Улстөр нийгэм
Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн талаар ярилцаж, санал солилцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ-ын удирдлагууд, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөллийн уулзалт 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр болж, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар ярилцлаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Меэр Биш, Швейцарын хөгжлийн агентлагийн Азийн салбарын хөтөлбөрийн менежер Сузанна Амслер болон албаны бусад хүмүүс оролцов.
Швейцарын хөгжлийн агентлаг нь “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2016 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн 2-р шатанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь”, УИХ-ын Тамгын газартай хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” гэсэн харилцан уялдаатай гурван дэд төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Уулзалтаар талууд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явц, үр дүн, анхаарах асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар Монгол Улсад ардчилсан ёс, эрх зүйт төр, парламентын ардчиллыг төлөвшүүлэх үйл хэрэгт Швейцарын хөгжлийн агентлаг үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Тэрбээр, “Швейцарын хөгжлийн агентлаг нь Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2016-2021 онд хэрэгжсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэхэд техникийн дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлье.
Төслийн 2-р шатанд хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд УИХ-ын хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих, Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зэрэг олон чиглэлээр, үр дүнтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Швейцар, Монголын парламентын Тамгын газрууд хооронд үр ашигтай, идэвхтэй хамтын ажиллагаа өрнөж эхэлсэн нь чухал юм гэв.
Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Меэр Биш, Швейцарын хөгжлийн агентлагийн Азийн салбарын хөтөлбөрийн менежер Сузанна Амслер нар УИХ-ын Тамгын газарт хэрэгжиж буй төсөл гэрээний дагуу, амжилттай өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, төсөл хэрэгжих хугацаанд Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, засаглал, чадавхыг сайжруулах бидний хамтын зорилго бүрэн биелж, чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.