Улстөр нийгэм
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг өргөн мэдүүллээ

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн танилцуулга
Танилцуулгад улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагч болон нийслэл, дүүргүүд, 21 аймгийн 4,674 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан болно.
Төсөв, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд 2021 онд:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 онд 14,306.4 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2,919.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
- Төсвийн тогтворжуулалтын санд 627.9 тэрбум, Ирээдүйн өв санд 967.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна.
- Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал 2021 онд хүнд хэвээр үргэлжилсэн хэдий ч бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлогын арга хэмжээ авч, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 оноос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувь хүрсэн.
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор “Сенчири” бондыг арилжаалж, Чингис болон Гэрэгэ бондын зарим хэсэг болох нийт 944.5 сая ам.доллар буюу 2,647.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулсан
- Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 онд 16.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 25.1 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оноос 5.1 хувиар өссөн байна.
Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай
Монгол Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-д 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын 1976 оны конвенц болон түүний 1981 оны протоколд 2011 онд нэгдэн орсон.
Конвенцийн гол зорилго нь хөдөлгөөнт хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын технологийг ашиглан далайн тээврийн хөлөг онгоцны байршлыг хянах, осол болон гамшгийн үед хүний аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд тэдэнд дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, тус байгууллагын зүгээс хөлөг онгоц түүний багийн гишүүд, зорчигчидтой эргийн хяналтын холбоо барих, мэдээлэл солилцох боломжийг сайжруулахад чиглэдэг.
Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллага нь 1994 оны Ассемблейн хурлаараа байгууллагынхаа нэрийг солихоор шийдвэрлэж, “Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллага” гэсэн нэрийг ашиглахаар болсон.
Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын Ассамблейн 2008 оны 20 дугаар хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталж, 2008 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс мөрдүүлэхээр тогтсон бөгөөд одоогийн байдлаар эх конвенцид нийт 104 улс нэгдэн орж, 2008 онд конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 27 улс хүлээн зөвшөөрөөд байна.
Уг конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр конвенцийн ерөнхий нэр томьёо, тус байгууллагын бүтэц, эрх зүйн байдал, үйл ажиллагаанд орсон дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгасан 22 зүйлээс бүрдсэн байна:
- ОУДБ-аас хөлөг онгоцны байршил тогтоох, алсын зайнаас хянах системийг бий болгосон бөгөөд Далайн аюулгүй байдлын хороог уг системийн зохицуулагчаар томилсон тухай;
- ОУДБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд нь далайн хөдөлгөөнт хиймэл дагуулын холбооны үйлчилгээг холбогдох гэрээний үндсэн дээр үзүүлэх тухай;
- Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхийн нийтийн системийн хүрээнд далайн аюулгүй байдлын харилцаа холбоог хангах боломжтой гар утасны хиймэл дагуулын холбооны системийг үнэлэх, шалгах шалгуурыг тодорхойлсон.
Мөн энэ нэмэлт, өөрчлөлтөөр Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системээс тавих хяналтыг сайжруулах, хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенцийн 5 дугаар бүлэгт заасан хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах системийн талаарх холбогдох заалтуудыг тусгасан.
Түүнчлэн осол болон гамшгийн үеийн холбооны тоног төхөөрөмжүүд, хөдөлгөөнт хиймэл дагуулын системийг далайн холбоо харилцаанд ашиглахдаа Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системийн радио холбооны тодорхой шаардлагуудад нийцүүлэх зэрэг шаардлагуудыг нэмсэн.
Уг конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төсөлтэй холбогдуулан шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль байхгүй бөгөөд улсын төсвөөс ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй болно.
Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх, ОУДБ-ын аудитын зөвлөмжийг биелүүлэх, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах, алсын зайнаас илрүүлэх, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах ач холбогдолтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Орон сууцны үнэ өссөн байна
Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
-
Улстөр нийгэм2020/03/26
Монгол-Хятад хоёр улс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд хамтран ажиллахад бэлэ...
-
Шударга мэдээ2025/01/06
Туулын хурдны замын тендерийг нэгдүгээр сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдү...
-
Цаг үе2023/12/13
“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хя...
-
Шударга мэдээ2021/02/22
ХЭҮК цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт...