Улстөр нийгэм
Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Тухайлбал, Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжаар баталсан хийх ажлын жагсаалтыг холбогдох байгууллагууд заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.

Цагийн үеийн асуудлын хүрээнд
- Нийслэлийн 2022 оны төсвийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн “Цахим шилжилт”-ийн нэгдсэн төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд дүүрэг, агентлаг, харьяа байгууллагууд саналаа өгч, тэдгээр саналыг нэгтгэн боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.
- Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/851 дүгээр захирамжаар Хотын стандартыг мөрдүүлэх бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хотын стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг сайтар зохион байгуулж ажиллах.
- 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг, төсөв, ажлын даалгавар, боловсруулахдаа хотын стандартын хэм хэмжээг тусгах, мөрдүүлж ажиллах.
- Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавих ажлаа эрчимжүүлж ажиллах.
- Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
- Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах.
- Нийслэлийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, тохижилтод анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах.
Баяр наадмын бэлтгэл хангах ажлын хүрээнд
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартын дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.
- Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах
- Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах
- Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.
- Баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах /Гаднын орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах/
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах.
- Хүүхдүүдийг болзошгүй үер, гол усны осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх
- Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулахыг тус тус үүрэг болгов.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Үзэл бодол2019/10/11
Гоо сайхны СУПЕР САЛОН-Tenger Bella Beauty
-
Цаг үе2024/05/08
Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүй...
-
Цаг үе2024/06/10
Сэлбэ гол үерийн түвшинг даван үерлэсэн хэвээр байна
-
Улстөр нийгэм2020/12/23
Нийтийн тээврийн үйлчилгээнд автотээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавин...
