Улстөр нийгэм
Шинээр хэрэгжих хуулиудын талаарх танилцуулга, мэдээллийг өглөө
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны дараа зайлшгүй нэмэлт, өөрчлөлт хийгддэг том хууль бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль байдаг. 1992 онд дээрх хуулийг хэлэлцэн баталж байхад иргэдийн хурлын байгууллага, нутгийн өөрөө удирдах ёс, Засаг даргын талаарх төсөөлөл их өөр байсан. Харин 2006 онд шинэчилсэн найруулгаар нэгжийн хуулийг батлахдаа хуучин хуулийнхаа суурин дээр ажилласан. Гэвч 30-аад жилийн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёс, түүнийг төрийн удирдлагатай хэрхэн хослуулах талаарх нарийвчилсан зохицуулалт шаардлагатай нь харагдсан учир 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улмаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталлаа гэдгийг багш, судлаач Д.Ганзориг хэлэв.
Улмаар орон нутгийн чиг үүрэг, эдийн засаг нийгмийн цогцолбор байх, Засаг дарга нь засаг төрийн төлөөлөгч байх, нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын талаарх зохицуулалтуудыг дэлгэрэнгүй тайлбарлав.
Багш, судлаач Д.Ганзориг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарчимд улсын болон орон нутгийн ашиг сонирхлыг хослуулах, нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг хэрэгжүүлэхэд төрийн болон орон нутгийн чиг үүргийг зааглах, нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх талаарх зохицуулалтыг нарийвчлан тусгасныг онцоллоо.

Харин Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Р.Дагва Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаар танилцуулга, мэдээлэл өгөв. Тэрбээр Монгол Улсын нийслэл хотын хувьд Улаанбаатар хот нь тусгай чиг үүрэг, дүрэмтэй байх шинэ зохицуулалт орсныг онцолсон юм. Мөн бусад хотуудын адилаар хуулиар зохицуулаагүй онцлог чиг үүргээ нийслэл хот нь дүрмээр зохицуулах бөгөөд энэхүү дүрмийг Нийслэлийн ИТХ баталж, мөрдүүлнэ. Түүнчлэн хотын санхүүгийн эрх, үүргийг тодорхойлж, хот татвартай байх, концесс, үнэт цаас гаргах, төсвийн орлого болон гадаад дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх талаар тэрбээр танилцууллаа.

Эдгээр танилцуулга, мэдээллийн дараа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэлийн удирдлагууд, нийслэлчүүдийн маань оролцооны үндсэн дээр дээрх хуулиудыг баталсан. Эдгээр хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан бусад олон хууль, тогтоолд өөрчлөлт орж байгаа. Энэ нь нийслэл хот болон бусад аймаг, сум, дүүргүүдийн харицаа ямар их өргөн болохыг харуулж байна” гэдгийг тодотгосон юм.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2020/08/05
COVID19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл /2020.08.05/
-
Цаг үе2024/02/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Улстөр нийгэм2024/12/23
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэ...
-
Цаг үе2021/08/25
БНСУ-д ажиллах хүсэлтэй, бүртгүүлсэн иргэдийн анхааралд...
