Шударга мэдээ
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх “Нээлттэй сонсгол”-ыг зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 14-ний өдөр сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон БОАЖЯ, ЭХЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.

УИХ-ын даргын 2017 оны 212 дугаар захирамж, 2019 оны 81 дүгээр захирамжаар тус тус агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, УИХ болон Засгийн газраас гаргасан холбогдох тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдсан.
Ажлын хэсгийн гишүүд болон УИХ-ын дарга өнгөрөгч амралтын өдрүүдээр гэр хорооллын айл өрхүүдээр орж сайжруулсан түлшний хэрэглээтэй танилцсанаас гадна мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонсож ажилласан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа ч иргэдийг мэдээллээр хангах ажил дутмаг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа зөрүүтэй мэдээллээс болж иргэд айдас, эргэлзээ, болгоомжлолтой байгаа нь ажиглагдсан. Утаа, агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байна. Гэхдээ хүний амь нас эрсдэх ёсгүй. Энэ ажилд төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх нийтийн хамтын хүчин чармайлт чухал байгааг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.
УИХ-ын гишүүдийг айл өрхүүдэд очиж танилцах үеэр ажиглагдсан нийтлэг асуудлуудын талаар гишүүд ярилаа. Тухайлбал, шөнөдөө -5-аас -15 градуст хүрч байхад агаарын бохирдол харьцангуй багассан. Сайжруулсан түлшийг зөв хэрэглэж чадвал утаанаас салах боломжтой юм байна. Түүхий нүүрсээ буцааж хэрэглэхийг зөвшөөрч болохгүй. Гэхдээ хамгийн чухал нь түлшний шуудайн дээр хэрхэн хэрэглэх танилцуулга зөвлөмжийг бичиж хүргэх, янданг хөөлөх, зууханд тохиргоо, засвар хийх зэрэгт анхаарах шаардлагатай байгаа аж. Гэртэй, төслийн зуухтай айлуудад хүндрэл харьцангуй бага, харин ханан пийшинд асалт муутай байгааг иргэд хэлсэн байна. Мөн сайжруулсан түлшний шуудайг ширхэгийг нь 5000 төгрөгөөр худалдан авч, түүхий нүүрс савлан худалдах зөрчил гарах хандлагатай байгааг ч иргэд сонордуулжээ.
Иргэд угаартсан байдалтайгаар эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаатай холбоотойгоор сайжруулсан түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ, Япон Улсын химийн лабораториудад тус тус хүргүүлсэн бөгөөд эхнээсээ хүний эрүүл мэндэд хортой бодис илрээгүй дүгнэлт гарсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ талаар мэдээлэл хийв.

Тэрбээр, “Энэ сарын 03-наас 14-нийг хүртэлх хугацаанд 273 иргэн угаартаж, хордсон гэсэн дуудлагыг эрүүл мэндийн байгууллагад өгснөөс 120 хүүхэд, 173 том хүн байсан. Насанд хүрсэн 22 хүн, 7 хүүхэд эмнэлэгт хэвтсэн. Бусад нь гэрээр эмчилгээгээ хийсэн. Одоогоор 7 хүний амь нас эрсэдсэнээс 2 нь хүүхэд байсан. Шалтгааныг нарийн тодорхойлж, дахин хүний амь нас эрсдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөний дагуу шат дараалан хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, сайжруулсан түлшний хомсдол үүсгэхгүй байх, хэрэглээний заавар зөвлөмжийг иргэдэд өгөх, түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх, түүхий нүүрсийг түлшээр солих асуудлыг шийдэх, сайжруулсан түлш худалдан авах чадваргүй зорилтот бүлгийн өрхийн асуудлыг шийдэх, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх дохиолол тавих, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх зэрэг ажлуудыг хийж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 1561 обьектын зуухыг буулгаж, сайжруулсан түлшээр хангах ажлыг хийсэн. Эхнээсээ тодорхой үр дүн гарч байна” гээд нийслэлийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэл хийв.
Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын шийдвэр 19 сарын өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Үүнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, мод, модон материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгаж байгаа. Цаашид хэрэглээ нэмэгдэх тул одоогийн тооцоогоор 23 тэрбум шаардлагатай байгааг УИХ-ын гишүүд анхааралдаа авна уу гэлээ.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан нь утааг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа. Улаанбаатар хотын гэр хороололд нийт 202 мянган өрх бий. Гэрийн, байшингийн, зуухны стандарт жигд биш учраас нийтлэг арга хэмжээ авахад хүндрэлтэй. Олон улсын байгууллагаас нэгдсэн стандарттай болох шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн. Иргэд гэр, сууцны дулаалгаа сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед дугуй, пластик материал түлэх байдал эрс буурсан гэлээ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Айдас болгоомжлолоос болж найман айлын 2 нь түлшээ хэрэглэхгүй байгаа нь өнгөрсөн амралтын өдрүүдээр айлуудаар явахад ажиглагдсан. Иргэдийн дунд “хортой түлш” гэсэн ташаа мэдээлэл түгсэн байна. Сайжруулсан түлшинд хортой зүйл байхгүй гэдгийг хэллээ.
Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж мэдээлэхдээ, “Аравдугаар сарын 04-14-ний өдрийн хооронд угаартсан байж болзошгүй гэсэн нийт 171 дуудлага ирснээс 49 нь холбогдолгүй дуудлага байсан. Үлдсэн 122 дуудлага мэдээлэлд хамрагдсан 320 хүн угаартсан байж болзошгүй гэж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 7 хүн нас барсан, хордлогын шинжтэй 313 хүн байна. 122 дуудлагын 5 тохиолдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 117 тохиолдолд нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Амь хохирогчдоос эд, эсийн шинжилгээ авсан. Шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна” гэлээ.
Сүүлийн гурван жилд угаартаж амь насаа алдсан тохиолдлын статистикийг дурдахад улсын хэмжээнд 2016 онд 9 тохиолдол бүртгэгдэж 14 хүн нас барсан, 2017 онд 15 тохиолдол гарч 10 хүн нас барсан, 2018 онд 10 тохиолдол гарснаас 12 хүн нас баржээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар албаны хүмүүсийн мэдээллийг сонссоны дараа “Улаанбаатар хот хамгийн хүйтэн нийслэл. Гэр хороолол ихтэй учраас өөрийн гэсэн онцлог шийдэл хэрэгтэй. Сайн технологи, шилдэг шийдлийн олон хувилбарыг зэрэгцүүлж хэрэгжүүлэх нь үр дүнд хүрэх магадлалтай. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Цаашид нэг ч хүний амь хохирох ёсгүй” хэмээн онцлов.

Тэрбээр, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, Засгийн газарт дараах чиглэлийг өгсөн юм. Үүнд,
- Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, зохих хяналтыг тавих чиг үүрэг бүхий улс төрөөс хараат бус төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчид, иргэдийн төлөөллийг оролцуулсан Ажлын алба байгуулж, ажиллуулах,
- Агаарын бохирдол болон сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх,
- Амны хаалт, агаар шүүгч, цэвэршүүлэгч, агаарын бохирдлыг хянах төхөөрөмжийн стандартыг хангах,
- Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ялах нь” нэртэй судалгаанаас гаргасан зөвлөмжийг судлан үзэж, богино болон урт хугацааны бодлогын арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлэх. Тухайлбал, судалгааны дүгнэлтэд тусгагдсан түүхий нүүрснээс татгалзаж, цэвэр нүүрсний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулах, цахилгаан зуух, халаалтыг дэмжих, орон сууцжуулах зэрэг урт хугацааны бодлогоо орхигдуулалгүй хэрэгжүүлэх,
- Дагуул хотыг бий болгох, хотыг дахин төлөвлөх асуудлыг хойшлуулалгүй шийдэх зэрэг ажлыг зохион байгуулахыг даалгалаа.
Дээрх ажлуудад хяналт тавьж ажиллахыг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахлагчтай Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт даалгаж, ирэх сард “Нээлттэй сонсгол” зохион байгуулахыг үүрэг болгов.
Шударга мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.
Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
-
Улстөр нийгэм2025/09/04
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна
-
Улстөр нийгэм2020/11/17
Сайн дурын шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авна
-
Үзэл бодол2019/07/31
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 9-р ээлжинд нэмэлт захиалга авна
-
Шударга мэдээ2026/03/30
Н.Учрал: Төр хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байхыг баримталж, эрүү...
