Улстөр нийгэм
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны 04 дүгээр сарын 14-нийөдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
УИХ-аас 2017 баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 17 бүлэг, 255 зүйл, 1058 хэсэг, 908 заалттай бөгөөд тус хуулийн тусгай ангид нийт 2300 орчим үйлдлийг зөрчилд тооцож, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах зохицуулалттай байна.
Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас 7.334.349 зөрчилд шийтгэл оногдуулжээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтаар нь үзвэл 6.696.529 буюу 93.0 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 257.071 буюу 3.5 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 18.238 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 30.406 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 14.715 буюу 4.4 хувь нь танхайрах, 2.681 буюу 0.03 хувь нь тамхины хяналтын тухай хууль зөрчих, 280.907 буюу 3.8 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж байна.
Ийнхүү цагдаагийн байгууллагын шалган шийдвэрлэж байгаа зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байгаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчих зөрчлийн шийтгэлийг оновчтой тогтоох, бусад оронд хэрэгжиж байгаа эрх зүйн оновчтой зохицуулалтыг судалж хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хувилбараар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдээллээр хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт сүүлийн 3 жилийн дунджаар 81 хувь байгаа боловч, мөнгөн дүнгийн биелэлт 45 хувь байна. Торгох шийтгэлийн үр нөлөө, биелэлт хангалтгүй, шийтгэлийн шинэ арга механизм, оновчтой хувилбарыг бий болгох зайлшгүй шаардлага байгааг дээрх тоон үзүүлэлт харуулж байна.
Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэгтэй 267 зүйл, 1182 хэсэг, 429 заалттай.
- Нэгдүгээр бүлэг буюу нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилго, зарчим, хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг
- Хоёрдугаар бүлэгт зөрчил, зөрчил хамтран үйлдэх, зөрчил үйлдсэн хугацаа, газрын талаар
- Гуравдугаар бүлэгт шийтгэл оногдуулах үндэслэл, шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд, шийтгэлийн төрөл, шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл, шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл, зөрчлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл оногдуулах зохицуулалтын талаар
- Дөрөвдүгээр бүлэгт албадлагын арга хэмжээний талаар буюу хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх болон албан сургалтын талаар
- Тавдугаар бүлэгт нийтийн хэв журам, ёс суртахуун, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг зөрчлийн талаар
- Зургаадугаар бүлэгт хүн амын эрүүл мэнд, хүнс, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчлийн талаар
- Долоодугаар бүлэгт нийтийн зориулалттай өмч, хүрээлэн байгаа орчны эсрэг зөрчил
- Наймдугаар бүлэгт боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил
- Есдүгээр бүлэгт хэрэглэгч, аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил
- Аравдугаар бүлэгт үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчлийг
- Арван нэгдүгээр бүлэгт барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчлийг
- Арван хоёрдугаар бүлэгт хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчлийг
- Арван гуравдугаар бүлэгт мэдээлэл, харилцаа холбооны журмын эсрэг зөрчлийг
- Арван дөрөвдүгээр бүлэгт тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчлийг
- Арван тавдугаар бүлэгт төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчлийг
- Арван зургадугаар бүлэгт улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчлийг тус тус тусгаж шинэчлэн найруулжээ.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
