Улстөр нийгэм
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавлан өнөөдөр (2021.09.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлсэн төдийгүй халдварын эрсдэлийг цаг алдалгүй бууруулж, зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгаа аж. Үүний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өсч, 2021 оны жилийн эцэст 6.5 хувь, 2022 онд 5.0 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглүүлж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүүгийн шинэчлэлийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд эдийн засгийг сэргээх бодлого, төсвийн шинэчлэлийг 2022 онд хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн гэдгийг Сангийн сайд танилцуулсан.
Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, эдийн засгийг эрчимжүүлэх төсөв, санхүүгийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхээс гадна эдийн засгийг тэлэх том төслүүдийг эхлүүлэх боломж бүрдэх юм байна.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл: Халдварт цар тахал 2020 он гарсаар эрчимтэй дэгдэж улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэл учруулсны дотор манай улсын эдийн засгийн өсөлт -4.6 хувь, төсвийн алдагдал ДНБ-ий -12.0 хувьд хүрээд байсан боловч Засгийн газар цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих нийт 2.6 их наяд төгрөгийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Засгийн газар 2021 оны 2 дугаар сараас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, 4 дүгээр сараас хүн амын зорилтод хэсгийг эрчимтэй вакцинжуулснаар хол хориог үе шаттай сулруулж аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нээснээр эдийн засгийн өсөлтийг 2021 оны эхний хагас жилд 6.3 хувьд хүргэж чадсан. 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд банкны секторын зээл 10.5 хувиар агших байсныг 6.5 хувийн өсөлттэй хадгалж, банкны нийт зээлийн хэмжээ 18.1 их наяд төгрөгт хүрч, зээл олголт цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрсэн байна. Түүнчлэн, 2021 оны 9 дүгээр сарын 27-ний байдлаар нийт 58 мянган зээлдэгчид 3.7 их наяд төгрөгийн зээлийг банкуудын эх үүсвэрээр олгож, 10.2 мянган иргэнийг орон сууцжуулж, 266.8 мянган ажлын байрыг хадгалаад байгаа юм бйна.
Улмаар 2022 онд вакцинжуулалтын үр нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагааг бүрэн нээж эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийг түлхүү хэрэгжүүлж эдийн засгийг тэлэх, “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийг 5.0 хувийн өсөлттэй байна гэж тооцсон байна.
Ирэх 2022 онд төсвийн орлогын чиглэлээр эдийн засгийн сэргэлтийг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, төрийн өмчийн хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төрийн хяналт шалгалтыг оновчтой, түргэн шуурхай болгох зэрэг бодлого хэрэгжүүлэх юм байна. Харин төсвийн зарлагын чиглэлээр төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ажиллахаар тусгажээ. Тодруулбал, төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор тодорхой зохицуулалт хийх, бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулах, зарим төрлийн зардлыг 50-100 хувь хязгаарлах аж.
Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-д суурилсан үйлчилгээг төр худалдан авах, нийгмийн суурь үйлчилгээний байгууллагуудыг төсвийн хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх зэргээр ЦОМХОН, ЧАДВАРЛАГ ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА-ыг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан байна.
Эрүүл мэндийн салбарт энэ онд хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлийг эрчимжүүлж ИРГЭДЭЭ ЖИЛ БҮР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ хамруулна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 18-аас дээш насны иргэдэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багцыг 2018 оноос эхлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч 2020 оны статистикаар 18-аас дээш насны хүн амын 7.9 хувь нь тус багцын шинжилгээнд хамрагджээ. Тиймээс хамрах хүрээг өргөтгөх зорилгоор насны багцыг шинэчилж, хүн амыг жилд нэг удаа үзлэгт хамруулах ажлыг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан байна.
Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлж, санхүүгийн баталгаатай ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, 2022 оны төсвийн жилд, 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр буюу хүүхэд бүрд нийт 100,000 төгрөг гэсэн зарчмыг хадгалах аж.
Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийх юм байна. Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг нөхцөлтэй болгож халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлахаар төсөлд тусгажээ. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах болон халамжийн зарим хөтөлбөрт хамрагдах хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавих юм байна.
Мөн эмзэг бүлгийн өрх иргэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үр дүнг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Мэргэжлийн сургалтын байгууллагын орцод суурилсан санхүүжилтийг өөрчилж хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хүрэх үр дүнд харгалзан санхүүжүүлэх хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Төсвийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.
Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл: Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөвт нийт орлогын хэмжээг 2,379.5 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээг 2,750.9 тэрбум төгрөг байхаар төсөвлөлөө. Энэ нь 2021 онтой харьцуулахад орлого 575.7 тэрбум төгрөгөөр, зарлага 156.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл: Тус сангийн 2022 оны төсвийн орлогыг нийт 1,450.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг 2020 оноос эхлүүлж эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлж байна.
Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэний тарифаар тооцох зардлыг тусгажээ. Бүх шатны эмнэлгийн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлээр олгох санхүүжилтэд нийт 1,358.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл: Ирэх 2022 онд дэлхийн зах зээл дахь экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа бөгөөд тус сангаас хүүхдийн мөнгөн хадгаламжид зориулан мөн хэмжээний дүнг Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкин дахь хүүхдийн нэрийн дансанд шилжүүлнэ. Үүнээс хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээг 1,096.3 тэрбум төгрөг, хүүхдийн нэрийн дансанд хуримтлагдах доод хэмжээг 365.4 тэрбум төгрөг байхаар тус тус тооцжээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Улстөр нийгэм2019/10/02
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
-
Цаг үе2021/04/06
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Улстөр нийгэм2021/06/29
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицу...
-
Цаг үе2025/09/18
Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ