Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Гурван дүүрэг дамнасан цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Огноо:

,

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичигт нийцүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ төсөл нь “Баруун терминал”-ын цогцолбор, 5.5 км урттай Туул гол дамнасан гүүр бүхий эко өргөн чөлөө-авто зам, Ард түмний цэцэрлэгт хүрээлэн зэрэг гурван үндсэн төслөөс бүрдэнэ.

Улаанбаатар хотыг баруун зүгт тэлж хөгжүүлэх энэхүү төсөл нийтдээ 10 мянга гаруй га талбайг эзлэх бөгөөд нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийг дамнан хэрэгжих юм. Нийслэл хотын барилгажсан талбар 1990 га орчим талбайг эзэлдэг учраас нягтрал, түгжрэл их байдаг. Тиймээс ч  “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх нь ач холбогдол өндөртэйг холбогдох мэргэжилтнүүд тодотгож байна. Төсөл хэрэгжүүлэх талбарт хөнгөн хийцтэй барилга байгууламж, үйлдвэрүүд оршдог юм.

Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан өчигдөр дээрх төслийн хүрээнд байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн газарт ажилласнаас гадна Драгоны уулзвараас Нүхтийн уулзвар хүртэл барих босоо тэнхлэгийн замын трасстай танилцлаа. Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэлийн дүүрэг бүрд бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, ард иргэдийн ая тухыг хангасан цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарих хөдөлгөөнийг НҮБ-ын чуулган дээр зарласан. Үндэсний хэмжээний энэхүү бодлогын шийдлийн хүрээнд ногоон байгууламжийг цогц байдлаар шийднэ. Зөвхөн энэ талбарт гэхэд эхний ээлжид 30 га, дараа нь 70 га, нийтдээ 100 орчим га талбайд ногоон байгууламж бүхий Ард түмний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэд чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх боломжийг олгоно. “Эртэч Монгол” хөдөлгөөний хэрэгжилтэд ч нөлөөлөх цэцэрлэгт хүрээлэнг бий болгохоор санаачилга гараад байгааг дурдах нь зүйтэй болов уу. Ногоон байгууламжийн мэргэжилтэн, дендрелогич нар хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох санал гаргаж байгаад талархаж байгаагийн сацуу цаашид ч хувийн хэвшлийнхний санаачилга нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хот бодлогын хэмжээнд бүрэн дүүрэн дэмжиж байгааг хэлье. Улаанбаатар хотын ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байна. “Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г удахгүй Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ. Хотын дараагийн 30 жилийн төлөвлөгөөний алдаа, оноог хэлэлцүүлж батлуулах их ажил биднийг хүлээж байна.

Нийслэлийн баруун бүс болох Яармаг, Нисэх, Сонсголон, Гурвалжингийн гүүрнээс баруун тийш Өнөр бүс, Өнөр хорооллын арын дэнж, 22-ын товчооноос эргээд Сонгинохайрхан уулын бэлийг багтаасан 10 мянга гаруй га талбарт нийт 800 мянгаас нэг сая хүн амьдран суух хотын төлөвлөлтийг хийсэн. Энэхүү хотод хонгилын системийг байгуулахаас аргагүй. Урин дулааны улирал ирэхээр шугам сүлжээ засварлах гэж халуун ус тасаллаа, барьж байгуулсан замаа сэтэллээ хэмээн шүүмжилдэг. Тиймээс ирэх 30 жилийн төлөвлөлтийг шинжлэх ухаанч байдлаар төлөвлөж байгаа. Өнөөдрийн хувьд бид тэрхүү шинэ хотын тохижилтын хамгийн түрүүнд хийгдэх босоо чиглэлийн авто замын трассыг үзэж байна. Түгжрэл бууруулж, төвлөрөл сааруулахад онцгой нөлөөтэй энэхүү зам бол хөгжлийн зам байх юм. Яармаг орчмын  түгжрэлийг бууруулахын дээр автобусны том терминал байгуулахад дөхөм болох зам. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг дэмжиж, өргөн хүрээгээр оролцуулах бодлогыг бид барьж байна. Энэ бодлогод ч нийцсэн нэгэн сайхан бүтээн байгуулалтыг хийнэ гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.

Шинээр барьж байгуулах 5.5 км авто замын трасст аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг аль болох хөндөхгүй байх талбарыг сонгосны дээр хувийн хэвшлийн санаачилгаар баригдах аж. “Драгон холдинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Баярт:

-Улаанбаатар хотод орхигдсон сул газрууд багагүй бий. Тэрхүү сул газруудыг дахин төлөвлөж, бүтээн байгуулалт хийх нь хамгийн оновчтой гэж үздэг. Ялангуяа ТЭЦ-3, ТЭЦ-4 орчмын энэхүү газар нь эрчим хүчний эх үүсвэртэйгээ ойрхон хамгийн үнэ цэнтэй газруудын нэг. Тэгсэн хэр нь дэд бүтцийн дутагдалтай хоцрогдож үлдсэн. Тиймээс хотын төвийн төвлөрлийг задалж, Яармаг, Нисэх чиглэлийн авто замын ачааллыг бууруулах үүднээс босоо тэнхлэгийн зам барих санаачилгыг манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн гарц нь энэхүү босоо тэнхлэгийн авто зам гэж харж байгаа. Яармагийн Нүхтийн уулзвараас Геологийн төв лаборатори хүртэлх 5.5 км авто замын трассыг зураад байна. Энэ орчныг Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэдийн амарч зугаалдаг, ая тухыг хангасан цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн санаачилгыг мөн дэвшүүлж буй юм. Бидний хүсэлтийг хүлээн авч, хотын удирдлагууд уулзалт хийж байгаад талархаж байна гэлээ.

Гурван дүүрэг дамнан 600 га гаруй талбайг эзлэн байгуулах “Ард түмний цэцэрлэгт хүрээлэн” нь 10 хэсэгтэй байх бөгөөд эхний ээлжид 35.38 га талбайг тохижуулахаар төсөлд тусгажээ. Хэсэг тус бүр ландшафт архитектурын шинэлэг шийдэлтэй байх гэнэ. “Баруун терминал”-ын цогцолборын хувьд Драгон төвийн нэг өдөрт үйлчилж буй 10-50 мянган хэрэглэгчийн тоо 50 мянгад хүрч нэмэгдэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох