Улстөр нийгэм
Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургаадугаар сарын 15-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзсан. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
Тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болголоо. Мөн
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчин, эмгэгийг өндөр хөгжилтэй орны эмчилгээний багтай хамтран эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг судалж, яаралтай хагалгаанд орох хүүхдийн асуудлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан нэн тэргүүнд шийдвэрлэх, эмчилгээний арга технологийг нутагшуулах замаар эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах,
Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, сэргээн засахад шаардлагатай хүний нөөц, оношилгооны лаборатори, тоног төхөөрөмж, эм хэрэгслийн тооцоо судалгааг гаргаж, хөрөнгийг шийдвэрлэх,
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч хөдөлмөр эрхлээгүй байгаа эцэг эсхүл эх, хууль ёсны асран хамгаалагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцах талаар тооцоо судалгаа хийж, холбогдох хуульд тусган батлуулах, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажилладаг эмнэлгийн мэргэжилтэнд олгох цалин, урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх,
Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртлэх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эх эсхүл эцэг, хууль ёсны асран хамгаалагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, улсын төсвөөс төлөх талаар холбогдох хуульд тусган, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
Нийгмийн халамжийн тэтгэврийг 288 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийх, 2023 оны төсөвт тусгах шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх,
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах, тэдний хэрэгцээнд нийцүүлэн суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг, тохируулгын тогтолцоог хөгжүүлэх,
Тархины саажилт, уналт таталттай, оюун ухааны болон тулгуур эрхтний зэрэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх боловсролын болон дэмжих цогц үйлчилгээг нэвтрүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжилтийг хангах,
Боловсролын сургалтын байгууллагын гадна, дотно орчныг хөгжлийн бэрхшээлтэй суралцагч сурах нөхцөлөөр бүрэн хангах зэрэг салбар бүрт цогц арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр тус хуралдаанаас шийдвэрлэлээ.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Цаг үе2026/03/13
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч...
-
Үзэл бодол2023/08/03
Б.Гансүх: Би өөрийгөө “Ми-8” онгоцны гурван ослоос амьд үлдсэн гэж б...
-
Шударга мэдээ2021/09/06
Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцад ЭМД ямар хөнгөлөлт үзүүлдэг в...
-
Улстөр нийгэм2025/01/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
