Урлаг спорт
Э.Содномпилжээ, М.Уранцэцэгт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн Энхбаярын Содномпилжээ, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Тамирчдаа бэлтгэн дасгалжуулсан Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбажавын Баттулга, Монголын Хүндийн өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр нарт Гавьяат дасгалжуулагч цол олголоо.
Мөн Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн их эмч Шадавын Болормаад Хүний гавьяат эмч, чөлөөт бөхийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн Халтмаагийн Баттуулд Гавьяат тамирчин цол олгов.
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллай,
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт Бат-Очирын Болортуяа,
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Үндэсний шигшээ багийн тамирчин, Пара жүдо бөхийн тамирчин Нямаагийн Алтанцэцэг
Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цэрэндэжидийн Батзаяа
Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Заяабаатарын Буяннэмэх
Паралимпын шигшээ багийн бодлогын хэрэгжилт хариуцлсан мэргэжилтэн Сүрэнчулууны Чинбат
Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Баатарсүхийн Чинзориг
Үндэсний шигшээ багийн тамирчин, Пара таеквондогийн холбооны тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Эрдэнэсайханы Билэгт
Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч Гансүхийн Ган-Эрдэнэ
Ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Лхагвасүрэн
Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын жүдо бөхийн 66 кг-ын жингийн долоодугаар байрын шагналт Аажимын Мөнхбат
Пауэрлифтингийн тамирчин Одонтунгалагийн Мөнхбат
Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Баярцогтын Мөнхзаяа
Хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэл
Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий менежер Бямбасүрэнгийн Энхбаяр
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн захирал Батбаатарын Эрдэнэваанчиг;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Ширээний теннисний шигшээ багийн тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ
Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Баясгалангийн Солонго
Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Дэмбэрэлийн Сэлэнгэ
Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан
Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам
Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Энхтайваны Чимэддолгор
Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын жүдо бөхийн долоодугаар байрын шагналт Сүхбаатарын Ядамдорж нарыг шагналаа.
Эх орноо төлөөлөн “Токио-2020” зуны олимп болон паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчид, багш, дасгалжуулагчид, албаны хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүсэв.
Хамгийн гол нь Монгол Улс баг тамирчдаараа дамжуулан хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны үзэл санаанд хувь нэмрээ оруулж, цар тахлын хүнд цагийг хамтдаа давах хүсэл зоригоо илтгэн харуулсныг тэмдэглэв.
Цаашид алдаа оноогоо цэгнэж, амжилт, ололтоо улам бататган, ирэх олимпын наадамд илүү өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Урлаг спорт
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.
Урлаг спорт
Уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Урлаг спорт
СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Гүйцэтгэгч сонгон шалгарсан тохиолдолд тус дүүргийн ЗДТГ захиалагчийн хяналт тавина” гэдгийг онцлов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС