Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

НОК УИХ-ын Түр хороонд ажлаа тайлагнав

Огноо:

,

УИХ-д Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулсан.

Тус Түр хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын хийж, хэрэгжүүлж буй ажил, цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, нийслэлд  боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн барьж байгаа тухай хэлэлцлээ.  Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  С.Даваасүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон дүүргүүдийн Засаг дарга нар оролцлоо.

Д.Сумъяабазар: Бид хамтдаа, хариуцлагатай байж цар тахлыг давна

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар илэрснээс хойш НОК цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, шинжилгээний баг, мэдээлэл технологийн баг, санхүү хангалтын баг зэрэгт нутгийн захиргааны 103 албан хаагч ажиллаж байгаа. Дэлхийн 15 улсын цар тахалтай тэмцэж буй туршлагыг судалж, халдвар хамгааллын дэглэмийг бариулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дөрвөн удаа шилжиж, хэв журам, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд онцгойлон анхаарахын дээр халдвар авсан иргэдийг эмчлэн сувилах ажлуудыг хийж ирсэн юм. Нийслэлийн хэмжээнд 8700 орчим албан хаагч өдөр тутмын шуурхай ажиллагаанд оролцон ажиллаж байгаа.

Худалдаа, үйлчилгээний салбарынхныг дэмжих үүднээс “Хариуцлагын гэрээ” байгуулан, цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна. Дэлхий нийтээрээ ковидтой тэмцэхийн хажуугаар эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүйн төлөө ажиллаж буй. Халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэх үүднээс Яармаг дахь нийслэлийн захиргааны байранд 145 ортой эмнэлэг байгуулан ажиллуулж байна. Уртасгасан цагаар ажиллах эмийн санг нэмэгдүүлж, 15 эмийн сан 24 цагаар, 28 эмийн сан уртасгасан цагаар ажиллаж байгаа. Энэ мэтчилэн яаралтай арга хэмжээг авч явуулж байгааг хэлье гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн нийт хүн амын 74 хувь нь нэгдүгээр тун, 70 хувь нь хоёрдугаар тун, сэргээх тун буюу гуравдугаар тунд найман хувь буюу 100 мянга орчим хүн хамрагдаад байгаа аж. Өнөөдрөөс эхлэн сахуу татран, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, мөн ковидоос сэргийлэх гуравдугаар тунг хийж байна. “Ковид-19” өвчний давлагаа сүүлийн саруудад өндөр байна  гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэл дэх боловсролын байгууллагын сургалтын үйл явцын талаар танилцууллаа. 4-5 настай хүүхдийг цэцэрлэгийн орчинд, 2-3 настай хүүхдүүдийг гэр бүлийн орчинд нь хүмүүжүүлэхээр түр журамд заасныг онцлов. Одоогоор цэцэрлэгт 74 мянга гаруй хүүхэд явж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 5/9 зарчмаар хичээллэж байгаа. Энэхүү зохицуулалтын ач холбогдол нь хүүхэд ямар нэг байдлаар халдвар авсан байлаа гэхэд гэрээр хичээллэх ес хоногтоо илрэх боломжтой гэж үзэж буй. Нийт 280 сургуулиас 49 сургууль нь бүтэн  танхимаар  хичээллэж байгаа бол таван сургууль дан цахим хэлбэрээр хичээллэж байгаа аж. Үлдсэн нь 5/9 зарчмаар хичээллэж байгаа юм байна.

УИХ-ын Түр хорооны гишүүд НОК болон холбогдох албан хаагчдын мэдээллийг сонсож, хувь хүний хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллахыг санууллаа. Үйлчилгээний байгууллагууд л гэхэд ажиллах цаг болоод “Хариуцлагын гэрээ”-гээ ягштал биелүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн юм. Үүний хариуд Хотын дарга “Бид аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ дэмжихийн төлөө байгаа. Аль болох боломжтой байдлаар нь, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа нээх боломжийг олгож байна. Нөгөө талд аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцлагатай байх шаардлагатай. Бид хамтдаа, хариуцлагатай байж, цар тахлыг давна” хэмээн хариуллаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох