Шударга мэдээ
Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглалын анхны хувилбарыг хэлэлцэв
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээ, төслөөс гарах бүтээгдэхүүн, үр дүнд хяналт тавих, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Монгол Улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хамтран ажиллах холбогдох яам, агентлагийн төлөөллөөс бүрдсэн төслийн Удирдах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Төслийн удирдах хорооны хурлаар гишүүдэд төслийн дөрвөн үндсэн үр дүнгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын танилцуулга, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглалын анхны хувилбарыг танилцуулж, хэлэлцүүлсэн юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын үндэсний хэмжээнд болон зорилтод аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн зураглал боловсруулах, эрсдэлийн мэдээллийн сан үүсгэх, гамшгийн эрсдэлийг буууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэрэгсэл, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийн санхжүүжилт, даатгалын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн зорилготой.
Түүнчлэн төслөөс гарах үр дүн нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг (2030 он) Монгол Улсад хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.
Тус төслийн хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог гамшиг, аюулт үзэгдлийн төрөл тус бүрээр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн зураглал боловсруулахаас гадна гамшгийн эрсдэлийн санхүүжилт, эрсдэл шилжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор шаардлагатай суурь судалгаа, тооцооллыг гаргаж “Гамшгийн эрсдэлийн даатгал”-ын хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2021/05/20
Ерөнхийлөгчийн сонгуулийн үед халдвараас сэргийлэхтэй холбоотой түр журмыг батал...
-
Үзэл бодол2025/09/25
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
-
Цаг үе2024/03/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2019/11/21
“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал...
