Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

Огноо:

,

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы энэ сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж,  Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа,  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган, ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нараас дараах найруулгын засваруудыг хийж, саналын томьёоллыг бэлтгэсэн гэдгийг онцлов.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийн үеэр Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Нам ...улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг нийслэлийн хэмжээнд бүх хороонд, улсын хэмжээнд бүх аймаг, сумдад зохион байгуулалт, бүтцийн нэгжтэй байхаар ойлгогдож байгаа талаарх шүүмжлэлүүд гарсан. Төслийн уг томьёоллын найруулгаас үүдэн бүх улс төрийн намуудад орон даяар зохион байгуулалт, бүтцийн нэгжтэй байх шаардлага Үндсэн хуулиар тавигдвал улс төрийн намаар талцан хуваагддаг байдал газар авч, түүнээс улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлэх сөрөг нөлөөлөл улам бүр нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.” гэж өөрчлөх найруулгын санал оруулж байна. Ингэснээр төслийн эх бичвэрийн уг найруулга хоёрдмол утга санаа илэрхийлж, буруу ойлгогдож байгааг залруулж байна гэж байлаа. Мөн Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна гэж шууд зааж томьёолсон нь найруулгын хувьд Улсын дээд шүүхээс Шүүхийн Ерөнхий зөвлөлийг захиргааны хувьд удирдах, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож болохоор ойлгогдож байгааг залруулж төслийн үзэл баримтлалд нийцүүлэн “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэж томьёоллоо. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн хангаж буй тухай тайлангаа Улсын дээд шүүхэд явуулах, үүгээр дамжуулан нийт шүүгчид болон олон нийтэд хүргэх механизм болох юм.
 
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр найруулгын өөрчлөлт оруулахаар санал гаргасан болно. Төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн 4 дэх өгүүлбэр нэмэхээр санал гаргасан. Түүнчлэн хэл зүй, хууль зүйн техник, найруулгын засваруудыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.4.3-т заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэсэнг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дурдав.
 

Хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Лхамжав,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нарын Ажлын хэсгийн гишүүд оролцов.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, А.Сүхбат нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэснийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ саналын томьёоллын цаана эдийн засгаа боомилох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх, тэдний үйл ажиллагаанд хязгаар тавьсан асуудал үүсэх эсэх, дийлэнх гэдгийг хэдэн хувь гэж ойлгохыг илүүтэй тодруулж байлаа. Мөн стратегийн ач холбогдол гэдгийг эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий орд газар, эсвэл эрдсийн нөөц орд гэж өөрчлөх, улмаар Үндсэн хуульд гадаад үг оруулахгүй байхад анхаарах гэсэн саналуудыг хэлж байв.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт хариултдаа, Одоо үйлчилж байгаа Үндсэн хуульд байгалийн баялаг төрийн өмч гэж байгаа.  УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд байгалийн баялгаа ашиглахдаа өнгөрсөн 20 гаруй жилийн турш гаргасан алдаагаа засахын тулд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.” гэж тусгасан. Үүн дээр  Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын зарим гишүүдийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа төрийн өмчийн оролцоо 50-иас доошгүй хувь байх ёстой гэсэн санал гаргасан. УИХ-ын дарга төслийг Байнгын хороонд шилжүүлэхдээ эдгээр саналуудыг дараагийн хэлэлцүүлэгт анхаарч, ажиллах чиглэл өгсөн гэдгийг онцолж байлаа. 

Мөн тэрбээр, байгалийн баялгийг ашиглахдаа гадаад, дотоодын бизнес эрхлэгчид, баялаг бүтээж байгаа иргэддээ халтай биш боломж бололцоог нээж өгсөн хувилбар болсон. Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээхэд түлхүү анхаарах агуулгыг бодож “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж ажлын хэсэг томьёолол оруулсныг санал гаргасан 20 гишүүн дэмжсэн. Байгалийн баялгийн үр өгөөж гэдгийг олон талаас нь ярилцсаны дүнд татвар, төлбөр, хураамж, татварын дараах ашиг энэ бүхэн хамаарна. Үр өгөөжийн дийлэнх гэдгийг 50+1-ээс дээш гэсэн утгаар ойлгоно шүү гэдэг дээр ойлголцсон гэж байлаа.

Гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган, ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд оруулах, найруулгын засвар хийсэн саналуудын  талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн есөн саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана ” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн 4 дэх өгүүлбэр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тус тус дэмжлээ.

Түүнчлэн  төслийн 3 дугаар зүлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайлан” гэж өөрчлөх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр найруулан өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 93,3  хувь нь тус тус дэмжив.

Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжснээр чуулганы хуралдаан 15 минут түр завсарлав.

Энэ үеэр тус Байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаан үргэлжиллээ. Төслийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.6.1.-т заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа онцолсон.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул  “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлая” гэсэн  саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүний  58 нь  дэмжив. 

Үргэлжлүүлэн “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 11-ни өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн  тусгажээ.  Түүнчлэн Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.

Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 98,3 хувь нь  дэмжлээ.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ард нийтийн санал асуулгын  зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг гишүүдэд анхаарууллаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох