Шударга мэдээ
Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй...
2013 оноос хойш хэрэгжиж буй Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгоод буй.
Харин орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн, олон нийтэд дэлгэсэн.
Энэ асуудалд талууд өөр байр суурь илэрхийлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул Шадар сайдын үүрэг болгосны дагуу Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголбанк, Хөгжлийн банк зэрэг байгууллагуудаас гадна арилжааны банкууд, эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Монголбанкнаас хамгийн хямд эх үүсвэртэй зээл буюу 4 хувийн хүүтэй санхүүжилт авч, түүнийгээ 8 хувиар иргэдэд олгож байгаад 2020 оноос 1 хувийн хүүтэй санхүүжилт авч, 6 хувиар зээл олгож буй.
Үүний 4.15 хувь нь иргэдийн цэвэр зээл рүү, 0.6 хувь нь арилжааны банкуудын үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг бол МИК-ийн үйл ажиллагааны зардалд 0.5 хувь, үлдсэн 0.75 хувь нь МИК-ийн зээлийн эрсдэлийн сан руу ордог байна.
Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл олгох бүхий л үйл ажиллагааг гардан хариуцаж хийдэг арилжааны банкуудтай адил МИК дундаас нь үйл ажиллагааны зардал гэх мэт илүүц зардал авч байгаа нь зохисгүй үйлдэл гэдгийг Шадар сайд онцлоод, ипотекийн зээлийн хүүг болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах зэргээр тус зээлтэй холбоотой гомдол, маргаан их байдгийг эхнээс нь цэгцлэх ёстой гэж үзэж байгаа юм.
Одоогийн байдлаар Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй байгаа бөгөөд 15-20 жилийн хугацаатай авсан зээлийнхээ хүүг эхний 5 жилд бүтнээр нь тооцон төлж барагдуулдаг, үндсэн зээлээс нь хасагддаггүй, урьдчилгаа өндөр төлдөг хэрнээ дахиад барьцаа нэхдэг гэхчлэн аливаа эрсдэлийг иргэд, арилжааны банкууд хамтдаа үүрч ирсэн гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
