Урлаг спорт
Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ
МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байна. УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 30-нд болох тоглолтынх нь талаар түүнтэй ярилцлаа.
-Таны “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Рондо”, “Сайхан чамдаа” зэрэг олон сайхан поп дууг сонсох дуртай. Та олон жил гадаадад амьдарч байна. Эх орондоо ирсэн төдийгүй сонгодог тоглолт үзүүлэх болсон тухай мэдээ сонсоод илүү их сонирхол татлаа?
-Би 1997 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр Д.Дашиймаа багшийн удирдлага дор төгссөн. Түүнээс хойш дуурь дуулж чадаагүй л дээ. Оюутан байхдаа хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Солонго” романсаар нэрлэсэн тоглолт, мөн “Arie Antiche” гээд Монте Вердийн үеийн ари ариеттагаар тоглолт хийж байлаа. Би олон жил гадаадад амьдарч байна. 2012 онд ханийгаа алдаад сэтгэл санаа хүнд байх үедээ Парисын Олон Улсын Хөгжмийн консерваторид орж суралцсан л даа. “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Баярлалаа”, “Рондо”, “Сайхан чамдаа” зэрэг өөрийнхөө дуунуудыг дуулаад байхад сэтгэл хөнгөрдөггүй тийм үе байсан л даа. Дуурь гэдэг бол мэргэжлийн том урлаг. Би энэ урлагт Д.Дашиймаа багш болон Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багштайгаа хичээллэж байх үеэсээ гүн гүнзгий дурласан. Дуурийн урлагийн баатарлаг, өөдрөг гэгээлэг, аливаа зүйлд бууж өгдөггүй тэр хүчирхэг эмэгтэйчүүдийн дүр, тэдний дуулж байгаа өгүүлэмж нь сэтгэлд их хүч өгдөг. 2014 онд би Парисын хөгжмийн дээд сургуулийн Лирисса Тосканелли багштайгаа учирсан. Багаасаа балетаар хичээллэсэн, төгөлдөр хуурч мэргэжилтэй, дуулах урлагийн хичээлийн шилдэг багш юм. Анх энэ багш дээрээ очихдоо би амьдралын хүнд цохилтоос болоод их өөрчлөгдсөн байсан. Сургуульд сурсан зүйлээ бараг мартсан байсан л даа. Тэгээд багштайгаа хичээллэж эхэлсэн. Мэдээж эзэмшсэн мэргэжил маань учраас аажмаар сэргэсэн. Сэтгэл зүрх маань ахин шинээр булгилж, энэ урлагт дахин дурласан.

-Франц багштайгаа хамтарч тоглох санаа хэзээ төрөв?
-Их олон сайхан бүтээл дуулж сурлаа. Нэг том бүтээлийн ард гарна гэдэг нэг том даваа давлаа л гэсэн үг шүү дээ. Дан Аve Maria-гаар тоглолт хийж байлаа. Ингээд нэг өдөр Лириссад хамт тоглох санал тавихад зөвшөөрсөн. Ийм мундаг дуучин зөвшөөрөхөд нь үнэхээр баярласан. Багш маань тоглолтын хөтөлбөр бэлтгээд надад авчирч өгсөн. Үнэхээр сайхан хөтөлбөр байсан л даа. Би маш их сүрдсэн, бас айсан. Сүүлдээ багшдаа дэмий ч санал тавьж дээ, ийм том аринуудыг би яаж чадах юм бэ гэж бодох үе ч байлаа. Гэтэл хүн сурдаг юм байна. Хүний эзэмшсэн мэргэжил хүнээс хэзээ ч алга болдоггүй юм байна. Манай Монголд залуучууд л тайзан дээр гардаг. Тайз бол ерөөсөө залуусынх гэсэн нэг тийм ойлголт ч байдаг юм шиг санагддаг юм л даа. Харин Европт өөр. Эсрэгээрээ гэж ч болно. Тэнд 40, 50, 60 нас хүрсэн улсуудыг ид дуулах үедээ байна гэж үздэг. Тиймээс европт, тэр дундаа Парист олон жил амьдарсан хүн болоод тэр үү миний сэтгэл зүрх дуулах хүсэл тэмүүллээр амархан хөглөгдсөн. Дотор минь хаа нэгтэй нуугдаж, намайг барьж байсан хүлээснээс гарч, ахин суралцсан. Тэр бүхнээсээ дээжлэн ард түмэндээ үзүүлэхээр боллоо.
- Хөтөлбөрөөсөө сонирхуулж болох уу?
-Франц болон итали хэлээр дуулна. Тоглолт маань Франц, Италийн сонгодог урлаг, тэр дундаа дуурийн алдартай ари болон хоршлоос бүрдэж байгаа юм. Мөн Jacques Offenbach, Georged Bizet, Saint-Saens, Charles Gounod, Hector Berlioz, Guiseppe Verdi, Vincenzo Bellini, Gaetano Donezetti нарын суут хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулна. Монголын сонгодог урлагийн түүхэнд Францаас мэргэжлийн сопран ирж байгаа нь анхных байж магадгүй. Тэгээд хамгийн сайхан нь эх хэлээр нь сонсох нь байна шүү. Энэ урлагийн хөгжилд оруулж байгаа миний өчүүхэн хувь нэмэр гэж бодож байна. Мэргэжлийн дуучин болох гэж байгаа бүхэнд “Мастер класс“-ын сургалт үнэ төлбөргүй явуулна. Энэ хичээл их үнэтэй байдаг. Би багшаасаа манай оюутнуудад хичээл явуулаач ээ гэж гуйсан юм. СУИС болон Монгол Улсын консерваторийн удирдлагууд их сайхан хүлээж авсан. Энэ их сайхан боломж шүү.
-Та ер нь 10-аад удаа бие даасан тоглолт хийсэн байх. Бүр “Сюрприз барьж ханахгүй юм аа” гэсэн үг ч тэр үед гарч байсан?
-Баярлалаа, тэгж хэлдэг улс байдаг. Поп, блюз дуулж байгаад “Хөөрхөн халиун” гэж дуулаад клип хийсэн чинь “ямар стиль жанр вэ, ёстой гоё байна” гэж байх жишээтэй. Түүний дараа 2009 онд хүүхдэд зориулан “Маамуу нааш ир”, “Бөөн баяр” гэдэг хоёр цомог гаргасан. “Бөөн баяр” цомог манай Түмээгийн /нэрт яруу найрагч, МУСГЗ Загдын Түмэнжаргал/ хүүхдэд зориулсан үе үеийнхний дуулах дуртай шилдэг дуунуудаас бүрдсэн. Түүнээс хойш дорвитой тоглолт хийлгүй байж байгаад “Франц Италийн романтик бүсгүйчүүд” тоглолтоо хийх гэж байна. Сэтгэл их догдолж байна. Уран бүтээлийн аз жаргалаа эдлэх гээд байна л даа.
-Францад амьдраад нэлээн удлаа. Франц орон, ард түмэн, соёлын харилцаанд нь дассан байх. Ер нь франц уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар онцлог байдаг вэ?
-Өнгөрсөн жил Түмээгийнхээ 65 насны ойг тохиолдуулан франц хөгжимчидтэй ирсэн л дээ. Тэд цагаа сайн барьдаг, стиль жанраа ягштал барьж, бие биенээ хүндэлдэг, зохион байгуулалт сайтай хамтран ажиллахад сайхан байдаг. Гэхдээ монгол орчинд өсөөгүй, монгол дууг байнга сонсож байгаагүй хүмүүс монгол дууг тоглоход амаргүй ч мэргэжлийн хувьд сайн тоглосон. Франц уран бүтээлчидтэй хамтран ажиллахад урамтай байдаг.

-Монгол дуучны уран бүтээлийг францчууд хэр хүлээн авдаг вэ?
-Сайхан хүлээж авдаг. Тэдний чих бэлтгэгдсэн байдаг. Би захиалагчийн хүсэлтээр поп, ардын дуу дуулахаас гадна хүүхдэд зориулсан тоглолт хийнэ гэхчлэн олон төрөлд хувирдаг. Монгол ардын дуу сонсох хүсэлтэй байвал сайхан үндэсний хувцас, малгайгаа өмсөөд, ээмгээ зүүгээд хадааж өгнө. Монголчуудыг байгалиасаа өгөгдөлтэй гэж ярьдаг. Тэр нь хоёр том хацар, шанаа. Хацрын цаана хөндий байдаг. Тиймээс манай монголчуудын дуулж байгаа нь өргөн, том, чадалтай дуугардаг гэх юм билээ. Европынхон бол арай өөр. Тэд хацартай болох гэж өөх шахуулж, бөндийтөл нь улаанаар будаж байна шүү дээ. Гэтэл бидэнд тийм шаардлага алга. /инээв/
-Хэрхэн амьдарч байгаа тань манай уншигчдад сонин байгаа болов уу?
-Хоёр хүүхдээ өсгөөд бусдын адил амьдарч байна. Тэд маань бие биедээ ханьтай өсөж байна. Хоёр хүүхдээ орхиод ирсэн болохоор сэтгэл маш их зовж байсан боловч одоо ээж минь очоод хамт байгаа болохоор сэтгэл амарч байна даа. Энэ жил аавыгаа алдлаа. Амьдрал шүү дээ Мягмарсүрэн минь хүчтэй байгаарай л гэж өөртөө хэлэх юм. Тэгсэн ч гэсэн ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ.
-Та мөн Францын сургуулиудад багшилж, монгол ёс заншил, соёлоо түгээдэг. Энэ талаар тань асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Францад хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн сургалтад хүүхдүүд нь хамрагдаж байна. Тэд хичээлд явах ирэх, тоглох, зурах, унших, зурагт үзэх гэхчлэн бүх юм нь цагийн нарийн хуваарьтай байдаг. Мөн долоо хоногт нэг удаа өдөрт 45 минут эсвэл нэг цаг ямар нэгэн дугуйланд хамрагдах ёстой. Тэр нь Парисын зарим сургуульд миний ордог монгол амьдрал ахуй, соёл урлагийг таниулдаг хичээл юм. Тэр хичээлээр хүүхдэд Монгол Улсын тухай танилцуулна. Монгол гэдэг ийм ийм уур амьсгалтай, ийм гайхалтай байгальтай, хүүхдүүд нь ингэж өсөж хүмүүждэг, Улаанбаатар гэж ийм нийслэл хоттой, хөдөө холын аймгуудад хүүхдүүд ингэж хичээлдээ явдаг, монгол хүүхдүүд сурах их дуртай. За, тэд шагайгаар ингэж тоглодог, аав ээждээ ингэж тусалдаг, ааруул бяслагаа ингэж шахдаг гээд л ярина. Үзүүлэн бэлтгэнэ, танилцуулна.
Франц хүүхдүүд ослет гэж шагайг мэддэг юм билээ, дээр үед тоглож байсан гэж ярьдаг. Монгол Улсын газрын зургаар эвлүүлдэг тоглоом тоглуулна, монгол үндэсний хувцастай буддаг номыг хэвлэж будуулна. Мөн аав, ээж, бас өөрсдийнх нь нэрийг худам монгол бичгээр бичиж өгнө. Тэгэхэд тэд маш дуртай сайн ойлгож сонсдог сурдаг. Өмнө нь би монгол хэлний яриа техник заадаг байсан бол одоо соёл иргэншлийн хичээл ордог болсон. Франц хүүхдүүд “сайн уу багшаа” гээд мэндэлдэг бас өвөр дээр минь сууж эрхэлнэ, зарим нь хацраар минь тоглоно. Хөөрхөн шүү тэдэнтэй ажиллах, за тэгээд үлдсэн минутад дуу дуулах эсвэл үлгэр уншиж өгдөг. Миний хичээлд 15-20 хүүхэд суудаг, хичээлдээ маш их дуртай.

-“Хайрын тэнгэр чамайг орхидоггүй” гэж сайхан дуу үзэгч, сонсогчдод хүрээд удаагүй байна. Түүнээс хойш ямар шинэ уран бүтээл хийж байна вэ?
-Энэ дууны үгийг манай “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн бичсэн. Лхагваа маань Түмээ бид хоёрын амьдралыг мэддэг болохоор үнэхээр мэдэрсэн. Г.Онон гээд залуугаар ая зохиолгохдоо бид хоёрын амьдралыг ярьсаар байсан гэсэн. Лхагваадаа их баярлаж байгаа. Намайг очиход Г.Онон бодолд ороод харамсангуй сууж байсан юм. Одоогоор тоглолт гээд шинэ уран бүтээл хийх завгүй л явж байна даа.
-Тоглолтын тасалбар аль хэдийн зарагдаад эхэлсэн үү?
-Тоглолтын тасалбарыг ticket.mn борлуулж байгаа. УДБЭТ цөөхөн суудалтай учраас үзэгч та авч амжаагүй бол эртхэн аваарай. Францын дуучин бид хоёр үнэхээр сайхан тоглолт, дуулалтыг үзүүлнэ. Нэг л удаа, бүх энергиэрээ даацтай тоглолт үзүүлнэ. Мөн тасалбарыг 1900-1800 үнэгүй хүргэж өгнө. Тоглолтын бэлтгэл хийж байхад хүмүүс сонсоод сайхан үг хэлж урам хайрлаж байгаа болохоор бид эрч хүчээр дүүрэн байна.
-Ямар ямар байгууллага дэмжин ажиллаж байгаа вэ?
-Тоглолтыг БСШУСЯ-ны Соёл урлагийг дэмжих сан, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол эх орны маань бахархал болсон “МИАТ” ТӨХК, "Хөвсгөл лэйк зочид буудал", мөн Франц улстай хамтран ажилладаг ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөдөг “Эмимпэкс концерн” зэрэг олон байгууллага, мөн мэдээж радио, телевиз, сонин сэтгүүл гээд хэвлэл мэдээллийнхэн маань дэмжиж байгаа. Мэргэжлийн франц дуучин анх удаа ирж байна, бид хамтдаа сайхан тоглолт үзүүлэх гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа шүү. Та нар минь ирж үзээрэй гэж үзэгчиддээ уриалмаар байна.
-Энэ тоглолтоо та хоёр өөр оронд тоглох бодол бий юү?
-Франц улсад хэд хэдэн удаа тоглосон. Дараа нь БНХАУ, БНСУ, ОХУ-д тоглохоор төлөвлөж байгаа.
- Танд амжилт хүсье.
- Баярлалаа.

Урлаг спорт
Морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа
Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ.

Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн. Ийм нууц хэлбэрийн уралдаан нь учирч болзошгүй олон эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа асуудал бий. Аливаа уралдааныг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн удирдлага, цагдаа, хяналтын болон эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдэгдэх ёстой. Гэвч энэ шаардлагыг мөрдөхгүй байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж байна. Иймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалах, монгол өв соёлоо харгалзан үзэхийн зэрэгцээ далд хэлбэрийн уралдааныг зогсоож, гаргасан дүрэм журмыг чанд мөрдөх, хариуцлагын тогтолцоог сайжруулж хамтын хариуцлагыг бий болгох шаардлагатай. Мөн морин уралдааны цаг хугацааг сайтар тооцоолж зохион байгуулах, нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Хашчулуу “Энэхүү уулзалтад ММСУХ-ны төлөөллүүд, Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон холбогдох бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Монголын Морин спорт уяачдын холбооны саналыг үндэслэн биднийг хүлээн авч уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. ММСУХ үндэсний өв соёл, дархлаа болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, морин уралдааны анхны хамгаалалтын төхөөрөмжийг оруулж ирсэн. Унаач хүүхдийг даатгалд хамруулах асуудлаар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажилласан. Өнөөдөр морины уралдаан спортын хэмжээнд хөгжиж байна. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хүүхдийг эцэг, эхээс нь булаан авч, эмнэг догшин морь унуулаад, боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж, талцуулж байгаад харамсаж байна” гэв.

НМСУХ-ны тэргүүлэгч М.Мөнхбаясгалан “11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан. Гэвч уламжлал ёсоор Сар шинийн баярын дараа хаврын улиралд хүүхдүүд морио унаад уралддаг жишиг бий. Угтаа хаврын уралдаан нь нэг талаараа аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой байсан. Гадаад, дотоодын жуулчид ирэхэд бидний онцлон үзүүлдэг гол өв соёлын нэг нь морин уралдаан юм. Үүнийг дагаад монголчуудын дээл хувцасны соёл, эд хэрэглэл, ахуй зан заншил зэрэг олон соёлыг жуулчид нэг дороос, богино хугацаанд үзэж танилцах боломжтой байсан” гэсэн юм.

Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзий “Морин уралдааныг бид санаачилж зохиогоогүй. Бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн тэртээгээс зохиож түүнийгээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлал юм. Бид ийм арвин түүхтэй ард түмэн. Монголчууд малчин ард түмэн. Өнөөдөр Монгол улсад малчин, уяач бэлтгэдэг тусгай сургууль байхгүй. Морь унаач хүүхдүүдийн дийлэнх нь малчны амьдралд өсөж, өв соёл, уламжлалаа тээж яваа хүүхдүүд байдаг. Хэрэв энэ заншил тасарвал малчин удам, ахуй соёлын залгамж халаа үгүй болох эрсдэлтэй. Мөн хүүхдээр морь унуулахыг зарим хүн хөдөлмөр эрхлэлт мэтээр ойлгож байна. Харин энэ нь хөдөлмөр бус үндэсний спорт юм. Хүүхдүүд үндэсний спортоороо хичээллэж, соёл уламжлалаа залгамжлан авч явах ёстой. Үндэсний өв соёлоо устгах бус харин хамгаалж, хадгалж үлдэх нь бидний үүрэг” гэдгийг онцолсон юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх сарын 5-наас толилуулна
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна.
Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм. Энэхүү жүжгээр өсвөр насны хүүхэд – эцэг эх хоорондын харилцааны хямрал, сошиал орчны нөлөө түүнээс хамаарсан итгэлцэл болон хууралт зэрэг яг одоо бидний дунд байгаа асуудлуудыг хөндөх болно.
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно.
Урлаг спорт
“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна.
“Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж, ирэх тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал зургаан сар үргэлжлэх юм. “Улаанбаатар кап” тэмцээнээр шигшээ 32 баг шалгарч, урьдчилсан шат 28 өдрийн турш дөрвөн зааланд зэрэг явагдаж, 1400 гаруй тоглолт зохион байгуулаад байна. Мөн өнгөрөгч сард төвийн зургаан дүүргийн ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын төрлийн аваргуудаа тодруулсан юм.
-
Цаг үе2023/10/10
Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ
-
Улстөр нийгэм2022/09/21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэр...
-
Улстөр нийгэм2020/11/06
Төмөр замын ачаа тээвэрлэлт өсч, зорчигч тээвэрлэлт буурчээ
-
Улстөр нийгэм2024/02/13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрү...
