Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд түвшний цахим уулзалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийнэ. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд сүүлийн 4 жилд хийгдэж буй анхны уулзалт юм.
Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирсэн бөгөөд эдүгээ БНСУ нь манай худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон болж, хоёр улсын харилцаа 2011 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд эрчимтэй хөгжиж байна. Энэ удаагийн цахим уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар тохиролцоно.
Цахим уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиглэлүүдийг тодорхойлно. Мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Улстөр нийгэм2025/06/24
Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоол...
-
Цаг үе2020/05/29
Сэтгүүлч нарт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ ...
-
Цаг үе2024/07/24
"Монголын музей-100” нэгдсэн чуулган ирэх 9 сард болно
-
Үзэл бодол2024/03/15
Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн ...