Улстөр нийгэм
УИХ-ын ажлын хэсгийн гишүүд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч оны 11 дүгээр сард байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Туваан ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Н.Ганибал, Г.Дамдинням нар ажиллаж байна.
Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2022.01.04) Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын удирдамж, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, зөв зохион байгуулалттайгаар хуваарилах замаар үр тарианы үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг.
Тус сан нь жил бүр тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс шатахуун, ургамал хамгааллын бодисууд, бордоо, үрийг буудай зэргийг 0-30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр олгодог.
Мөн усалгааны тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, техник технологийн шинэчлэлтийг дэмжих зорилгоор ОХУ, БНХАУ, БНБелУ-аас үр тарианы комбайн, трактор, үрлэгч, сийрүүлэгч, сэндлэгч, иш өргөгч, үр ариутгагч, хор цацагч, ангилангийн жатка, 100-500 тонн багтаамж бүхий ган силосууд тодорхой нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй зээлээр олгодог байна.
Түүнчлэн төмс, хүнсний ногоо, жимсний аж ахуй эрхлэгчдэд зориулан 1-3 га услалтын систем, хүлэмж, жимсний суулгац, хөргүүр, бага оврын хадлангийн трактор, төмс, хүнсний ногооны трактор, мотоблок зэргийг хөнгөлөлттэй зээлээр олгодог.
Хөдөө аж ахуйг дэмжих сан Улаанбаатар хотод бараа хадгалах 38 ширхэг буюу 1.224м3 агуулах, нефтийн 6.9 мян.м3 агуулахтай бөгөөд Булган, Сэлэнгэ, Хөтөл, Хархорин, Угтаал, Дархан гэсэн нийт 188.0 мян.тн буудай хүлээн авах хүчин чадал бүхий долоон салбартай. Эдгээр салбарууд үр тариа цэвэрлэх, хатаах замаар стандартад нийцүүлэх, буудайг технологийн шаардлага хангасан орчинд хадгалах, буудайн борлуулалтад дэмжлэг үзүүлэх, агуулахын түрээсийн үйлчилгээ үзүүлэх, дэмжлэгээр олгох бараа бүтээгдэхүүнийг хадгалах, түгээх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Одоогийн байдлаар дотоодын 30 орчим аж ахуйн нэгж гурил үйлдвэрлэх зорилгоор тус санд нөөцлөгдсөн хүнсний улаан буудай худалдан авч байна.
Тус сангаас 1411 иргэн, аж ахуйн нэгжид 34.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ. Үүнээс намрын ургац хураалтаас 11.3 тэрбум төгрөгийг урьдчилгаанд авсан байна.
2021 оны намрын ургац хураалтаас бохир жингээр тооцвол нийт 62.699 тонн хүнсний буудай хүлээн авснаас хорчгор, хайрагдсан зэрэг шалтгаанаар 2934 тонн хорогдол гарчээ. Ингээд буудайн цэвэр жинг тооцвол 59.764 тонн болж байгаа. Гэхдээ энэ жилийн буудайн чанар төдийлөн хангалттай биш бөгөөд нийт хүлээн авсан буудайн 71 хувь нь 4-р ангилал, 23 хувь нь 3-р ангилал, 4 хувь нь 2-р ангилал, үлдсэн хувь нь 1-р ангиллын буудай байна. Намрын ургац хураалтаас хүнсний буудайг 707 төгрөгөөр тооцож худалдан авч байгаа. Үрийн буудайн хувьд 16 иргэн, аж ахуйн нэгжээс 12.732 тонн үржүүлгийн буудайг авч нөөцөлсөн. Хошуу будааны үр 82.2 тонн байгаа гэдгийг Хөдөө аж ахуйг дэмжин сангийн гүйцэтгэх захирал О.Сумьяасүрэн танилцууллаа.
2021 онд 22,4 тэрбум төгрөгийн авлагыг буудайгаар, 17,7 тэрбум төгрөгийн авлагыг мөнгөн хэлбэрээр буюу нийтдээ 40,1 тэрбум төгрөгийг барагдуулсан нь өмнөх жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
ОХУ-аас элит үр 7,362.5 тонн, үржүүлгийн үр 2,696.2 тонн буюу нийт 10,058.8 тонн үрийн буудай хүлээн авч үрийн шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлжээ.
Цаашид салбарын үйл ажиллагааг дэмжих хүрээнд одоо ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжүүд шинэчлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрөөс цогц бодлогоор дэмжих, тус санг бие даасан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэйг хэлж байлаа. Тухайлбал, салбаруудыг сангийн харьяанд бие даасан төсөвт байгууллага хэлбэрт шилжүүлж ажиллуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс үүдэн санд хүлээсэн алдагдлыг зохих эх үүсвэрээс шийдвэрлэхэд ажлын хэсгийн зүгээс дэмжиж ажиллахыг хүслээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.