Шударга мэдээ
Гэр хорооллын эмийн сангуудад эм хангамж, үнийн судалгаа хийж байна
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн алслагдсан хорооны нутагт ажиллаж буй эмийн сангуудад эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангамж хүртээмж ямар байгаа, үнэ ханшийн талаарх судалгааг гаргаж, чанар аюулгүй байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байгаа.

Хяналт шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн алслагдсан хороод, гэр хороололд байрлах эмийн сангуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан юм. Урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжилтнүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Өнөөдрийн шалгалт Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны алслагдсан эмийн сангаас эхэлсэн юм. Шалгалтын үеэр эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал “Хоёр асуудлын хүрээнд судалгаа, шалгалт хийж байна. Нэгдүгээрт, эмийн үнийн асуудал. Эмийн сангуудад зарагдаж байгаа үнэ болон эм ханган нийлүүлэгч байгууллагуудын үнийн судалгааг гаргана. Мөн тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргаж, эмийн нөөц шалгана. Шалгалтад одоогоор 72 эмийн сан хамрагдаад байна. Харин өргөн хэрэглээний эмээс гадна зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмүүд зарим эмийн санд тасалдсан байна. Зөвхөн "Ковид-19" гэлтгүй өдөр тутмын эмнэлгийн нөөцөд хэрэглэдэг эм тариа, натри хлорид, дуслын шингэнүүд, зүү тариур хомсдсон байна” гэдгийг онцолж байлаа. Мөн эмийн санчид “Тарилгын шингэнүүд тасарсан байна. Зарим нэр төрлийн антибиотикууд тасарсан” хэмээн ярьж байв.

Хяналт, шалгалтыг НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал ахалж, тус хэлтсийн болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид аравдугаар сарын 28-наас эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 12-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэх юм.

Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2019/07/19
Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлб...
-
Улстөр нийгэм2025/01/27
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...
-
Цаг үе2022/08/29
Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулна
-
Цаг үе2019/10/02
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
