Улстөр нийгэм
Дорвитой хөгжихийн тулд зоригтой дэмжих л хэрэгтэй!

Дундаж давхрагын эрэлд...
Одоо сайд хийж байгаа, өмнө нь Үндэсний статистикийн хороог даргалж байсан А.Ариунзаяа Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу гэж мэдэгдэж байв. 2019 онд танилцуулж байсан энэ тоо 2021 он гарсан ч өөрчлөгдөөгүй биз ээ. Ковид19-ын дэгдэлт дэлхий нийтийг цочроохоос ч өмнө гурван монгол хүн тутмын нэг нь ядуу байсан бөгөөд цар тахлын жилүүдэд байдал сайжирсан гэвэл үнэнээс хол зөрнө.
Гэхдээ эрхэм сайдын танилцуулсан энэ тоо өөр олон асуултыг араасаа дагуулж байгаа юм. Монголчуудын гуравны нэг нь ядуу юм бол гуравны хоёр нь юу болох вэ гэх мэт... Лав баян биш. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон “Дундаж давхрага” гэвэл бүр ч биш юм.
Энэ асуултад “Эрчим” клубт тоглож байсан ОХУ-ын хөлбөмбөгчин Артем Кулешагийн “Монголд дундаж давхрага гэж байхгүй. Эсвэл мөнгөтэй, эсвэл ядуу” гэсэн тодорхойлолт л яв цав нийцэх юм шиг. Үнэндээ амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой л бол дундаж давхрага гэж нэрлэх нь өрөөсгөл. Хүний олж байгаа орлого нь хүссэнээ авчихдаг, хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлчихдэг, ядахнаа л жилдээ нэг гэр бүлээрээ гадаад, дотоодоор зугаалчих хэмжээнд хүрч байж л “Дундаж давхрага” гэж нэрлэгдэх байх. Түүнээс бус хэн нэгний тогтоож өгсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ахиудуу цалин авсан хүн бүрээ нийгмийг чирэгч “Дундаж давхрага” гэж тодорхойлоод байж болохгүй л дээ. Тиймээс л Артем Кулешагийн тодорхойлж хэлсэн нь үнэнтэй илүү ойр очоод байгаа хэрэг.
Мэдээж үндэстний хөрөнгөтнүүд энэ нийгмийг чирэгч нь. Гэвч дундаж давхрага л хөдөлгөгч хүч нь байх ёстой юм. Хөгжилтэй улс орон бүрт нийгмийг хөдөлгөгч гол хүч нь дундаж давхрагынхан байдаг. Харин манайд бол тийм биш. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа бидний зөвшөөрч чадахгүй байгаа энэ үнэнийг шулуухан хэлчихсэн байдаг.
Тэрээр “Бидний дундаж давхаргын тухай төсөөлөл их өөр байна. 2000-аад онд бол зурагттай, хөргөгчтэй айл дундажид тооцогдож, иймэрхүү хэрэглээний энгийн үзүүлэлтээр тооцоод дундаж амьдралтай, нэн ядуу биш гэж үздэг байлаа. Харин одоо асуудалд илүү бодитой хандмаар байна. Нэг хүнд ногдож буй хүнсний тэжээллэг чанар, амьдарч буй байрных нь зай талбай, амьдралын орчин нь хэр аюулгүй байгаа тухай, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь асуудалгүй хамруулаад ажил төрлөө хийж чадаж байгаа эсэх, жилдээ ядаж ганц удаа дотооддоо, эсвэл гадаадад аялал хийж байна уу үгүй юу, хадгаламжтай байна уу гэх мэт асуудлууд тавигдана. Түүвэрчилсэн судалгааг үзэхэд л Монголд дундаж давхарга гэж байхгүй байгаа нь тодорхой болно. Энд манай иргэд хуримтлалтай юу гэсэн асуултад 71 хувь нь “байхгүй”, жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаг уу гэсэн асуултад 73 хувь нь “чаддаггүй”, байрны зээл авах боломжтой эсэх тухай асуухад 69 хувь нь “боломжгүй”, хөдөлмөрөөрөө хэдэн жилийн дараа байртай болох вэ гэсэн асуултад 63 хувь нь 20 ба түүнээс дээш жил, гадаадад сурах боломжтой юу гэсэн асуултад 94 хувь нь “боломжгүй” гэж хариулсан байна. Энэ хариултууд дундаж давхарга байхгүйг илтгэж байна. Нөхцөл байдал ийм байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга” гэсэн байдаг.
Шинэ хандлага, шинэ зорилт
Ямар боловч энэ Засгийн газар үнэнийг нуусангүй. Хөгжил дэвшил, аз жаргал, баян ядуугийн зааг ялгаа, улс үндэстнүүдийн үнэлэмжийг тооцох аргачлал үнэндээ өөрчлөгдөж байна. Ямар улсыг хөгжингүй улс гэх вэ, ямар ард иргэдийг аз жаргалтай гэх вэ гэдэг шалгуур ч үндсэндээ хэдхэн жилийн өмнөхөөс эрс ялгаатай болжээ.
Улс орны эдийн засгийг нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтөөр бус, нэг хүнд бодитоор хүртээж буй баялгийн хэмжээгээр үнэлэх ёстой гэсэн санаа биеллээ олж, 100 иргэнтэй, 1000 төгрөг олоод 500 нь иргэддээ зарцуулдаг улс адилхан 100 иргэнтэй, 1000 төгрөг олсон боловч 200-г нь л иргэддээ зарцуулдаг улсаас дээгүүр үнэлэгдэх болов.
НҮБ 2012 оноос эхлэн “Аз жаргалын индекс” (дэлхийн улс орнуудыг иргэдийн орлого, амьдрах хугацаа, нийгмийн халамж, эрх чөлөө, итгэл болон өгөөмөр зан гэсэн зургаан бүлэг үзүүлэлтээр дүгнэдэг) тооцох болсон. Эдийн засгийн багтаамжаараа дэлхийд эхний дөрөвт бичигддэг АНУ, БНХАУ, Япон, Энэтхэгийн аль нь ч энэ “Аз жаргалын индекс”-ийг тэргүүлж байгаагүй. Харин ДНБ-ий өсөлтөө иргэддээ илүү нааж чаддаг, дундаж цалин, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжээр тэргүүлэгч Скандинавын орнууд толгой цохиж иржээ. Бусад улс эхний дөрвийг л харж, өсөлтийн төлөө улайрч байсан бол одоо өсөлтөө өгөөж болгоход анхаарч эхэлсэн гэж хэлж ч болох юм.
Улс орны хөгжлийг хэмжих чиг хандлага ийнхүү өөрчлөгдсөн тул улстөрчид, эрх баригчдын удирдах арга барилд ч өөрчлөлт орж байна. Улс орнууд ДНБ-ий өсөлтөөс гадна, оновчтой зарцуулалтад илүү ач холбогдол өгч, нийгмийн аз жаргалыг хангах секторуудад эерэг үзүүлэлт гаргахыг чармайж буй. Энэ бол нэг талаар жам ёсны гэж хэлж болох ч нөгөө талаар цоо шинэ хандлага, өөрчлөлт юм.
Ө.Гантөр: Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ойлголт, хандлагаа өөрчилж ирээдүйгээ зураглаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Дундаж давхаргыг дэмжих, нэмэгдүүлэх нь аль ч Засгийн газрын хамгийн чухал зорилт байдаг. Одоогийн Засгийн газар энэ чиглэлд түлхүү ажиллаж байна. Ингэхдээ иргэдэд илүү бүтээмжтэй хөдөлмөрлөх цаг, боломжийг нь гаргаж өгөх буюу амьдралын чанарыг нэмэгдүүлэх гэсэн нэг, нэгнээсээ харилцан хамааралтай асуудлыг орчин үеийн, шинжлэх ухаанч шинэлэг чиг хандлагаар цогцоор нь шийдэхийг хичээж буй.
Засгийн газраас хэрэгжүүлж буй техник, технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж иргэдийн цагийг хэмнэх, ШУА-д хуримтлагдсан мэдлэгийг эргэлтэд оруулах, шинэ мэдлэг үүсч бий болох тогтолцоог бүрдүүлэх, шинэ тутам боловч ирээдүйтэй салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах эдийн засгийн механизм ажиллуулах зэрэг нь бүгд л чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ дундаас нэг шийдвэр нь үнэхээр нүдээ, бас цагаа олсон юм. Юу гэхээр, Засгийн газраас ирэх жилүүдэд явуулах бодлого иргэдэдээ бэлэн мөнгө, тусламж өгөх бус боломж, дэмжлэг санал болгох чиглэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж үг хэлэхдээ онцолсон. Бэлэн мөнгө тараах биш, Ерөнхий сайд “Давс шиг гашуун” гэж тодорхойлсон ч хүмүүст “Чихэр шиг” сонсогдсон нэг мэдээ нь дундаж давхаргад зээл олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох банк санхүүгийн тогтолцоог бий болгох тухай байв.
Дугуйг дахин зохиох шаардлагагүй гэдэг. Түүн шиг дахин шинээр банк байгуулж, тогтолцооны өөрчлөлтийг ч хийх гэсэнгүй. Монголын банк санхүүгийн салбарын топ-уудын нэг болох Төрийн банкийг Дундаж давхрагыг дэмжигч банк болгох зорилтыг Засгийн газар дэвшүүлээд байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан ч олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ онцолсон. Тэрээр “Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг нэг саяас гурван сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ. Тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна” гэж мэдэгдсэн юм.
Дундаж давхрагыг дэмжих энэ бодлогыг ч Төрийн банк өнгөрсөн хугацаанд биелүүлж эхэлсэн. Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу энэ оны хоёрдугаар сарын 23-наас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр манай улс энэ тогтолцоо руу орсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Төрийн банк энэхүү бодлогын хүрээнд Ажлын байрыг дэмжих зээлээр л гэхэд орон нутагт 6185 зээлдэгчид 258.4 тэрбум, Улаанбаатар хотод 2276 зээлдэгчид 152.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа юм байна.
Арилжааны нэг банк л гэхэд 411.2 тэрбум төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон нь яах аргагүй том дэмжлэг. Хамгийн гол нь энэ дэмжлэг үргэлжилж, дундаж давхрагыг дэмжих бодлогыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлэхээр болсон нь олзуурхууштай гэдгийг дахин тодотгоё. Тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэдгээ мэдэгдсэн байна лээ.
Үнэндээ дорвитой хөгжихийн тулд энэ мэтээр зоригтой дэмжих л хэрэгтэй юм. Тэгж байж Артем Кулешагийн “олоогүй” дундаж давхрага Монголд “мэндэлнэ”.
Улстөр нийгэм
Орон сууцны үнэ өссөн байна
Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
-
Улстөр нийгэм2022/06/07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн ...
-
Цаг үе2021/07/01
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
-
Цаг үе2022/06/06
Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдөр эхэлнэ
-
Улстөр нийгэм2020/07/22
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай тани...