Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэгийг ажиллуулж эхэллээ

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл өнөөдрөөс томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 16 газартай гэрээ байгуулж, долоон цэгт дархлаажуулалт хийж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд хэлэхдээ:

-НЗДТГ-аас санаачлан дархлаажуулалтын түр цэгийг томоохон худалдааны төв, захуудад ажиллуулж эхэллээ. Дархлаажуулалтын түр цэг нь тухайн зах, худалдааны төвийн ажилтнуудад төдийгүй иргэдэд үйлчлэх зорилготой. Ингэснээр  үйлчилгээ иргэдэд ойртож, ажлынхаа зав зайгаар бус, худалдаа, үйлчилгээ авах зуураа вакцинд хамрагдах боломжийг олгож буй юм. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дархлаа сэргээх түр цэгийн ажилтнуудын хуваарийг гарган ажиллуулж байгаа. Вакцинаторуудаа зөв хуваарилж, зөв газарт нь, зөв цагт ажиллуулах үүргийг тэд хүлээж байгаа. Харин зах, худалдааны төв, аж ахуйн нэгжийн хувьд түр цэг ажиллах байр, талбай гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд түрээс, мөнгө авалгүйгээр дэмжиж байгааг дуулгая. Дархлаа сэргээх тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэснээр “Ковид-19” цар тахлын давлагааг даван туулж, хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэнэ.

-Дархлаажуулалтын цэгт ажиллах мэргэжилтнүүд хүрэлцээтэй байгаа юу?

-Аравдугаар сараас эхлэн бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ-тэй хамтран вакцинатор бэлтгэх сургалт явуулсан. Нийтдээ 45 вакцинатор бэлтгэгдэн гарч байна. Мөн сувилагч нарт ХӨСҮТ-ээс богино хугацааны сургалт явуулсан. Мэргэжилтнүүд хангалттай бэлтгэгдсэн гэлээ.

Сэргээх тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэхээр дархлаажуулалтын цэгт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн хувьд вакцины түр цэг ажиллуулснаар үйлчилгээ иргэдэд ойртож, вакцинд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны вакцинатор сувилагч Б.Уранзаяа:

-Манай өрхийн эрүүл мэндийн төвийнхөн төв дээрээ нэмэлт тунг хийхээс гадна олон ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагуудад очиж үйлчилж байгаа. Өнөөдрөөс эхлэн “Баянзүрх” зах, “Хан талст” худалдааны төвд байршиж ажиллаж эхэллээ. Өнөө өглөөний 10:00 цагаас эхлээд 14:30 цаг хүртэлх хугацаанд 76 иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Захын түрээслэгчид болоод иргэдийн хувьд дархлаажуулалтын баг иргэдэд ойр ажиллаж эхэлсэнд талархалтай хандаж байгаа гэлээ.

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Аззаяа:

-Өнөөдөр эхэлсэн вакцины цэгт маань гурван цагийн дотор 35 иргэн нэмэлт III тун тариулаад байна. Одоогоор хүндрэл бэрхшээл гараагүй, ажил хэвийн үргэлжилж байна. Бид наймдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвийн Иргэний танхимд  дархлаа сэргээх нэмэлт тун хийж байгаа. Нийтдээ 2000 гаруй иргэн нэмэлт тунд хамрагдсан. Хүмүүс сэргээх тунгийн ач тус, үр нөлөөг сайн мэдэхгүй гэхээсээ илүү тусгайлан зав гаргах боломжгүй байх шиг санагддаг. Харин томоохон худалдааны төвүүд, зах дээр вакцин тарьж эхэлснээр үдийн цайны цаг болоод ажил тарсны дараа амжуулаад сэргээх тунгаа хийлгэх боломжтой болж байгаа нь сайн хэрэг хэмээн өгүүлж байлаа.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох