Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо

Огноо:

,

БОАЖ-ын сайдын Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.
 
Мөн тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.
 
Жил бүрийн хаврын хуурайшилтын үед үүсдэг эрсдэл бол ой, хээрийн түймэр юм. Сүүлийн 2 жилд хур тунадас ихтэй чийгшилт харьцангүй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудтай харьцуулахад бага гарсан. 3 дугаар сараас 7 дугаар сар хүртлэх хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилтын зэрэг янз бүр байдаг. Тэгвэл энэ жил хуурайшилт улам ихсэж, эрсдэлтэй байдал үүсэж буйг мэргэжлийн эрдэмтэн, судлаачид анхааруулж байгаа юм.
 
2021 онд Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг 9 аймгийн 35 суманд нийт 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байдаг. Дээрх түймэрт ойн 2092.1 га, хээрийн 201538 га талбай өртөж, экологид 3 тэрбум 174 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг тоон баримт байна.
 
Жишээ авахад энэ жилийн хувьд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 70 гаруй хувь цас багатай хавар эрт хуурайшилт үүсэж ой хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй болоод байгаа мэдээ бий.
 
Гал түймэр гарах гол нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр ихээр гардаг байна.
 
Зөвхөн тус дархан цаазат газарт сүүлийн гурван жилд гарсан томоохон хэмжээний түймрийн дүн мэдээг харахад нийт 203 га талбай түймэрт нэрвэгдэж ойн санд учирсан хохирлын хэмжээ 204 105 000 төг/ хоёр зуун дөрвөн сая нэг зуун таван мянган төгрөг/ болсон байна.
 
Тодруулбал, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын бүс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хамаарах Атаа-Шарлан голын бэлчирт /49011’28’’ 107034’08’’/ ойн түймэр тэмдэглэгдсэн. Уг түймрийг бугын эвэр түүхээр явсан иргэд тавьсан бөгөөд түймэр 5 дугаар сарын 13 өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ассан байдаг. Түймэр унтрахаар ОБГ-аас нийт 253 албан хаагч арав гаруй техник хэрэгсэл сарын турш ажиллажээ. Түймрийн тархалтын өргөн 20 км байсан бөгөөд нийт талбай 178 км2 талбайг хамарсан. Түймрээс ойд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээ 34,1 тэрбум төгрөг болсон байна.
 
Гэтэл тухайн үед БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас авсан мэдээлэлээр бугын ясан эвэр түүж бэлтгэж экспортлох эрх авсан 6 аж ахуйн нэгжээс улсын төсөвт 30 сая төгрөгний хураамж төлсөн байдаг.
 
2019 оны 04 дүгээр сарын 14 өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Хонги голын баруун талд Тахилт уулын урд Бугатын аманд түймрийн цэг илэрсэн.
 
2020 оны 06 дугаар сарын 19 өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ар илчлэгийн голын зүүн талд түймрийн цэг илэрсэн.
 
2021 оны 06 дугаар сарын 05 өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ерөөгийн халуун рашааны хойд талд түймрийн цэг илэрсэн гэх мэтээр хөвөрнө. Тэр болгонд Онцгой байдлын албан хаагчид, байгаль хамгаалагчид олон өдрөөр, машин техник дайчлан тэмцэх шаардлага тулгардаг юм.
 
Хан Хэнтийн дархан цаазат газар нь Сэлэнгэ, Төв, Хэнтий 3 аймгийн 8 сумын нутгийг хамрах 1,748,103 га талбайтай нийт дархан газрын 96 хувь нь хөвч тайгын бүсэд оршдог. Монгол орны амьтны аймгийн биологийн төрөл зүйлийн 40,5 хувьтай тэнцэх буюу судлаачдын мэдээгээр 56 зүйлийн хөхтөн амьтад байршин нутагладаг. Ургамалын аймгийн хувьд 85 овгийн 389 төрөлд хамаарах 1229 гуурст дээд ургамал бүртгэгдсэн байна. Ойн сангийн хувьд төв азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллгааны сөрөг нөлөөлд хялбар өртдөг маш эмзэг экосистем юм. Дархан газрын ойн сангын 96,8 хувь нь шилмүүст, 3,2 хувь навчит ойтой бөгөөд Монгол орны ойн нөөцийн 30 хувь нь Хэнтийн ууланд байдаг гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох