Урлаг спорт
Монгол Улсын гоо бүсгүй Ж.Гүнжидмаа: Би хичээнэ ээ
"Монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах" олон улсын тэмцээний ялагчид тодорлоо. Тодруулбал, 15 дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээн энэ жил хүрээгээ тэлж, Монгол, ОХУ, БНХАУ-ын шилдэг 16 бүсгүй өрсөлдсөнөөс:
III байр – Тува улсын гоо бүсгүй Чимис Ооржак
II байр – Буриад улсын гоо бүсгүй Алтана Ангархаева
I байр – ӨМӨЗО-ны гоо бүсгүй Н.Зол
“Мисс интернэйшнл”- Монгол улсын гоо бүсгүй Ж.Гүнжидмаа /Тэрээр эх орноо төлөөлөн ирэх 11-р сард Япон улсад болох “Мисс интернэйшнл” олон улсын 59 дэх тэмцээнд оролцоно/
Тэргүүн мисс /Виннер/ -Буриад улсын гоо бүсгүй Викториа Дашиева нар тус тус шалгарсан юм.
Мөн тэмцээн найман номинациар шилдгүүдийг тодруулсан бөгөөд
1. “Мисс оюунлаг” ӨМӨЗО-ны гоо бүсгүй Д.Цайлган
2. “Мисс бикини” Монгол улсын гоо бүсгүй Х.Марал-Эрдэнэ
3. “Мисс модель” Монгол улсын гоо бүсгүй Б.Гэрэлсүрэн
4. “Мисс фото” Монгол улсын гоо бүсгүй Б.Нинжин
5. “Нөхөрсөг мисс” Тува улсын гоо бүсгүй С.Айнеш
6. “Мисс стар” Буриад улсын гоо бүсгүй Ш.Надежда
7. “Мисс авьяас” Буриад улсын гоо бүсгүй Д.Сэсэгмаа
8. “Мисс спорт” Буриад улсын гоо бүсгүй Д.Виктория нар нөхдөө тэргүүлжээ.
Ингээд тэмцээний гоо бүсгүйчүүдийн баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.
Мисс Ж.Гүнжидмаа: Би хичээнэ ээ

-Маш их баяртай байна. Яг л зүүдэлж байгаа юм мэт санагдаж байна. Үүлэн дээр хөвөөд л. /сурв. инээв/ Би чинь багаасаа мөрөөдөж, үүнийхээ төлөө өөрийгөө хөгжүүлж хичээснийхээ үр дүнг харууллаа. Сайхан байна. Оролцогчид охид маань ч үнэхээр чанга байлаа. Бүгд л байранд орох хэмжээний өрсөлдөгчид байсан шүү. Мэдээж эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд явна гэдэг маш том үүрэг хариуцлага юм. Би хичээнэ ээ.
-Шалгаруулалтын цаг хугацаа танд юу өгөв?
-Эндээс би ямар их юм сурсан гэж санана. Өнгөрсөн өдрүүд аз жаргал, баяр хөөрийг бэлэглэсэн. Бас өөртөө итгэх итгэлийг минь илүү ихээр нэмэгдүүллээ
-Хамгийн хэцүү номинаци аль нь байсан бэ?
-Байт харваа байсан. Гэхдээ гуравдугаар байранд орж чадсан шүү. Харин бусад номинацийн хувьд хэцүү байгаагүй ээ. Би чинь СУИС-ийн III курсийн оюутан л даа. Урлагийн хүмүүс бид хөрвөх чадвартай байх ёстой юм. Бас волейволын нэгдүгээр зэрэгтэй. Багаасаа урлаг спортоор хичээллэж байсан маань энэ удаад давуу тал боллоо.
-Таны саяны бүжиглэсэн бүжиг их гоё байлаа.
-Манай сургуулийн дөрөвдүгээр курсийн Энхтогтох эгчийн дэглэлт байгаа юм. Мундаг бүжигчин байдаг юм аа.
-Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд нийт охиддоо аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Намайг дэмжсэн бүх монголчууддаа баярлалаа. Миний төлөө залбирч суусан хайртай гэр бүлийнхэн, найз нөхдөдөө баярлалаа. “Андра” академийнхаа хамт олон, “Мисс монголиа” холбооны хамт олон, зохион байгуулагчдадаа баярлалаа.
Тэргүүн мисс Виктория Дашиева: Монгол туургатны гоо бүсгүй болсондоо баяртай байна


Тэргүүн мисс Виктория Дашиевад баяр хүргэн, сэтгэгдэл сонсвол “Би 2015 оны Улаан-Үдийн мисс, 2016 оны Оросын гоо үзэсгэлэнгийн дэд тэргүүн байрыг эзэлж байлаа. Харин өнөөдөр Монгол туургатны гоо бүсгүй болсондоо үнэхээр их баяртай байна. Бидний хэдэн охид сарын турш Улаанбаатарт амьдарлаа. Энэ хооронд сэтгэл хөдөлгөсөн олон зүйлстэй учирч, олон хүмүүстэй танилцаж, үзэсгэлэнтэй сайхан олон газар орноор аялж үзлээ. Өвөр Монгол руу явж Чингисийн онгоныг хүртэл үзээд ирсэн. Мэдээж оролцсон охид бүгд л үзэсгэлэнтэй байлаа. Үнэндээ сэтгэл маш их хөдөлж байгаа тул өөр юу хэлэхээ ч сайн мэдэхгүй байна. Зүгээр л маш их баяртай, маш их аз жаргалтай байна. Буриад бүсгүйчүүд бид энэ арга хэмжээнд тун сайн оролцлоо. Бид хоёр ч байрын эзэн болж, титмийг аваад харих гэж байна. Маргааш бид гэр гэртээ харина. Бүтэн сар гэрээсээ хол байсан болохоор их санаж байна. Гэсэн атлаа охидоосоо холдмооргүй байна” гэнэ. Түүний хувьд байт харваагийн мэргэжлийн тамирчин бөгөөд “Мисс спорт” номинацийн эзэн болсон юм. Монголд энэ удаатай нийлээд тав дахиа ирж байгаа нь энэ аж. Тэр бас “Үнэнээ хэлэхэд Улаанбаатарт дөнгөж буучихаад яаж сар амьдарна даа гэж бодсон шүү. Гэтэл ард нь гарчихаад сэтгэл хоргодоод байна. Улаанбаатарын амьдралд их дасч, дотно болжээ. Дараагийн удаад зочны хувиар биш найз нараа дагуулаад “гэртээ” тухтай ирнэ ээ. Монгол миний хоёр дахь гэр болсон” хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн юм.
Буриад улсын гоо бүсгүй Алтана Ангархаева: "Мисс бикини" амаргүй даваа байлаа

Тэр бол 20 настай. Үүнээс өмнө Буриад улсынхаа гоо үзэсгэлэн тэмцээнд ороод ялагч болсон юм билээ. Тэр монголд ирсэн сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа. “Дэд миссээр шалгарсандаа баяртай байна. Үнэндээ шилдэг гурвын нэг болно гэж бодоогүй шүү. Миний хувьд анх удаа л хилийн дээс алхаж, гэрээсээ хол сар байж үзлээ. Улаанбаатар их том хот юм аа. Хотын юм бүхэн сонихон санагдаж, жоохон хүүхэд шиг гайхсаар дууссан даа. /инээв/ Даанч харих цаг болжээ. Гэхдээ дараагийн удаад Улаанбаатарт заавал ирж амрахыг хүсч байна. Бид Чингисийн онгоныг үзээд монгол гэрт амьдарсан. Тэр их таалагдсан шүү. Өглөө сэрээд л өнөөдөр юу хүлээж байгаа бол гэж догдолдог байлаа. Гэхдээ "Мисс бикини " амаргүй даваа байлаа. Харин "Мисс спорт” номинаци сонирхолтой байсан. Нум сумаар харвана гэдэг сонин юм билээ. Хамгийн их бэлдсэн “Авьяаслаг мисс” тэмцээндээ хүссэн амжилтаа гаргаж чадаагүй болохоор сэтгэл гонсгор байсан шүү. Нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан мэт өнгөрч бид маргааш харина. Аав, ээжийгээ их санасан болохоор тэдэн рүүгээ их яарч байна” гэлээ.
Тува улсын гоо бүсгүй Чимис Ооржак: Улаанбаатар ч их таалагдлаа

“Би Тува улсаас ирсэн. Бид долдугаар сарын 8-нд Монголд бууж байлаа. Гэтэл хэдийнэ сарын хугацаа өнгөрчихөж. Сэтгэл их өндөр байна аа. Оролцогчдоос эхлээд зохион байгуулагчид, хамтран ажиллагсад гээд бүгд таалагдсан. Улаанбаатар ч их таалагдлаа. Бид өдөр болгон л бэлтгэл сургуулилт хийсээр цаг ямар хурдан өнгөрч байгааг анзаарах сөхөө байсангүй. Өнөөдөр финал дээр бүгдээрээ үндэснийхээ хувцсыг өмсөөд зогсож байгааг хараад их баярласаан. Бүгд ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан бэ. Тэр сэтгэгдлийг үгээр хэлэх аргагүй. Маш гоё байсан. Бүх оролцогчдодоо та нар бүгд шилдэг нь шүү гэж хэлье. Зохион байгуулагчдадаа баярлалаа.
ӨМӨЗО-ны гоо бүсгүй Н.Зол: Миний хувьд хамаг сайнаар чармайлаа

“Монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах анхны олон улсын тэмцээнд нийт Өвөрмонгол ахан дүүсээ төлөөлөн оролцож, титмийн эзэн болсондоо баяртай байна. Манай оролцогч Д.Цайлган маань “Мисс оюунлаг” номинацийн эзэн боллоо. Миний санаачилсан Хүмүүнлэгийн ажлыг маш сэтгэл хөдлөм зохион байгуулсан “Мисс монголиа” холбооны хамт олон болон өөрийн эрхэлдэг “Зол” брэнд, хандив өргөсөн Өвөрмонгол ахан дүүстээ баярлалаа. Миний хувьд хамаг сайнаар чармайлаа. Та нар маань ч их зүдэрлээ. Хамтран ажиллах олон ажлын эхлэл тавигдаж байна. Хөххотод баяртайгаар уулзъя. Баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энд нэмэхэд 15 дахь удаагийн "Монгол үндэстний гоо бүсгүй" шалгаруулах олон улсын тэмцээний шүүгчээр:
2. ОХУ-ын Тува улсын төлөөлөгч, “Эдегей” театрын захирал Д.Кима
3. “Мисс монголиа” холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ноён А.Тамир
4. “Мисс монголиа” холбооны гүйцэтгэх захирал хатагтай Д.Баянцэцэг
5. “SBN” телевизийн гүйцэтгэх захирал хатагтай Б.Ундраа нар ажилласан юм.

Түүх сөхөхөд “Мисс монголиа” холбооноос анх 2004 онд “Мисс монголиа 2004”-ийг зохион байгуулснаас хойш 15 жилийн хугацаанд тасралтгүй тэмцээн уралдаанаа явуулж, үндэсний хэмжээний ялагчдаа тодруулсаар ирсэн байна. Эндээс Ч.Содтуяа, Б.Гантогоо, Х.Бадамгэрэл, Б.Гэрэлчулуун, И.Төгсөө үе үеийн миссүүд төржээ.
Урлаг спорт
Морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа
Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ.

Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн. Ийм нууц хэлбэрийн уралдаан нь учирч болзошгүй олон эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа асуудал бий. Аливаа уралдааныг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн удирдлага, цагдаа, хяналтын болон эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдэгдэх ёстой. Гэвч энэ шаардлагыг мөрдөхгүй байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж байна. Иймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалах, монгол өв соёлоо харгалзан үзэхийн зэрэгцээ далд хэлбэрийн уралдааныг зогсоож, гаргасан дүрэм журмыг чанд мөрдөх, хариуцлагын тогтолцоог сайжруулж хамтын хариуцлагыг бий болгох шаардлагатай. Мөн морин уралдааны цаг хугацааг сайтар тооцоолж зохион байгуулах, нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Хашчулуу “Энэхүү уулзалтад ММСУХ-ны төлөөллүүд, Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон холбогдох бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Монголын Морин спорт уяачдын холбооны саналыг үндэслэн биднийг хүлээн авч уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. ММСУХ үндэсний өв соёл, дархлаа болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, морин уралдааны анхны хамгаалалтын төхөөрөмжийг оруулж ирсэн. Унаач хүүхдийг даатгалд хамруулах асуудлаар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажилласан. Өнөөдөр морины уралдаан спортын хэмжээнд хөгжиж байна. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хүүхдийг эцэг, эхээс нь булаан авч, эмнэг догшин морь унуулаад, боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж, талцуулж байгаад харамсаж байна” гэв.

НМСУХ-ны тэргүүлэгч М.Мөнхбаясгалан “11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан. Гэвч уламжлал ёсоор Сар шинийн баярын дараа хаврын улиралд хүүхдүүд морио унаад уралддаг жишиг бий. Угтаа хаврын уралдаан нь нэг талаараа аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой байсан. Гадаад, дотоодын жуулчид ирэхэд бидний онцлон үзүүлдэг гол өв соёлын нэг нь морин уралдаан юм. Үүнийг дагаад монголчуудын дээл хувцасны соёл, эд хэрэглэл, ахуй зан заншил зэрэг олон соёлыг жуулчид нэг дороос, богино хугацаанд үзэж танилцах боломжтой байсан” гэсэн юм.

Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзий “Морин уралдааныг бид санаачилж зохиогоогүй. Бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн тэртээгээс зохиож түүнийгээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлал юм. Бид ийм арвин түүхтэй ард түмэн. Монголчууд малчин ард түмэн. Өнөөдөр Монгол улсад малчин, уяач бэлтгэдэг тусгай сургууль байхгүй. Морь унаач хүүхдүүдийн дийлэнх нь малчны амьдралд өсөж, өв соёл, уламжлалаа тээж яваа хүүхдүүд байдаг. Хэрэв энэ заншил тасарвал малчин удам, ахуй соёлын залгамж халаа үгүй болох эрсдэлтэй. Мөн хүүхдээр морь унуулахыг зарим хүн хөдөлмөр эрхлэлт мэтээр ойлгож байна. Харин энэ нь хөдөлмөр бус үндэсний спорт юм. Хүүхдүүд үндэсний спортоороо хичээллэж, соёл уламжлалаа залгамжлан авч явах ёстой. Үндэсний өв соёлоо устгах бус харин хамгаалж, хадгалж үлдэх нь бидний үүрэг” гэдгийг онцолсон юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх сарын 5-наас толилуулна
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна.
Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм. Энэхүү жүжгээр өсвөр насны хүүхэд – эцэг эх хоорондын харилцааны хямрал, сошиал орчны нөлөө түүнээс хамаарсан итгэлцэл болон хууралт зэрэг яг одоо бидний дунд байгаа асуудлуудыг хөндөх болно.
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно.
Урлаг спорт
“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна.
“Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж, ирэх тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал зургаан сар үргэлжлэх юм. “Улаанбаатар кап” тэмцээнээр шигшээ 32 баг шалгарч, урьдчилсан шат 28 өдрийн турш дөрвөн зааланд зэрэг явагдаж, 1400 гаруй тоглолт зохион байгуулаад байна. Мөн өнгөрөгч сард төвийн зургаан дүүргийн ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын төрлийн аваргуудаа тодруулсан юм.
-
Улстөр нийгэм2025/10/01
Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
-
Улстөр нийгэм2025/05/01
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар..
-
Цаг үе2022/09/09
Нийслэлд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуу...
-
Цаг үе2020/10/23
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
