр доогуур нь давхиж өнгөрөхдөө мөрөн голыг гаталж байгаа мэдэмсрээ ч бүүр гээчихэж. Их усны доогуур тавьсан замаар ФМ хөгжим сонсон машиндаа тухалж зорчихдоо Хятадын бүтээн байгуулалтын хурдыг тархиныхаа бор хальсны гадаргууд наах гэж хичээн зүдэх амьтан надаас өөр алга. Шанхай хотод хөл тавингуутаа л анзаарсан анхны зүйл бол тус хотын зам гүүр. Шанхайг гүүрэн замын хот гэж нэрлэж болмоор. Энэ олон гүүрэн байгууламж, усны дээгүүр доогуур тавьсан зам, хотыг сүлжих өргөн дардан харгуйнууд бол тус газар дахь хөгжлийн анхны төрөгдөл байлаа.

ХУУЧИН ШИНЭ СОЁЛЫН НИЙЛБЭР ШАНХАЙ

Шанхай хот гадаадын колони байх үед Унгарын архитекторч Хюдок Ласла гэгч эрхэм 1918-1947 оны хооронд өрнийн хийцтэй 50 гаруй том барилгын зураг төслийг гардаж 200 гаруй уран барилга бариулжээ. Одоо Ласлагийн байшингууд бүгд музей шахуу соёлын үнэт өв болон гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлахын зэрэгцээ Шанхай хотын түүхийг эрт эдүгээд хүүрнэх онцгой дурсгал болсонтой хаа сайгүй тааралдах. Тухайн үед мэдээж хөрөнгө чинээтэй язгууртнууд гэр хаусуудаа Ласла тэргүүт өрнийн архитекторчдоор захиалан бариулж байжээ. Тэдгээр баяд ноёд, дарга даамлуудын амьдарч байсан гэр орон нь өнөөдөр Лаоянфан хэмээх хуучны хотхон болон хадгалагдаж үлджээ.

БЭЭЖИНД ЮАНИЙ ҮЕИЙН ХУТУНГУУД ХУУЧИН СОЁЛЫН ҮЗМЭР БАЙДАГ БОЛ ШАНХАЙД ЛАОЯНФАНГУУД ЯГ ТЭР ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭНЭ. ЖУУЛЧИД ЁСТОЙ ХӨЛ ТАВИХ ЗАЙГҮЙ БУЖИГНАЖ БАЙХ АЖ.

Өдгөө лаоянфангууд орчин үеийн урлагийн хотхон болжээ. Гадна талыг нь мэргэжлийн урчуудаар сэргээн засварлуулж яг хуучны өнгө төрхөөр нь сайжруулан додомдсон тэрхүү өрнийн сүрлэг байшингуудын дотор засал нь хамгийн орчин үеийн контенперари шийдэлтэй агаад гэрэл зургийн болон уран зургийн урлангууд, уран бүтээлчдийн ажлын байрууд, тохилог этгээд ресторан, хоолны газар, баар, кафе, Хятадын уламжлалт хувцас эдлэлийн дэлгүүрүүд гэхчилэн өнөө цагийн брэндлэг бүхэн тэнд суурьшиж жуулчдын халаасыг нимгэлж суух авай. Харин энгийн иргэдийн амьдарч байсан Тэнзифан гэх мөн тухайн үеийн сэргээн засварласан хороолол маягийн байшинд үзвэрийн газрууд, жуулчдын амрах тухлах аятай таатай үйлчилгээний бүх зүйлийг төвлөрүүлжээ. Шанхайд ирсэн гадаадынхан 30-хан жилд өндийж боссон тэнгэр баганадсан сүрт барилгын “арал” болох Пүдун дүүргийн Люжиазүйг үзэж Шанхайн хөгжилтэй танилцсаны дараа Лаоянфан Тэнзифан гэх мэтийн хуучны соёлын газруудыг үзэхээр хөгсөн тэмүүлнэ. Хуучин соёл төдийгүй шинэ хөгжлийн сүлэлдээн болсон энэ газарт тэд чухам жаргалаа эдлэн, үзэх бүхнээ үзэж халаасаа харамгүй гөвцгөөх ажээ. Шанхайн энэ хэсэг яг л хятадын хуучны кино, шинэ үеийн драма хоёрын дүрс ээлжлэн солигдож байдаг асар том дэлгэц гэлтэй.

ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН ЗАГВАР ШАНХАЙ

Хятадын хөрөнгийн зах зээлийн гол төвлөрөл нь мөн л Шанхай. Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржийн 4100 гаруй том компаний нийт хувьцааны өртөг нь 46 их наяд болж дэлхийд хоёрдугаарт жагсаад байгаа. Хятадад сүүлийн үед хувьцааны зах зээл маш эрчимтэй тэлж байгаа нь зөвхөн өнгөрөгч онд л гэхэд 180 сая хүн энэ талбарт тоглогчоор бүртгэгдсэнээс илэрхий харагдах биз ээ. Үүнээс зөвхөн Шанхайн биржид л гэхэд 3600 компани бүртгэлтэй байна. Хонконгийг оролцуулахгүйгээр Хятадын эх газрын хөрөнгийн зах зээлийн хувьцааны индекс сүүлийн үед байнга өсөж ирсэн юм. Мөн Шанхай хот бол хамгийн том боомт хот. Хятадаас дэлхийд гарч буй бараа бүтээгдэхүүний ихэнхийг эндээс зөөвөрлөдөг. Үүнийгээ дагаад брэндингийн хөгжүүлэлтээрээ л цойлж байгаа. Хуучин цагт Хятад улс хамгийн хямдхан эд барааг хамгийн ихээр нь нийлүүлдэг бөөний худалдааны зартай том сүлжээ байсан бол өдгөө харин дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалж эхлээд байна. Тэдний эдийн засаг сүүлийн жилүүдэд огцом үсрэнгүй хөгжиж байгаагаас хямд юмыг олон ширхгээр үйлдвэрлэх улангаслаа орхиж одоо энд дэлхийг хамгийн үнэтэй чанартай брэндээр хангах зах зээлийн их өрсөлдөөн нэгэнт эхэлжээ.

Дэлхийн хамгийн үнэтэй том брэндийн дэлгүүрүүд ярайж байдаг байсан Шанхайн худалдааны томоохон төвүүдийн павильоныг одоо дэлхийд алдаршиж буй хятад брэндүүд эзэлчихсэн байх юм. Бээжингээс галт тэргээр 20-оод цаг нүдүүлж сэгсчүүлж хүрдэг байсан Шанхайд 4 цаг гаран дотолгоод очдог болжээ. Хурдны төмөр зам хийгээд түүгээр зорчих өндөр хурдны галт тэргүүд нь онгоцноос дутахгүй тав тухтай аж. Дашрамд дурдахад Хятадын өндөр хурдны төмөр замын нийт урт одоо 40-өөд мянган км-т хүрчихээд байгаа. Дөнгөж 2008 онд Бээжин Тяньжинийг холбосон өндөр хурдны анхны зам ашиглалтад орж байлаа шүү дээ. Гэтэл одоо өндөр хурдны төмөр замынхаа уртаар дэлхийд нэгдүгээрт бичигдчихэж. Аан тийм, Шанхайд ирээд мэдсэн хамгийн гайхшрууштай нэг зүйл нь тэндэхийн метро. Чийглэг нанги хөрстэй энэ газарт метро барих нь ямарч боломжгүй гэгдэж, олон орны энэ салбарын мэргэжилтнүүд үүнийг нь зуунтаа, мянгантаа баталж байсан ч хятадууд цөхрөлгүй зүтгэж, инженер техникийн ажилчид нь уйгагүй судалгаа хийсээр метро барих нээлтийн чанартай шинэ технологи олж бүтээн байгуулалтаа хийснээр дэлхийн хамгийн урт метротой хот болжээ. Энэ мэтчилэн үзсэн харсан, сонссон дуулснаа бичвэл дуусахааргүй их сонинтойгоор Шанхайд аяллаа. Хятадын хөгжлийн дүлийрэм олон мэдээллүүдээсээ хальт хульхан хуваалцахад ийм байна.

Сэтгүүлч Б.Занданхүү

Эх сурвалж: mn.cctv.com

 
 
 
 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Огноо:

,

Ардчилсан нам Засгийн газрын гэрээг удаа дараа зөрчсөн гэх асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр тайлбар авлаа. Тэрбээр "МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна. Ч.Лодойсамбуу гишүүн шүүмжилснийг гэрээ зөрчиж байна гэж дүгнэж байгаа юм. Найман жил Монгол Улсыг унтуулсан.

Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.

 
Нэгдүгээрт: АН ажил төрөлтэй болоод бэхжээд байна. Тиймээс АН-ыг бэхжүүлэхгүй байх нь МАН-д хэрэгтэй гэж ярьсан.
 
Хоёрдугаарт: АН-ын гишүүд элдвээр шүүмжлээд байна. Хамтарч байгаа тохиолдолд шүүмжлэл байж болохгүй гэж яриад байгаа юм.
 
Гуравдугаарт: Хуульзүйн яам болоод хяналтын функц АН-д байна. Дарханы Засаг дарга Б.Азжаргалаас авхуулаад бүгд баахан тендерийн хулгай хийчихсэн.

Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.

Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

Огноо:

,

Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ.
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа.


Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно.  Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ. 
Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм.


Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг  2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ.
Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно.
Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө  ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.


-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна.
-Тэгвэл зээлийн "муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно.
Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон.
-Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү?
-Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ.
-Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна?
-Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.

 
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна

Огноо:

,

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.

-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт  200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар  нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.

-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?

-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн  зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр  иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.   Үндсэндээ бол  татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь   бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох