Улстөр нийгэм
Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг болно
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.
Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм.
2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.
Өдөрлөгийн үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм.
2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулна.
Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна.
Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.
Цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлнэ.
Тухайлбал:
- 2019.9.17 Гадаад харилцааны яам - Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх
- 2019.9.18 Эрүүл мэндийн яам - Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэг
- 2019.9.19 Хууль зүй, дотоод хэргийн яам - Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт, өргөдөл хүлээн авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний танилцуулга, зөвлөгөө
- 2019.9.20 Байгаль орчин, аялал жуулчлалын яам - Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх, “Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө
- 2019.9.21 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авах
- 2019.9.22 Зам, тээврийн хөгжлийн яам - Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах
- 2019.9.23 Барилга, хот байгуулалтын яам - Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө өгөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх,
- 2019.9.24 Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл, малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад зориулсан зөвлөгөө
- 2019.9.25 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гоидлыг хүлээн авах
- 2019.9.26 Эрчим хүчний яам - Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа
- 2019.9.27 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам - Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
