Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Сумъяабазар: Сайхан нийгэм, сайхан хот цогцлоохын төлөө бидний үеийнхэн зүтгэхээс аргагүй

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар албан тушаалдаа томилогдоод нэг жил гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилго, зорилтын талаар ярилцлаа.

-Нийслэлийн Засаг даргын албанд томилогдсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Эргээд дурсвал хийж, хэрэгжүүлсэн ажил олон байгаа нь дамжиггүй. Тэр олон дундаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулсныг онцолмоор байна. Уг хууль хэрэгжиж эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Энэхүү хууль хэрэгжсэнээр нийслэлийн ямар асуудлууд шийдэгдэх боломж бүрдсэн бэ?

-2020 оны шат шатны сонгуулиар бид нийслэл Улаанбаатар хотын  1.5 сая гаруй иргэний итгэл, дэмжлэгийг аваад ажиллаж байгаа. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийн биелэлт чухал. Нөгөөтээгүүр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд шийдэгдээгүй олон асуудал хуримтлагджээ. Улаанбаатар хотын төсөв санхүүг удирдахдаа өрийн удирдлагын менежментийн баггүй ажиллаж ирсэн байх жишээтэй. Өрийн удирдлагын менежментээ зөв хийхгүйгээр хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй зохицуулна гэдэг амаргүй. Өр зээлийн асуудал ч нэлээдгүй бий. Гэхдээ тэрийг орхиё.

Өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр би УИХ-ын гишүүний сонгуульт ажлаа өгөөд хот гэдэг их айлд ирж байсан. Амаргүй хүнд албанд ирж байгаагаа мэдэж байсан. Гэхдээ ард иргэдийнхээ өмнө амласан амлалт, нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд чадах ёстой гэсэн итгэлээр хотод ирсэн юм. Хотод ужгирсан олон асуудлыг шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэр дундаа дэлхий нийтэд түгшүүр зарласан “Ковид-19” цар тахлын халдвар манай улсыг тойрохгүй гэж тооцоолж байсан ч ажил авснаас хойш 14 хоногийн дараа хүндрэл учирч эхэлнэ гэж хараахан тооцоогүй. Гэхдээ бэрхшээл хүнийг хатуужуулж, хэрсүү болгож, хөгжүүлж, чадавхжуулдаг, туршлага дадлага суулгаж байдаг. “Ковид-19”-ийн хөл хорио иргэдэд бухимдал, аж ахуйн нэгжүүдэд хөл хорионоос үүдсэн бэрхшээлийг авчирсан ч тэр бүхнийг үе шаттайгаар даван туулж байна даа.

Энэ бүхний хажуугаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж чадсан. Үе үеийн хотын удирдлагууд хуулиа шинэчлэх гэж хичээж, хотоо хөгжүүлэх гэж өөр өөрийн арга барилаар ажиллаж ирсэн нь мэдээж. Илүү далайцтай, илүү өргөн хүрээнд ажиллая гэж манай багийнхан зориглосон. Ингэхийн тулд төсөв санхүү, эдийн засгийн хувьд бие дааж байж үр дүнд хүрнэ гэж тооцоолсон. Тиймээс ч УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнтэйгээ зөвшилцөж байж хуулиа шинэчилсэн. Энэхүү хууль батлагдсанаар гурван үндсэн дэвшил авчирч байгаа. Нэгдүгээрт, эдийн засгийн бие даасан байдал бий болох үндэс тавигдсан, хоёрдугаарт, эрх зүйн чадамжтай хот болсон, гуравдугаарт, засаг захиргааны реформ хийх суурь нөхцөл бүрдсэн. Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын  19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг буцаагаад хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотын бүтээн байгуулалтад зориулахаар шийдвэрлэсэн. Энэ бол Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болохыг дэмжсэн түүхэн шийдвэр байсан. Тэрхүү тогтоолын дагуу боловсруулсан төлөвлөгөөгөө өчигдөр Засгийн газарт танилцууллаа. Нийт есөн бүлэг ажлаа танилцуулж, батлуулахад бэлэн болгоод байна.

420 тэрбум төгрөг гэдэг бол төсөвт их мөнгө. Гэхдээ том бүтээн байгуулалт хийхийн тулд бид олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, манай улсын Хөгжлийн банк зэрэг байгууллагууд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжье гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхнээс манай хотод хөрөнгө оруулалт, урт хугацааны зээлийн эх үүсвэр бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан есөн багц төлөвлөгөөний талаар ярилцъя. Танилцуулсан ажлуудыг хэзээнээс хийх вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжинэ гэдгээ удаа дараа хэлсэн. Залуу, эрч хүчтэй Ерөнхий сайдын хувьд асуудалд зоримог хандаж байгаад талархалтай байгаа. 2022-2024 оны хооронд Улаанбаатар хотод улсын төсвийн хүрээнд хийх ажлууд нь хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэгдэх юм. Есөн бүлэг ажил байна. Эхний ээлжид авто замын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Зарим дутуу ажлууд байна. Түүнийг гүйцээж, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөж барих ажлыг 2022 онд хийнэ. Түүнчлэн бусад эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хурдны зам барина. Одоогоор урьдчилсан ТЭЗҮ хийсэн 71.5 км хурдны зам нь дэд төвүүдийг холбосон зам байх юм. Хөндлөн болон хэвтээ тэнхлэгт 70.5 км зам мөн нэмнэ. Босоо тэнхлэгт 82.4 км замыг тавихаар төлөвлөөд байгаа. 

Хурдны зам Улаанбаатар хотын гэр хороолол дундуур тавигдах учир газар чөлөөлөлтийн асуудал тулгамдана. Тиймээс би Хотын даргын хувьд иргэдээсээ газар чөлөөлөлтөд хотынхоо бүтээн байгуулалтыг дэмжиж байна гэдэг утгаараа идэвхтэй сайхан оролцоод өгөөсэй гэж хүсэх байна. Зам тавигдана гэдэг, тэр дундаа хурдны замтай болно гэдэг бол гэр хорооллын иргэдийн амьдралын чанарт эерэг өөрчлөлт авчирч, эдийн засгийн эргэлт бий болгоно.

-Газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг тооцоолж, төсөвт тооцсон уу?

-Эхний ээлжид хийж гүйцэтгэх зургаан байршилд газар чөлөөлөлтөд 499 нэгж талбарт 169.5 тэрбум төгрөгийн эх үүсвэр тавихаар тооцсон. Төсөв маань НИТХ-аар хэлэлцэгдэж батлагдана.

-Хотын түгжрэл нь цаг хугацаа, эдийн засгийн алдагдал дагуулдаг. Тиймээс ч хамгийн түрүүнд анхаарал татаж буй биз ээ?

-Тэгэлгүй яах вэ. Бид бүхэн түгжрэлээс үүдэлтэй хийх ажлаа цаг хугацаанд нь хийж чаддаггүй, эдийн засгийн бэрхшээлтэй учирдаг гэхчлэн асуудлууд байгаа. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд зөвхөн зам барих бус, нийтийн тээврийн парк шинэчлэлт, уулзварын оновчтой зохицуулалтууд, гүүрэн байгууламжууд, цахилгаан дугуй, тулгуур баганат нийтийн тээвэр гэхчлэн олон зорилтыг тавин ажиллаж байна.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлт анхаарал татаж байна. Энэ онд 530 автобусны ашиглалтын хугацааг сунгасан гэсэн мэдээлэл байна. Ирэх онд энэ чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд зорчигч тээвэрлэж буй нийтийн тээврийн автобуснуудын 75 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж байгаа гэсэн тооцоо гарсан. Энэ бол эрсдэл дагуулж болохуйц мэдээлэл юм. Тиймээс бид ирэх онд 500 автобусны төсөв тавьж байгаа. Парк шинэчлэлтийн чиглэлд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллахаар санал өгөөд байна.

Улаанбаатар хот бие даан бонд гаргах, концессын гэрээ байгуулах боломж 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нээгдэнэ.

-Метро байгуулах тухай олон жилийн өмнөөс ярьсан. Биелээгүй өнөөг хүрсэн учир метро манай хотын хувьд үлгэр юм байна гэж хүмүүс бодох болсон. Гэтэл та баганан тулгуурт хөнгөн галт тэрэг явуулна гэж ярих болсон. Аль нь зөв шийдэл вэ?

-Метро байгуулах судалгааг ЖАЙКА, Азийн хөгжлийн банкнаас хийж байсан. Олон жил судлуулсан даа, ер нь. Токио хот болон бусад өндөр хөгжилтэй орнууд баганан тулгуурт нийтийн тээврийг ашиглаж байна. Энэ нь метрог бодвол зардал багатайн дээр тэрхүү замыг ашиглан олон төрлийн тээврийн хэрэгсэл зорчих боломжтойгоороо онцлог. Хотын дарга нар янз бүрийн шийдэл хайж байсан. Э.Бат-Үүл дарга л гэхэд манай хотод баруунаас зүүн тийш сунаж тогтсон метро зохимжтой гэж хэлж байсан. Энэ үнэний ортой. Гэвч асар их хөрөнгө оруулалт шаардана. Хөрөнгө оруулагч нар оруулсан хөрөнгөө богино хугацаанд эргэн нөхөхийг л хүснэ. Тийм боломжийг л сонгоно. Тэр сонголт нь баганан тулгуурт буюу газар дээгүүр зорчих нийтийн тээвэр болоод байгаа юм. 2022 оны гуравдугаар сарын 15 гэхэд бэлтгэл ажлыг хангаад, дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш газар шорооны ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтын зардал төсөвт тусгагдсан уу. Метроны төсөл шиг цаасан дээр үлдэх вий гэсэн болгоомжлол байна?

-Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT барьж байгуулах хөрөнгө улсын болон нийслэлийн төсөвт бол суугаагүй. Бусад эх үүсвэрээр буюу концессын гэрээгээр барьж байгуулах судалгаа хийсэн. Урьдчилсан тооцооллоор 1.3 их наяд орчим төгрөгийн эх үүсвэр гарахаар байгаа. Тиймээс эхний ээлжид нийт төсвийн 10 хувь буюу 130 тэрбум төгрөгийг босгох чиглэлтэй ажиллаж байна. Үүнийг бид заавал хийх ёстой. Монгол хүний ур чадварыг дайчлахаас гадна гадаадаас зөвлөхүүд авч ажиллуулна. ТЭЗҮ-ийг  энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд урьдчилсан байдлаар эцэслэн гаргана.

-Богдхан төмөр замд нийслэл ямар оролцоотой байгаа вэ?

-Богдхан төмөр зам бол Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад багагүй нөлөөтэй гэж үзэж байгаа. Хотын төвөөр зорчиж буй ачаа тээврийн машинууд түгжрэлд нэлээд нөлөөтэй. Төмөр зам дагасан захуудад түгжрэл их байдаг.  Тэгэхээр  Богдхан төмөр зам бол асуудал шийдэх нэг гарц. Тиймээс төмөр зам барьж байгуулах газар чөлөөлөлтөд зориулж  30 тэрбум төгрөгийг 2022 оны төсөвт тавьсан.

-Замын хөдөлгөөнд ухаалаг систем ашиглана. Тэрхүү системд иргэд хэрхэн оролцох вэ?

-Ухаалаг Улаанбаатар буюу Смарт хот болоход Засгийн газартайгаа хамтарч хийх ажил олон бий. УИХ дээр ч зарим нэгэн хуулийн зохицуулалтыг оруулна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтээ замын хөдөлгөөний ухаалаг  удирдлагатай зэрэгцүүлэн хөгжүүлэх юм. Ингэхийн тулд дата центр зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Улаанбаатарт зорчиж буй 615 мянган тээврийн хэрэгслийн бүртгэл хүн тус бүрээр гарна. Хиймэл оюун ухаанд суурилсан хөдөлгөөний зохицуулалтыг нэвтрүүлэхдээ авто зогсоолыг ч хамтад нь шинэчлэх юм. Бага тойрогт л гэхэд 2300 машины авто зогсоолыг ухаалаг системд оруулна. “RFID” системийг хэрэгжүүлэхэд 43.2 тэрбум төгрөг буюу нийт өртгийн гурван хувийг тооцож байгаа.

-Том зургаар харвал хот төлөвлөлттэй холбоотойгоор хотын асуудал үүсдэг юм болов уу гэж санагддаг. Архитектур, төлөвлөлтгүй сондгой барилга, байшин олноор барьснаас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна замын түгжрэл ч үүнээс шалтгаалж байх шиг?

-Бид хурдтай ажиллах ёстой. Боломжгүй зүйл гэж байхгүй. Гарц, шийдлээ хурдан хугацаанд олох хэрэгтэй байгаа. Иргэдийг бухимдуулж буй олон асуудлыг нэг амьсгаагаар нэг дор шийднэ гэж амлахгүй. Тодорхой цаг хугацаа, хүн хүч шаардана. Гэхдээ энэ бүхний эхлэлийг тавихад эрх зүйн шинэчлэл тусална. Шинэ хот, шинэ амьдрал бий болгоход шинэчилсэн хууль тусална.

Бидний үр хүүхэд ухаалаг, эко, дижитал Улаанбаатарт амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Иргэд нь стресс багатай, ажил орлоготой. Тийм амьдралыг авчрахын тулд бидний үеийнхэн зүтгэхээс аргагүй. Дэлхийн хотуудын түүх ч тийм. Нэг хэсэг үеийнхний хичээл зүтгэлээр сайхан нийгэм цогцолдог. Тиймээс суурь өөрчлөлтүүдийг хийж байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хуульд суусан дүрэм, стандарттай болж байгаа. Хуулиар зохицуулж болохгүй харилцааг дүрмээр зохицуулна.

Нөгөөтээгүүр та асуултдаа архитектур, төлөвлөлтгүй ганц нэг сондгой барилга байшин барьж байна гэлээ. Энэ бол стандартгүйн балаг. Монгол Улсад нийтдээ 6602 стандарт байдаг. Үүний 40 хувь нь хуучирсан. Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамд стандартаа шинэчлэх ёстой. Бодлогын түвшинд шинэчлэлт хийж байж үр дүнд хүрнэ.

-Монгол Улс 600 гаруй хууль, 6600 гаруй стандарттай юм байна. Хэрэгжүүлж чадвал хангалттай бодлого санагдаж байна. Эдгээрийг биелүүлдэг хандлага, соёл, хүмүүжил хаана алдагдаад байна вэ?

-Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, тун удахгүй НИТХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Энэхүү бодлогын баримт бичгээр олон зүйлс шийдэгдэнэ. Ганц жишээ хэлэхэд, цаашид барилга барих аж ахуйн нэгжүүд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдээгүй бол барилга бариулахгүй.

Улаанбаатар хотын суурин амьдрал 1779 онд эхэлсэн гэж үздэг юм билээ. Өнгөрсөн 200 гаруй жилд 1.5 сая гаруй хүн амтай байсан нь үгүй. Тиймээс хотжих соёлыг иргэддээ суулгаж, харилцан бие биеэ хүндэтгэж,  хамтран амьдрах, ая тухтай аж төрөх ёсонд суралцах нь  чухал байна. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Огноо:

,

Ардчилсан нам Засгийн газрын гэрээг удаа дараа зөрчсөн гэх асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр тайлбар авлаа. Тэрбээр "МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна. Ч.Лодойсамбуу гишүүн шүүмжилснийг гэрээ зөрчиж байна гэж дүгнэж байгаа юм. Найман жил Монгол Улсыг унтуулсан.

Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.

 
Нэгдүгээрт: АН ажил төрөлтэй болоод бэхжээд байна. Тиймээс АН-ыг бэхжүүлэхгүй байх нь МАН-д хэрэгтэй гэж ярьсан.
 
Хоёрдугаарт: АН-ын гишүүд элдвээр шүүмжлээд байна. Хамтарч байгаа тохиолдолд шүүмжлэл байж болохгүй гэж яриад байгаа юм.
 
Гуравдугаарт: Хуульзүйн яам болоод хяналтын функц АН-д байна. Дарханы Засаг дарга Б.Азжаргалаас авхуулаад бүгд баахан тендерийн хулгай хийчихсэн.

Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.

Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

Огноо:

,

Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ.
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа.


Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно.  Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ. 
Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм.


Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг  2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ.
Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно.
Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө  ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.


-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна.
-Тэгвэл зээлийн "муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно.
Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон.
-Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү?
-Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ.
-Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна?
-Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.

 
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна

Огноо:

,

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.

-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт  200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар  нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.

-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?

-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн  зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр  иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.   Үндсэндээ бол  татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь   бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох