Шударга мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ирэх хоёр жилд аялал жуулчлалын салбарыг онцгойлон дэмжинэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 120 гаруй компанийн төлөөлөлтэй өглөөний уулзалт зохион байгууллаа.
2021 оны хоёрдугаар сард аялал жуулчлалын салбарынхантай Ерөнхий сайд анх уулзаж байсан. Үүнээс нэг жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс гамшгаас хамгаалах бэлэн байдлаа цуцлан шар түвшинд шилжиж олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй болсноо зарлах үед “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, аялал жуулчлалын салбарыг сэргээх тэргүүлэх бодлогын талаар түлхүү ярилцаж байв.

Харин өнөөдрийн уулзалт шийдэл ярьснаараа онцлог байлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёр жилд Монгол Улс төдийгүй дэлхий дахинд амаргүй сорилтууд тулгарч, эдийн засгийн хүндхэн цаг үеийг туулж байгааг онцлоод хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах хүрээнд тэргүүлэх чиглэлийн нэг болох аялал жуулчлалын салбарт Засгийн газраас ирэх хоёр жилд онцгой анхаарахаа илэрхийллээ. Мөн аялал жуулчлалын салбарт төрөөс хэрэгжүүлж буй ажлууд, бодит нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, хэтийн төлвийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зогсонги байдалд орж, орлого нь огцом буурч бодит хохирол амссанаас аялал жуулчлалын салбарт төр, засгийн дэмжлэг нэн шаардлагатай болсныг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байлаа. Монголын аялал жуулчлалын салбар дулааны улиралд сэргэдэг онцлогтой. Энэ удаад Засгийн газрын гишүүд тодорхой үр дүн, шийдэл гаргахаар уулзаж байгаад аж ахуйн нэгжүүд ч талархаж буйгаа илэрхийлж байв.

2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ий 7.2 хувьтай тэнцэх мөнгөн урсгал эргэлдэж байсан энэ салбар хоёр жил гацсанаар зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хэмжээнд салбарын орлого 70 гаруй хувиар унасан. Одоо л сэргэх хандлага ажиглагдаж буй. Тиймээс өмнөх уулзалтуудын үр дүн, төрөөс шийдвэрлэсэн болон ойрын үед шийдвэрлэж болох асуудлын талаар талууд илэн далангүй ярилцав.

Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн болон бусад төрлийн татвараас болж компаниудын дансыг хааж байгаа нь орлого олоход хүндрэл үүсгэж байгаа, НДШ-ийн 2020, 2021 онуудад төлөгдөөгүй хуримтлагдсан өр төлбөрийн хугацааг хойшлуулж өгөх, агаарын тээврийн үнэ тариф, тэр дундаа “МИАТ” компанийн Европын орнууд руу холбодог гол нислэг болох Франкфурт чиглэлийн үнэ тариф хэт өндөр, суудал олдохгүй байгааг төрөөс зохицуулж өгөхийг хүслээ. Мөн орон нутгийн нислэг үйлдэж байгаа “Хүннү эйр” компани гэхэд одоо болтол нислэгийн хуваариа танилцуулахгүй байгаа нь жуулчдад мэдээлэл өгөхөд хүндрэл үүсгэж байгааг шийдэх, цахим виз олголт удаж, гацах, хугацаа алдах зэрэг хүндрэл үүсэж байгаа, аялал жуулчлал, зочид буудлуудтай харилцдаг хот, дүүргийн татвар, нийгмийн даатгал, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын хүнд суртал, эс үйлдэхүй, дарамт их байдаг зэрэг олон асуудлыг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл жишээ баримттай ярьж, зарим асуудлыг газар дээр нь шууд шийдвэрлэлээ.

Засгийн газрын энэ оны 04-р сарын О6-ны өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлд аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдэд зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, НДШ-ийн болон газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр, төлбөр төлөх хугацааг хойшлуулах, агаарын тээврийг либералчлах арга хэмжээг хурдасгах, чөлөөт өрсөлдөөн бий болгох, орон нутгийн нисэх буудлуудыг үе шаттай олон улсын 4С, 4D ангиллын нисэх буудал болгож агаарын боомтыг олон улсад нээх, богино зайн нислэг үйлдэх нөхцөл бүрдүүлэх, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын жуулчдын автомашинтай аяллыг дэмжих зэргийг зохих журмын дагуу судалж, шийдвэрлэхээр болсонд Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн талархаж буйгаа энэ үеэр хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногоос эхлэн Засгийн газрын хурал бүрийн эхний нэг цагийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон аялал жуулчлалын салбарын асуудалд зориулахаар болсныг дуулгалаа. Мөн тэрбээр, “Аялал жуулчлал бол салангид ганц салбар биш. Соёл, гадаад харилцаа, цаашилбал замын цагдаа, нийслэлийн түгжрэл, хөдөөгийн зам, ТҮЦ-ийн болон “Нарантуул”-ын худалдаа эрхлэгчид хүртэл энэ салбарт хамаатай. Олон хүнд өгөөж нь очдог экспортын салбар. Энэ салбар өнгөрсөн хоёр жил хэвтэрт орсон. Ирэх хоёр жилд Засгийн газар бүх чадлаараа дэмжээд босгож ирнэ. Татвартай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж байгааг болиулж, ирэх долоо хоногт багтаан Сангийн яам хаалттай байгаа бүх дансыг он дуустал үе шаттай шийдвэрлэнэ. Франкфуртын нислэгийн тухайд МИАТ энэ жил алдагдлаа хоёрдугаарт тавиад нислэгийн тоог нь нэмэгдүүлж, тасалбарын үнийг буулгах асуудлыг ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. НӨАТ-ын систем, татварын урамшууллын тухайд Монголоос гарах үед нь гадаадын жуулчдад тодорхой хувийн буцаан олголт өгдөг болох асуудлыг Сангийн яам судалж үзэхээр боллоо. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад 500 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зөрүүнд төрөөс татаас өгөх, жуулчдад “Ковид-19”-ын шинжилгээ, вакцинжуулалт хийх тусгай үйлчилгээг нийслэлийн 4-5 том эмнэлэгт нэгдсэн байдлаар зохион байгуулах бүрэн боломжтой.” гэлээ. Дэлхий дахинд аялал жуулчлалын салбар сэргэх хандлагатай болсон энэ цаг үед Монгол Улсын хувьд ч төр, хувийн хэвшил хамтраад энэ салбараа босгож ирэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үгийнхээ төгсгөлд онцоллоо.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2022/07/21
Олимпын гүүрэн доогуурх буцах эргэлтийн замыг түр хаана
-
Цаг үе2021/01/07
Д.Наранзул: Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, өөрийгөө тусгаарлан 1...
-
Цаг үе2025/07/08
Төрийн банк ногоон орон сууцны зээлийг зах зээлд нэвтрүүллээ
-
Улстөр нийгэм2021/03/03
Монгол ардын намын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо
