Улстөр нийгэм
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулах зорилтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх баталсан бөгөөд энэхүү хуулийг 2013 онд Монгол Улсын Их Хурал шинэчлэн найруулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулах өргөн хүрээтэйгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн баталсан байдаг.
Одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг зохицуулсан шаардлага тусгагдсан байдаг. Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” эсвэл “Төлөөлөгчийн газар” гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээтэй холбоотой дээрх шаардлага нь анхлан бага хэмжээтэй хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр цаашид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх эсэхээ шийдэх сонирхолтой байгаа хөрөнгө оруулагч нарт бэрхшээл учруулж болох талтай бөгөөд төлөөлөгчийн газарт хөрөнгө оруулалтын хэмжээтэй холбоотой хязгаарлалт байдаггүй боловч энэ статусаар үйл ажиллагаа явуулбал Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэн орлого олох эрхгүй байдаг байна.
Монгол Улс нь хууль, эрх зүйн зохицуулалтын түвшинд гадаадын шууд хөрөнгө оруулалтад нээлттэй улс боловч бусад жишиг орнуудтай харьцуулахад хөрөнгө оруулалт харьцангуй бага орж ирсэн байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад хөрөнгө оруулалтад нээлттэй байх явдал нь дангаараа хангалтгүй бөгөөд хөрөнгө оруулалтын орчин болоод засаглал, хуулийг дээдлэх ёстой холбоотой хүндрэл бэрхшээлүүд нь хувийн хэвшлийн, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх үр нөлөөнд шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Хөрөнгө оруулалт анхлан орж ирэхэд тулгардаг саад тодгорууд нь тухайн улсын хөрөнгө оруулалтын орчны хүндрэл бэрхшээлийг бүхэлд нь тодорхойлж байгаа бөгөөд үүнд бизнес эрхлэхээс эхлээд сайн засаглал болон зохицуулалтын чанар хүртэлх асуудлууд багтаж байгаа юм.
Иймд дээр дурдсан үр дүнгээс харахад хөрөнгө оруулалтын хамгаалалтын баталгааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах, түүний хэрэгжилтийг хангах зэрэг хэрэгцээ шаардлага байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй зохицуулалт нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чанартай хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Мөн тухайн оронд бизнесийн үйл ажиллагаа амжилттай эрхэлж буй хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжтай байдал нь шинээр гадаадын хөрөнгө оруулагч татах хамгийн үр дүнтэй шалгарсан арга хэрэгсэл байдаг аж.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд дээр дурдсан үндэслэл, шаардлагад тулгуурлан зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгажээ. Тодруулбал, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэмээх хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгажээ.

Эдийн засгийн байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн болохыг Д.Батлут гишүүний танилцуулсан санал, дүгнэлтэд дурдав. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байхаар заасан байна. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 50 мянган ам.доллараас доошгүй байхаар тусгах зохицуулалт бүхий дээрх төслийг хэлэлцэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Эл төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн бол Б.Энхбаяр гишүүн, Ш.Раднаасэд нарын гишүүд төслийн 12.1.6-т “гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалттай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн.
Монгол Улсад байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийн судалгааг харахад 2013 оныг хүртэл жил бүр 900-1500 компани байгуулагддаг байсан бол 2013 оноос хойш жилд 380, 330, 280 гэх мэт, 2020 онд 79, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 35 компани байгуулагдсан байдаг аж. Аль нэг улс орны хөрөнгө оруулалт давамгайлах вий гэдэг болгоомжлол байдгийг төсөл санаачлагчид тооцон, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын гарал үүслийн талаар судалгаа хийсэн гэдгийг Х.Ганхуяг гишүүн танилцуулав. Дээрх босгыг тавихаас өмнө 50:50 орчим харьцаатай байсан бол 2013 оноос хойш хөрш улсын хөрөнгө оруулалт 70-80 хувьд хүрч өссөн гэдэг мэдээллийг танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар манай улсад хөрөнгө оруулагчдын жагсаалтын нэгдүгээрт Канад Улс, БНХАУ-ын хоёрдугаарт бичигдэж байгаа талаар тоон мэдээллийг өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Б.Энхбаяр нар төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид Монгол Улсын хууль, шүүхийн системд итгэхгүй байгаа, хөрөнгөө залилуулсан гэх хэд хэдэн тохиолдол гадаадын хэвлэл мэдээллээр гарч байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа дурдаж, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж байгаа бол үүн дээр анхаарч, шийдэл гаргах шаардлагатай гэдэг санал хэлж байлаа. Гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр цогц бодлогын арга хэмжээ авах шаардлагатай, харин энэхүү төслөөр тодорхой асуудлыг хөндөж байгааг Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ш.Раднаасэд нарын гишүүд хэлсэн. Нэн тэргүүнд гадаад, дотоод хөрөнгө оруулагчдад ялгавартай хандаж байгааг өөрчлөх, түүнчлэн газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх талаар, гэрээний болон талуудын маргааныг шийдвэрлэдэг арбитрын асуудал, дампуурлын процесс тодорхой бус, хээл хахууль, авлигал, залилангийн асуудлуудаа нэг мөр болгож хууль, шүүхийн үйл ажиллагаагаа шударга болгох, эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх гэх зэрэг асуудал тулгарсан хэмээн хэлж байв. Төслийн зохицуулалтын үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, олон улсын түвшинд “Эрсдэлтэй, эмзэг улс” гэдэг үнэлгээтэй байгааг Г.Тэмүүлэн гишүүн сануулаад, үүний шалтгаан нь дээр дурдсан асуудлууд бөгөөд нөхцөл байдлыг цогцоор нь харж, дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх шаардлага бий гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм. Түүнчлэн аль салбарт гадаад хөрөнгө оруулалтыг нээлттэй байлгах вэ гэдгээ бодлогын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй гэдэг саналыг хэлж байсан. 2013 онд хөрөнгө оруулагч 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх шаардлага нь иргэдийн жижиг, дунд бизнес эрхлэх боломжийг хамгаалах бодлоготой байсныг гишүүд дурдаж, энэ талаар тодруулж байв. Гадаад хөрөнгө оруулалтыг оруулахгүй салбаруудаа Засгийн газрын түвшинд тогтоогоод, хязгаарлах боломж бий гэдгийг хууль санаачлагч хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Х.Булгантуяа нар Монгол Улс хөрөнгө оруулагчдад нээлттэй байж, гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих замаар улс орныхоо эдийн засгаа сэргээх, улмаар тэлэх боломж бүрдэнэ хэмээгээд төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 51.9 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Улстөр нийгэм
Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ
Улстөр нийгэм
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
|
Хуралдаан
10:00
|
Танхим
Их хуралдай
|
Хэлэлцэх асуудал
15
|
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
- “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Бусад
Улстөр нийгэм
Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо
Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.
Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.
Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.
Энэхүү тушаал хэрэгжсэнээр:
- Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
- Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
- Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
- Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
- Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
- Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
- Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
- Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.


-
Цаг үе2020/11/17
Өнөөдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Улстөр нийгэм2021/03/05
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн “Хөсөг” төслийн төлөөлөлт...
-
Үзэл бодол2024/11/28
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өрг...
-
Үзэл бодол2019/05/30
Цагдаа хөл нь гэмтсэн нохойд замаар гарахад нь тусалжээ
