Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

АТГ: Хөрөнгө, орлого нь хэт өссөн 20 албан тушаалтныг нарийвчлан шалгана

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 286 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 113 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 173 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 114 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 110 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Хөрөнгө, орлого нь хэт өссөн талаарх мэдүүлэг гаргасан 20 албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу холбогдох татвар, хураамжаа төлсөн эсэхэд хяналт хийлгэхээр Татварын ерөнхий газартай хамтран хяналт шалгалтын ажлыг хийж байна.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгж, түүний харьяа хараат болон охин компани, нийт 74 хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, нийт ажилтнуудын ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийхэд авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй 329 албан тушаалтан байсан тул тэднийг Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамруулж, ХАСХОМ гаргавал зохих албан тушаалтнаар тодорхойлох чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Орон сууцны үнэ өссөн байна

Огноо:

,

Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 


Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд 2025  оны II ээлжийн  цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.

Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт  “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй  хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.

Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ. 

Цэрэг татлагын байранд очихдоо:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.

  1. Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
  2. Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
  3. Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
  4. Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
  5. Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
  6. Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
  7. Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
  8. Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
  9. Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч  холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.

Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох