Шударга мэдээ
Засгийн газрын Ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ажлын хэсгийн зарим гишүүд Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар Оюутолгой төсөлтэй холбогдох яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө гарган тодорхой асуудлуудыг ойрын үед шийдвэрлэх талаар талууд санал солилцсон юм. Ажлын хэсгийн зүгээс Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.
Дээрх уулзалтад Ажлын хэсгийн гишүүдээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо болон “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар оролцсон бол Рио Тинто компаниас тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Андрью Латхам, Рио Тинто Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, зөвлөх Б.Өсөхбаяр нар оролцлоо.
Эх сурвалж: ХЗДХЯ
Шударга мэдээ
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ
Жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих, борлуулалт, зах зээлийг нь тэлэх, олон нийтэд бараа бүтээгдэхүүнийг нь таниулан сурталчлах зорилготой “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн худалдааг зургаадугаар сарын 12-ноос эхлэн дөрвөн өдрийн туршид Төв талбайд дэлгэж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 300 гаруй үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Үзэсгэлэн худалдааг нээж Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь ажиллаж, амьдардаг. Бид үйлдвэрлэгч улс болохын суурь нөхцөл нь өрх бүр үйлдвэрлэгч байхад оршино. Эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн амьжиргаа сайжрах, дундаж давхарга ихсэхийн үндэс нь өрхийн үйлдвэрлэл. Бид юу хийж чаддаг вэ, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах уу, бидэнд хангалттай зах зээл бий юү зэрэг асуултад ЖДҮ эрхлэгчид тодорхой хариулж байна. Хэрэглэгч эх оронч худалдан авалт хийх хүсэл эрмэлзэлтэй байвал тэр хэрээр энэ салбар хөгжиж боломж бүрэн байна. Тиймээс гадна дотны жуулчин хүлээж авдаг компани, аж ахуйн нэгж, хувь хүн та Төв талбайдаа хүрэлцэн ирж тухлан саатаж, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих худалдан авалт хийхийг уриалж байна. Монгол үндэсний хэв шинжийг агуулсан, ур хийц шингээсэн бүтээгдэхүүнээс гадна эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээс таалан сонгоорой” гэлээ.
Монгол Улсын хэмжээнд 60 гаруй мянган аж ахуйн нэгж, 900 гаруй мянган иргэн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт ажилладаг гэх тоо бий. Ноос ноолуур, арьс шир, хүнс, бэлэн хувцас, гар урлалын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалж байна. Үзэсгэлэн худалдааг дөрвөн өдөр дэлгэнэ.
Шударга мэдээ
Их, дээд сургуулиудын оюутнууд жуулчдад үйлчилнэ
Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын Оюутны холбоотой хамтран ᠌᠌”Оюутан цагдаа-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Улаанбаатар хотын их, дээд сургуулийн 62 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон ажил болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллана.
Монгол Улс Гадаадын иргэд жуулчдын тоо ихээр нэмэгддэг зуны улиралд тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгцээт мэдээ, мэдээлэл хангах, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллах зорилготой.
Түүнчдэн гадаад хэлний мэдлэгийн түвшнийг үндэслэн шалгаруулж авсан Оюутан цагдаа нар энэ өдрөөс эхлэн наймдугаар сарын 10 -ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд өдрийн 8 цагаар ажиллана.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Шударга мэдээ
Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна
ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Зургаадугаар сарын 2-ноос хоёр байршилд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлсэн бөгөөд нийт ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.
- Баянгол дүүргийн 5, 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны автобусны буудал орчим болон Энгельсийн гудамж орчимд 1415 метр;
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл 1398 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан дээрх байршлуудад ажиллалаа.
Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 170 км үерийн хамгаалалтын инженерийн байгууламж байдаг. Сүүлийн жилүүдэд нийт нутгаар жилийн хур тунадасны дундаж хэмжээ ихсэж буй. Иймээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 440 км гаруй үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийг үе шаттай хийхээр төлөвлөж байна. Ингэснээр үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ” гэв.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог, эрсдэл өндөр 24 байршлыг тогтоон, зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Үүнээс энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг амарсан үед буюу замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс зургаадугаар сарын 2-ноос ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ авто замын засвар, шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байршлуудад шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна. Ийнхүү араас нь зам хучилтын ажил үргэлжлэх боломжтой болж буй. Мөн борооны ус зайлуулах хоолойг 600-1000 мм голчтой төмөр бетоноор угсарч байна. Ингэснээр насжилт уртсах юм” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Улстөр нийгэм2020/03/24
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Гашуун сухайт боомтод ажиллалаа
-
Урлаг спорт2024/05/30
Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулн...
-
Цаг үе2020/11/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Шударга мэдээ2022/03/29
Хилийн боомтуудыг төмөр зам болон авто замаар холбоно