Улстөр нийгэм
Д.Сумъяабазар: Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаас нь дэмжинэ

Богдхан төмөр замын төслийн нээлт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Мааньт өртөөнд өнөөдөр болсон. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн, санаачилж, гарц, шийдлийг эрэлхийлсэн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хотын иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Үргэлжлүүлэн “Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдрах ёстой боловч өдгөө 1.5 саяд хүрч, хотын даац гурав дахин нэмэгдсэн нь иргэдийн амьдралд нэлээдгүй хүндрэл үүсгээд байна. Хотын төвөөр “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 35 км цагийн хурдтай вагоны тээвэрлэлт өнгөрч байгаа нь 120-160 минутын замын түгжрэлийг үүсгэдэг. Үүнээс харахад “Улаанбаатар төмөр зам” нийслэлийн түгжрэлд хэр зэрэг нөлөөлж байна вэ гэдэг нь тодорхой асуудал юм. Түгжрэлийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, Улаанбаатар хотын хаяа, дагуул хотуудыг тэлэх төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж байгаа нь нийслэлийн хөгжилд үнэтэй, жинтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад Богдхан төмөр замын төсөл онцгой ач холбогдолтой бөгөөд хотын даргын хувьд тус төсөл эхэлж буйд туйлын баяртай байна” хэмээлээ. Мөн тэрбээр Богдхан төмөр замын ажил нэг минут ч гацах учиргүй бөгөөд нийслэлийн удирдлагууд тус бүтээн байгуулалтын ажлыг бүх талаас нь дэмжиж ажиллана гэдгийг онцолж байв.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаар “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Тус компани нь Монголын анхны инженеренгийн компани бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд чанарын хяналт үзүүлэн, төлөвлөгөө, технологи зэрэгт заавар, зөвлөгөө өгөн ажилласан. Өдгөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн I зэрэглэлийн, уулзваргүй 240 км төмөр замын цогцолбор төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэгэн адил Богдхан төмөр замын ажлыг мөн адил амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээгээд, бүтээн байгуулалтад хамтран оролцож буй зэвсэгт хүчний байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.