Шударга мэдээ
“LRT бол зөв төсөл, олон нийтэд сайн тайлбарлан таниулах хэрэгтэй” гэв
Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар оролцож, түгжрэлтэй холбоотой хэрэгжиж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан. Хэлэлцүүлэгт мөн нийслэлийн 204 хорооны Засаг дарга оролцон, санал бодлоо солилцов.

Өнөөгийн байдлаар нийслэлийн түгжрэлийг бууруулахад хамгийн ихээр нөлөө үзүүлэх гол ажил бол нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах LRT төсөл. Түүнээс гадна нийслэлийн хэмжээний түгжрэлийг шийдвэрлэхийн тулд дүүрэг, хороо ч мөн дотооддоо тулгарч буй асуудлаа хэлэлцэж, холбогдох алба, газруудад хэрэгжүүлэх ажлын санал, хүсэлтээ хүргэснээр тухайн ажил цаашдын төлөвлөгөөнд тусгагдаж, хэрэгжих боломжтой болно. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засаг дарга нар хороондоо тулгарч буй асуудал, нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд хорооны хэмжээнд авч болох арга хэмжээний талаар санал хэлж байлаа.
Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны Засаг дарга П.Дэлгэрдалай "Түгжрэл бууруулах LRT төслийг дэмжиж байгаа. Улаанбаатар хотын төвд төвлөрөл ихтэй байгаа нь түгжрэлд нөлөөлж байгаагаас гадна Баянзүрх дүүргийн хувьд зүүн тийш тэлж байгаа учраас хөнгөн галт тэрэгний шугамыг хотын зах руу уртасгаасай гэж хүсэж байна" гэв.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн "Автобус хоорондын хугацаа урт, автобус хүйтэн, бас эвдрэлтэй байдаг учраас хотын алслагдсан хороодын иргэд ажил, гэртээ ирж очиход хүндрэлтэй байна. Тиймээс Баянзүрх дүүргийн 14 болон 20 дугаар хороо зэрэг алслагдсан хороод руу хөнгөн галт тэрэг явуулдаггүй юмаа гэхэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хоорондын зорчих цагийг ойртуулж, автобусны буудлуудыг сайжруулах хэрэгтэй" гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж "Асуудлыг илүү том зургаар хармаар байна. Улаанбаатар хот бол хөгжиж буй улсын нийслэл. Орон сууцууд тийм ч өндөр биш байгаа энэ байдлыг ашиглаад, гүүрэн замуудыг яаралтай хийж, дэд бүтцүүдээ сайжруулах хэрэгтэй. LRT бол зөв төсөл, тиймээс иймэрхүү төслөө иргэд, олон нийтэд сайн тайлбарлан таниулах нь зүйтэй" гэсэн юм.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
