Улстөр нийгэм
“Дорнод Монголын хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх номинаци”-ийн ажил эхэллээ

Монгол орон бол өргөн уудам хээр тал, нүүдэлчин соёл уламжлалаа хадгалан авч үлдсэн дэлхийд цөөн улсын нэг төдийгүй Евразийн хялганат хээрийн Төв Азийн хэсгийг төлөөлдөг. Хээр, тал нутаг, нүүдэлчдийн соёл нь Монгол Улсын Үндэсний өв уламжлалын бэлгэдэл, цөм нь юм.
Дорнод Монголын хээр бол өнөөг хүртэл үндсэн хэв шинжээ авч үлдсэн хээрийн экосистемийн томоохон төлөөлөл бөгөөд бүтэц, биологийн олон янз байдал нь харьцангуй цогц төдийгүй нүүдэлчин соёл иргэншил нь олон зууны турш хэвээр үргэлжилж буй экологи, эволюцийн хувьд маш чухал нутаг билээ.
Монгол Улс 2014 онд нийт 12 газрыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр урьдчилсан жагсаалтанд оруулсан байдаг. Тэдгээрийн нэг нь үндэсний цуврал өв болох Дорнод Монголын Хээр буюу Дорнод Монголын ДЦГ, Тосон хулстайн БНГ, Яхь нуурын БНГ, Баянцагааны тал БНГ, Жаран тогооны тал БНГ зэрэг МУ-ын хамгаалалттай газар нутгууд юм.
Нэр дэвшсэн дээрх үндэсний цуврал өвүүдийн өнөөгийн нөхцөл байдал нь “Дэлхийн өвийн конвенцийн удирдамж”-ийн дагуу шаардлага хангаж буй эсэх нь тодорхой бус хэвээр байв. Иймд БОАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Байгаль Орчны Яамны Байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын “Михайл Зукков Сан” болон “Монголын шувуу хамгаалах төв” хамтран Дорнод Монголын хээрийн дээрх үндэсний цуврал нутгуудыг “Дэлхийн өвд” бүртгүүлэх боломжтой эсэхийг тодорхойлох судалгааг 2019- 2020 онд гүйцэтгэсэн юм.
Дээрх судалгааны хүрээнд цуглуулсан болон зохион байгуулсан бүхий л мэдээлэл, үр дүнг нэгтгэн тайлан боловсруулсан бөгөөд үр дүнд дараах үндсэн зөвлөмжүүдийг гаргасан.
Үүнд:
Дорнод Монголын хээр нь Дэлхийн өвийн конвенцийн үйл ажиллагааны удирдамжийн (ix) ба (x) шалгуурыг цуврал өвөөр хангах боломжтой.
Урьдчилсан жагсаалтад буй нэр дэвшүүлэхээр санал болгож буй дээрх таван тусгай хамгаалалттай газар нутаг нь удирдамжийн шаардлагыг хангаж байна гэж үзсэн.
Дээрх газруудын хамгаалалт, бүрэн бүтэн байдал, өнөөгийн төлөв, ойрын хугацаанд ирж болох дарамт зэргээс үзэхэд Дэлхийн өвд нэр дэвшүүлэх ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал байна.
Ийнхүү дээрх цуврал нутгуудыг Дэлхийн өвд байгалийн өвийн ангиллаар нэр дэвшүүлэх номинацийн ажил албан ёсоор эхэлж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.