Шударга мэдээ
Аж үйлдвэржилтийг сэргээх ажлын хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ

Эрдэс баялгийн салбар нь 2021 онд ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, экспортын 93 хувийг тус тус бүрдүүлж байгаа ба нэгдсэн төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбарт баримтлах бодлогыг хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт гэсэн 5 үндсэн чиглэлээр боловсруулж, энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх 3 зорилт, 11 арга хэмжээг тусгасан ба энэ хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжих юм.
Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах, улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах, хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэр зэргийг барьж байгуулах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Шударга мэдээ
Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна
Нийтийн эзэмшлийн талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна.
Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, орц гарцыг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайсыг чөлөөлөх шалгалтын ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд ялангуяа авто зам дагуу байрладаг авто засвар, дугуй засвар, авто угаалгын газрууд, хоёрдогч түүхий эд худалдаалдаг ААНБ нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг зөрчил түгээмэл илэрч байгаа. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалт үргэлжилж, Баянбүрдээс Дэнжийн 1000 өгсөх зам дагуу тос, тосолгооны түүхий эд борлуулдаг байршил дээр бид өнөөдөр ажиллалаа. Нийтийн эзэмшилд дур мэдэн контейнер байрлуулсан. Түүнийгээ түрээсэлдэг зөрчлийг илрүүллээ. Нийт 10 аж ахуйн нэгжийн нийтийн эзэмшлийн зам талбайд барьсан контейнер ТҮЦ-ийг чөлөөллөө. ААН-үүд газраа дур мэдэн өргөтгөж, барилга барьдаг. Газраа зориулалтын дагуу ашигладаггүй зөрчил их байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 40 орчим байршилд хяналт шалгалт хийж байгаа аж. Газраа дур мэдэн өргөтгөж, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа зөрчлүүдэд улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгөн ажиллаж байгааг хяналт шалгалтын холбогдох байцаагч нар хэллээ. Мөн шалгалтаар илэрч буй зөрчлүүдийг ангилан ялгаж, холбогдох бодлого хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэн гэдгээ мэдэгдлээ. Ялангуяа тос, тосолгооны түүхий эдийг нийтийн эзэмшлийн талбайд худалдан борлуулах нь хүрээлэн буй орчиндоо болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй хотын стандартад нийцэхгүй гэдгийг нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр тодотгов.
Шударга мэдээ
Дунд гол орчмын хог хаягдлыг долоодугаар сарын 24, 25-нд цэвэрлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, хот орчмын Туул, Сэлбэ, Дунд, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг голын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх үүрэг даалгаврыг өгсөн.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд болон цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниуд хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд голыг цэвэрлэнэ.
Ингэхдээ,
- Дүүргийн 26-р хороо буюу Энхтайваны гүүрний доороос “Нарны хороолол”, 24-р хороо буюу “Алтай хотхон”-ы урдуур урсдаг Дунд голын ай савыг,
- Дүүргийн 20-р хороо буюу “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд хэсэг, Сонсголонгийн гүүр орчимд Дунд гол Туул голтой нийлдэг хэсгийг самнаж цэвэрлэх юм.
Цэвэрлэгээг дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагууд гаргасан хуваарийн дагуу цэвэрлэх бол “Баянгол Шинэ Өргөө” хог тээвэрлэлтийг бүрэн хариуцаж ажиллана.
Шударга мэдээ
АТГ: Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.
Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.
“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
-
Шударга мэдээ2024/04/02
Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах систе...
-
Цаг үе2020/12/15
Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
-
Цаг үе2024/10/16
Тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатай
-
Цаг үе2021/06/25
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан