Улстөр нийгэм
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болов.
Хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно” гэснийг мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан”-тай нэгэн адил ойлгож хэрэглэнэ гэж тайлбарлаж, тогтоол баталлаа. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулав.
Монголын төв нам (МТН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Тус намын 960 гишүүний бүртгэл ирүүлсэн, бүртгэл дэх гишүүдийн мэдээлэл Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгуулахад 631 хүний мэдээлэл дутуу болон зөрүүтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон.
Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараахь үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 10 дугаар зүйлийн 10.1.3-т “гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” гэж заасныг баримтлан Монголын төв нам (МТН)-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав гэж Улсын дээд шүүхээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Улстөр нийгэм2021/07/29
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсад айлчилна
-
Цаг үе2020/05/25
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
-
Урлаг спорт2020/11/28
“Uvertura” хамтлагийн онлайн тоглолт болно
-
Улстөр нийгэм2021/10/12
"Угаарын хийн хордлогын эрсдлээс урьдчилсан сэргийлье" аян үргэлжилж б...