Үзэл бодол
Төрийн банкийг нээлттэй хувьцаат компани болгосноор олон нийтийн хяналт сайжирна

Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэж үг бий. Монголын хөрсөнд нэлээд бат суучихсан иймэрхүү үг нэг бус, нэлээд олон байдаг бололтой юм. Зохиолч Колин Краучийн “Үхэж өгдөггүй хачин Неолиберализм” номын орчуулагч О.Гомбожав ийм нэгэн “үг”-ийн талаар тун сонирхолтой жишээ татсан нь өдгөө ч цахим сүлжээнд хадгалаатай байна. Бизнес, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй тэрээр “Төр муу менежер гэдэг үгийг манайхан их сайн цээжилсэн юм шиг байгаа юм. Хэн нэг нь мянга давтаж өгөөд цээжлүүлсэн ч байж магадгүй. Иймээс төрийн оролцоо аль болох бага, болж өгвөл байхгүй байх ёстой гэхээр бид их амархан хүлээж авдаг. Уг нь төр муу менежер байна гэдэг нь сайн менежер болох ёстой гэсэн үг болохоос огт оролцоогүй байх ёстой гэсэн үг биш юм” гэж ярьжээ. Үнэхээр түүний зөв.
Монголд төрийн өмчит аж ахуйн нэгж болгон алдагдалтай ажилладаг, аль эсвэл дампуурдаг гэх ойлголт хаанаас ч юм гарчихсан байдаг. Хачирхалтай нь, ийм яриаг гаргасан хүмүүс нь эргээд төрийн өмчийг хувьчилж авахаар тэргүүн эгнээнд дугаарлаж зогсдог. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад өөртөө авчихсан тийм жишээ ч цөөнгүй бий. Эсрэгээрээ төр өмчөө зөв удирдаж чадвал төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж болдгийг харуулсан аж ахуйн нэгжүүд ч олон байгаа.
Хамгийн их улстөржсөн, хамгийн их дуулиан тарьсан ганц жишээг энд эш татъя. Та бидний бүгдийнх нь мэдэх Таван толгойн нүүрсний бүлэг ордыг монголчууд олборлож чадахгүй гэж олон жил ярьж байлаа. Дэлхийн хэмжээний ордыг дэлхийн компани л олборлоно гэх яриа. Гэтэл өнөөдөр Монгол Улсдаа татвар төлөлтөөрөө ч, ногдол ашгаараа ч тэргүүн эгнээнд явж байгаа “Эрдэнэс Таван толгой” бол төрийн өмчит л компани. Тиймдээ ч цар тахлын хүнд үед Монгол Улсын эдийн засгийн ачааны хүндийг өргөлцөж, хүн бүрт 1072 хувьцааны ногдол ашиг тараасан биз. Бодох л өнцөг.
Үүн шиг бас нэгэн төрийн өмчит компанийг хувьчлах нь гэсэн яриа цахим орчинд давалгаалж эхэлсэн нь анхаарал татлаа. 2020 онд 37.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, жил тутам ашиг нь өсч байгаа Төрийн банкийг хувьчлах ёстой гэсэн яриа л даа. Бас л хардлага төрж байна. Одоо тайлбарлая.
1. Цар тахлын хүнд цаг алсрах болоогүй энэ үед төр өмчдөө банктай байсныг үр шимийг монголчууд нийтээрээ л хүртэж байна. Засгийн газар, Монголбанкнаас явуулж буй бодлогыг дэмжиж, тахлын үед ашиг бус, ард түмнийхээ амьдралыг харсан шийдвэрүүд энэ банкны тодорхой манлайлалтай ажил болж байсныг хүмүүс мэднэ. Тодруулбал, Өнгөрсөн онд КОВИД-19 цар тахлаас шалтгаалан улс орон даяар тогтоосон хөл хорионы үед тэтгэвэр, халамж олгох ажлыг Төрийн банк л манлайлж, гардан гүйцэтгэсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу Ажлын байрыг дэмжих зээлийг зорилтот бүлэг буюу яг бичил болон жижиг дунд бизнес эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон нь олгосон зээлийн тоо хэмжээнээс харагдана.
Жилийн гурван хувийн хүүтэй энэхүү зээл эдийн засагт ямархуу эерэг нөлөө үзүүлснийг барим тавим хэлж чадахгүй ч “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын Дундаж давхаргыг дэмжиж, 2050 онд хүн амын 50 хувьд хүргэх зорилгын эхлэл цэг нь болж чадсан. Үүнийг ч Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн байдаг. Тэрээр “Төрийн банк нь Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэсэн байдаг.
Дундаж давхрагыг бойжуулж байж л нийгмийн хөгжил урагшаа явдаг нь бичигдээгүй “хууль”. Улс орнуудад дундаж давхарга нь хэдий том байна боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л үйлчилгээний хүртээмж нь сайжирдаг. Үр дүнд нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, ашиг орлогын хэмжээ өсдөг гээд эдийн засагт нь гол хөшүүрэг болсоор байдаг. Тиймээс ч энэ бодлогыг Монголдоо гардан гүйцэтгэхэд төрд гар хэрэгтэй. Бас зайлшгүй шаардлага ч байна. Юу гэхээр он солигдохын өмнөхөн Үндэсний статистикийн хорооноос 2020 оны ядуурлын тооцооллын үр дүнг танилцуулсан. Тус хорооны дарга Б.Батдаваа “ҮСХ-ноос ядуурлын түвшинг тооцоолохдоо ядуурлын шугамыг нэг хүнд ногдох сарын хэрэглээгээр тооцдог. 2020 оны байдлаар нэг хүнд ногдох сарын хэрэглээ нь 184 747 төгрөг бөгөөд үүнээс доош хэрэглээтэй хүнийг ядуу хүн амд тооцсон. Уг тооцооллоор Монгол Улс 2020 оны байдлаар 3.3 сая хүн амтай байгаагаас 903.4 мянга нь ядуу хүн ам гэж тооцоод байна. Цар тахал ядуурлыг бууруулах түвшнийг удаашруулсан. Хэрэв коронавирусийн цар тахал дэгдээгүй байсан бол ядуурлын түвшин 2018 оныхоос 4.1 нэгж хувиар буюу 24.3 хувьд хүрч буурах боломжтой байлаа” гэж мэдэгдсэн юм. Энэ бол дундаж давхаргыг дэмжих зайлшгүй шалтгаан.
2. Банк бол итгэл дээр тогтдог бизнес. Тиймээс ч энэ салбарт гарсан нэг худал үг мянга давтаж амжаагүй байхдаа “үнэн” болох аюултай байдаг. Хор хохирлыг нь өргөн түмнээрээ үүрэлцдэг. Төрийн банк ч яг ийм “зовлон” дээр боссон банк. Харин төр зөв менежмент явуулсны үр дүнд өдгөө Монгол Улсын Топ-5 банкны нэг болж, энэ нь эргээд нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагыг өндөрсгөж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-ны өдөр УИХ-аар нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан Банкны тухай хуульд арилжааны банкны хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэх эрсдэлээс сэргийлэх хэд хэдэн зохицуулалт орсон байдаг. Үүний нэг нь банкны системд ажиллаж байгаа 12 арилжааны банкнаас нөлөө бүхий 5-ыг нь 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани болгохоор үүрэгжүүлсэн юм. Энэ дагуу банкууд эхнээсээ нээлттэй хувьцаат компани болж эхэлсэн. Хуулийн дагуу Төрийн банк ч бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Харин хуулиар хүлээсэн энэ үүрэг нь өдгөө Төрийн банкийг хувьчлах нь гэсэн “бор шувуу”-ны эхлэл болоод байгаа бололтой юм. Энэ талаар тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс тодруулахад “Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Ингэснээр иргэд, жижиг, дунд бизнесийг дэмжигч банкны үүргээ бүрэн утгаар нь биелүүлэх боломжтой болно. Нэг ёсондоо Төрийн банк нээлттэй хувьцаат компани болсноор дундаж давхаргыг бойжуулагч банкны үүргээ бүрэн биелүүлэх боломжтой. Энд зориулж цохон хэлэхэд, Төрийн банк нь хувьчлагдах бус, хэлбэрээ өөрчилж нээлттэй хувьцаат компани болсноор олон нийтийн хяналтад дор үйл ажиллагаа нь явагдана гэсэн үг юм. Бид цаашдаа ч дундаж давхаргад ээлтэй банк, санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, Төрийн банк одоо 100% Төрийн өмчит компанийн хэлбэрт байгаа бол нээлттэй хувьцаат компани болсноор олон нийтийн хяналт сайжирна аа л гэсэн үг. Түүнээс хувьчлал бус юм. Ердөө л ийм энгийн.
Т.ХЭРЛЭН
Үзэл бодол
Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна
Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.
Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.
Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Үзэл бодол
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно. Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ.
Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм.
Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг 2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ.
Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно.
Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.
-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна.
-Тэгвэл зээлийн "муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно.
Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон.
-Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү?
-Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ.
-Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна?
-Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Үзэл бодол
Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.
-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт 200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.
-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?
-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Үндсэндээ бол татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар
-
Урлаг спорт2023/04/28
Энэ ням гарагт "Playtime" наадмын “PRE-EVENT” болно
-
Цаг үе2019/07/17
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
-
Цаг үе2022/08/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Цаг үе2025/02/24
Төрийн банк нь Нидерланд улсын Фронтклэйр байгууллагатай анхны синтетик төгрөгий...