Шударга мэдээ
БШУЯ: Төсвөө зарцуулах эрхийг нь цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарт олгож байна
Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн уулзалт Баянхонгор аймагт үргэлжилж байна. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, хувьсах зардал, цалин хөлсний шинэчлэлийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгөв.
Хувьсах зардалд багтаж буй сургалтын үйл ажиллагааны зардлын зориулалтад:
-Багш нарын бичгийн хэрэгсэл
-Биет болон зурагт үзүүлэн
-Тараах материал хийх бэлдэц
-Цахим хэрэглэгдэхүүн
-Ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн хэрэглэгдэхүүн
-Хичээл болон лабораторийн жижиг багаж, хэрэгсэл багтаж байгаа юм.
Багш, удирдлагууд хичээл практикийн зардлыг жилд хоёр удаа төлөвлөнө. Төлөвлөлтөөс хуваарилах, зарцуулах, хянах гэсэн зарчмаар зардлыг зориулалтын дагуу ашиглана. Багш нарын хувьд өөрт шаардлагатай материал, хэрэглэгдэхүүний жагсаалтаа гаргаж өгөх юм. Хувьсах зардлын хүрээнд цахим хэрэглээний зардлыг багш, удирдлагуудад олгож байгаа. Тодруулбал, багш нарт цахим хэрэглээний зардал болох сар бүрийн дата багцын санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.
Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн багш, удирдлагуудад төсөв зарцуулах эрхийг бүрэн шилжүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд хувьсах зардлыг зарцуулах эрхийг олгоод байна.
Боловсрол, шинжлэх ухааны дэд тус аймагт ажиллах үеэрээ Политехникийн коллеж, Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрдэм цогцолбороор орлоо.
Политехникийн коллежийн тухайд 800 гаруй оюутантай, 100 багштай. Коллежийн удирдлагуудын зүгээс хөдөө аж ахуйн чиглэлээрх мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ шаардлага байгааг хэлсэн. Энэ чиглэлийн боловсон хүчнийг ХААИС-тай хамтран бэлтгэх чиглэлийг судалж ажиллахаар боллоо.
Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүйд хүрчээ. Харин аймгийн удирдлагуудын зүгээс шинэ суурьшлын бүсэд газрын асуудлыг шийдвэрлэж өгөөд байгаа юм. Дэд сайд зургаан сургуулийн хамтралын хүрээнд сургуулийнхаа хөтөлбөрийг нэмэгдүүлж, оюутан элсүүлэх нь чухал байгааг дурдлаа. Тус сургууль өнөөдрийн байдлаар 54 оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2025/10/20
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ...
-
Улстөр нийгэм2023/09/26
Ерөнхий сайд зүүн аймгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэм...
-
Улстөр нийгэм2023/08/23
Үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлжээ
-
Цаг үе2024/08/26
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх ...
