Шударга мэдээ
Шалгалтаар дэн буудлуудаас авсан нийт арчдасын 39.2 хувьд нь гэдэсний савханцар илэрлээ
Өнөөдөр НМХГ-аас Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийснийг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 буюу 6.2 хувь нь их, 92 буюу 71.3 хувь нь дунд, 29 буюу 22.5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.
Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлэн 348 заалттай 73 албан шаардлага болон эрх бүхий албан тушаалтны 49 албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 29600.0 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ ногдууллаа.
Лабораторийн шинжилгээний дүн:
Эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавч, аяга таваг зэрэг эд зүйлсээс 500 гадаргуугийн арчдас авч НМХГ-ын Төв лабораторид шинжлүүлэхэд 142 арчдаст буюу 28.5хувьд нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрсэн. Дэн буудлаас авсан нийт арчдасын 39.2 хувьд нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрлээ. Унд ахуйн усны чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 61 зочид буудал, дэн буудлаас усны 122 дээж авч хими, нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд 2 дээжинд нянгийн тоо стандартад заасан нормоос их гарсан тул зочид буудлын усны шүүлтүүрийг шинэчлүүлж, ус хадгалах савыг угаалгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
Дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ.
• Үйлчилгээний ажилчдын 49хувь нь эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй байна.
• Дэн буудлын үйлчилгээний ажилчид 57 хувь нь мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсдөггүй
• Шалгалтанд хамрагдсан газруудын 56хувь нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан.
• Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүйгээр баригдсанаас төлөвлөлтийн хувьд шаардлага хангахгүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага, дэн буудлууд хоолны газрын өрөөгүй, орон сууцны байрын өргөтгөлд байрласан Цагаан хэрэглэл угаах хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй
• Шалгалтанд хамрагдсан газруудын 56 хувь нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан
• Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй байсан
• Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, улавчийг сольж угааж халдваргүйжүүлээгүй.
• Орны бүтэц стандартад заасан шаардлага хангахгүй
• Зочин хүлээн авах өрөөнд өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй,
• Засвар шинэчлэлт хийхгүйгээс ханын обой хуурах, шал, дэвсгэр хуучирч элэгдсэн, зай завсар орсон, ариун цэврийн өрөөний тоноглолууд эвдэрсэн, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
